Багануур ХК-нийн ажилчид “Эрдэнэс Монгол”-ын хууль бус томилгоог эсэргүүцэв

5-810x500

“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдаж Багануур ХК-нийг энэ оны эхний хагас жилд ашиггүй ажилласан гэх үндэслэлээр тус компанийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг ажилчдад нь эсэргүүцэж  “Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогтод шаардлага хүргүүлэв. 


“Эрдэнэс Монгол” компаниас энэ сарын 8,9-ний өдрүүдэд яаралтай горимоор ТУЗ-ийн хурал зарлаж Багануур ХК-нийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал,  “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс Багануур ХК-ний энэ оны хагас жилийн тайланг хэлэлцэнэ гэх нэрээр ТУЗ -ийг цахимаар хуралдуулж  Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж шинээр Т.Отгонболд гэх хүнийг гүйцэтгэх захиралаар томилсон байна. Багануур ХК-ний ажилчдын хувьд тус томилгоо нь хууль бус, 2025 оны эхний хагас жилийн тайланг авч хэлэлцэж дүгнэлт өгөх зорилготой биш харин гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалыг чөлөөлж оронд нь өөрсдийн хүнийг тавих зорилготой гэж  үзэж байгаа аж. Тиймээс “Багануур” ХК-ийн уурхайчин хамт олон “Эрдэнэс Монгол”-ын захирал С.Наранцогт болон ТУЗ-ийн гишүүдэд  дараах шаардлагын хүргүүлэв.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам”-ийн 3, 6, 8 дугаар зүйлийн холбогдох заалт, “Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төлөөлөн Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны болон хороодын журам”-ийн 2.15, 2.17 дахь заалтыг тус тус зөрчин компанид тогтворгүй байдал үүсгэж, хууль бус шийдвэр гаргах замаар Үндэсний их баяр наадамтай зэрэгцүүлэн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлж шинээр гүйцэтгэх захирлыг томилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлж “Багануур” ХК-ийн Төлөөлөн  удирдах Зөвлөлийн 2025 оны долдугаар сарын 8, 9-ний өдрийн 12, 13 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгохыг шаардаж байна”гэжээ.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дээрх хууль бус шийдвэрийг цуцалж, хүчингүй болгох хүртэл хугацаанд “Багануур” ХК-ийн уурхайчин хамт олон  үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаагаа таслалдуулахгүйгээр эсэргүүцлийн тайван жагсаал, цуглаанаас эхлээд ажил хаялт хүртэл бүхий л арга хэмжээг авах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэв.

Тус шаардлагад Багануур ХК-нийн 1200 ажилтнаас 800 гаруй ажилтан гарын үсгээ зуржээ.

Багануур ХК 2025 оны эхний хагас жилийн байдлаар 12,115.2 мян.м3 хөрс хуулан төлөвлөгөөг 113 хувь, 2,374.3 мян.тн нүүрс олборлон 95.8 хувь, 2,397.3 мян.тн нүүрс борлуулан 96.7 хувийн төлөвлөгөөний биелэлттэй ажилласан байна.

Багануур ХК энэ оны эхний хагас жилд 1.8 тэрбум орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Д.Түвшинжаргал 2018-2019 онд Багануур ХК-ийн төлөөлөгч, 2019-2022 онд Тэргүүн дэд захирал, 2022 оны тавдугаар сараас Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ.

About Author