Сурвалжлага: Өв соёлоо сурталчилж, өрхийн орлогоо нэмэгдүүлдэг морь унуулах үйлчилгээ эрэлт ихтэй байна

b31d84ee-1852-454b-b5ac-7e3684c045c1-810x500

Зуны гурван сар миний хийдэг ажил бол морь унуулах. Мэлхий хадны дээр өвөл, зунгүй морь унуулдаг долоон айлын нэг нь манайх хэмээн Горхи-Тэрэлж Мэлхий хаданд аялахаар амрахаар ирсэн хүмүүст морь унуулдаг иргэн Д.Баяраа яриагаа эхлүүлсэн юм.Зуны дэлгэр цагт Мэлхий хад руу аялагчид тасардаггүй.  Гадаад болон дотоодыг аялагчид өөрсдөө морь унахаас гадна хүүхдүүддээ морь унуулж, нэг хэсэг нь зургийн дурсамж татуулж, жуулчид байгалийн сайхныг нүдээр үзэн алхацгаана. Харин эдгээрийн эрэлтэд тулгуурлан “морь унуулах бизнес эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг хэсэг бүлэг хүмүүсийн нэг бол Д.Баяраа юм. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч тэдний хувьд бол энэ бол зүгээр нэг зугаа биш, амьдралынх нь гол эх үүсвэр аж. Түүний хэлснээр “Өмнө нь жуулчид голдуу морь унадаг байсан. Одоо бол монголчууд маань л ихэнхдээ унадаг болсон” хэмээн ярьж байна.

Тэрбээр өдөрт 7-8 морь унуулахаар зэхжээ. Аялагчид аль болох номхон морь унахыг илүүд үздэг байна. Тэрбээр энэ төрлийн үйлчилгээг жилийн дөрвөн улирлын тур ш үзүүлдэг учраас морьд нь номхон бөгөөөд зөөлөн явдөлтай болсон гэдгийг тодотгож байсан юм. Монголчуудын хувьд морь унахадаа эрэмгий, сурмаг байдаг учраас хөтөлж явахыг хүсэхгүй өөрсдөө бие даан унах сонирхолтой байдаг бол гадаадын аялагчдын хувьд хөтлүүлж явах сонирхол их байдаг гэв. Морь унуулахаасаа өмнө аюулгүй байдлын талаар зөвөлгөө өгч, үс гэзгээ боож, гэнэтийн огцом хөдөлгөөн хийхгүй байх талаар сануулдаг байна. Жуулчид сүүлийн жилүүдэд өөрсдийн түрээслэдэг баазууд дээрээ морь бэлдүүлж, морин аялал хийх нь элбэг болсон тул Мэлхий хадны морь унуулдаг айлуудад ирэх нь багасжээ.

Мэлхий хадны морь унах үнэ нь одоогоор:

  • 1 цагийн – 30000 мянга
  • 30 минут – 20000 мянга
  • 5–10 минут – 15000 мянга гэх ханштай байна.

“Мөнгөний ханш унаад байхад хүмүүс үнэ өндөр байна гэдэг. Гэхдээ бид мориндоо нэмэлт тэжээл өгнө, бордоо өгдөг. Гэтэл тэжээл бордооны өмнө жилээс жи лд нэмэгдэж байна. Тиймээс морь унуулахаа хөлсөө бага зэрэг нэмэхээс өөр аргагүй байдалд хүрсэн гэдгэээ учирлаж байна. Өдөрт ойролцоогоор жуулчин ихтэй үед 200-300 мянган төгрөгийн орлого олдог бол цаг агаар тааруу, хөл хөдөлгөөн багатай үед хоосон өнжих тохиолдол ч тэдэнд бий.  Баяр ёслол, амралтын  өдрүүдэд  морь унуулдаг хүмүүсийн орлого харьцангуй сайн байдаг байна.

Биднийг ярилцах зуур ойролцоогоор 10 орчим насны хүүгээ дагуулж ирсэн аав хүүхэддээ 30 минут морь унуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхээс гадна өөрөө аюулгүй байдлыг нь хангуулж хөтлөөд явахаар боллоо. Түүний хүү анх удаагаа морь унаж байгаа гэдгийг тодотгоод бүүрэгнээсээ сайтар барихыг зөвлөв. Морин дээр анх удаа мордсон хүүгийн царайнд эхэндээ бага зэргийн айдас, сандрал байгаа нь илт тодорч байсан бол хэсэг хугацааны дараа морь хүүхэд хоёр хэн хэндээ дассан харагдана лээ. Хүүгээ моринд мордуулан ойр орчимоор тойрох аавын хувьд “Монгол эр хүнийг морьгүйгээр яаж төсөөлөх аргагүй. Хүү төрөхөд хамгийн түрүүнд эмээл төхөөрч, унах морийг нь зүсэлж өгдөг эртний сайхан уламжлал бий. Миний хүүхэд нас яг л тэгж өнгөрсөн. Аав минь бага байхад эмээл төхөөрч, морь зүсэлж өгч байлаа. Бага нас минь морь уралдах, хонь хариулах гээд хүлэг морьтай салшгүй холбоотой өнгөрсөн. Харин нийгмийн өөрчлөлтийг дагаад хөдөөнөөс хотод ирж улмаар гадаадад олон жил ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирээд байна. Хүү минь анх удаа морь унаж байгаа ч сэтгэл хангалуун байгаагаа хэлж байна. Эх оронд минь өв соёлоо сурталчилан таниулсан, өвлүүлж үлдээсэн ийм сайхан үйлчилгээ байгаад баярлаж байна. Гадаадаас хамт ирсэн найзууддаа эх орноо танилцуулаад үргэлжлүүлэн төрсөн нутаг, ахан дүүстээ очно. Тэнд очоод омголон хүлгийн амыг дарж эмээл дээрээ эрэмгий тогтож, эрх чөлөөтэй давхих үе ирнэ байх аа” гэж бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм. Хараа цуцам тал хөндийг хүлгийн зоон дээр хоногтоо туулах нь  Монгол хүний нэг бахархал хойно түүний хүсэл удахгүй биелэх биз ээ.

Ийнхүү үд хэвийх үед морт унах иргэдийн тоо багагүй нэмэгдэв. Цаг агаар тогтуун байгаа тул эрэлт ийнхүү нэмэгджээ. Харин бороо их орвол морьд хальтрах эрсдэл ч нэмэгддэг байна. Ийнхүү морь унуулж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг айл өрхүүдийн хувьд сүүлийн үед Мэлхий хадны морь унуулдаг талбайг “бусдын газар болсон” гэх дарамт шахалттай тулгарч эхэлсэн гэдгийг хэлж байна.  Морь унуулдаг иргэн Д.Баяраагийн хэлснээр “Манай морь унуулдаг нийтийн эзэмшлийн талбайг эрх мэдэлтнүүд хэдэн жилээр нь өмчилж авсан. Зургадугаар сараас хойш ‘та нар энд морь унуулж болохгүй’ гэсэн шахалт дарамт ирэх болсон. Бид нар дүүргийнхээ Засаг даргад энэ талаар уламжилсан. Түр зуур тохиролцож байгаа ч яваандаа энэ газар морь унуулж болохгүй болох байх” хэмээн  ярьсан юм.

Мэлхий хад орчмын байгалийн үзэсгэлэн, морь унах боломж, жуулчлалын урсгал зэргийг харгалзвал морь унуулдаг иргэдийн орлогын эх үүсвэр, амьдралынх нь үндэс тасалдах эрсдэлтэй байгаа нь харагдана. Хэдийгээр тэд өвөл, зунгүй ажиллаж, морьдоо тэжээж, үйлчилгээ үзүүлдэг ч газрын өмчлөл, жуулчдын өөрчлөгдсөн хандлага зэрэг олон хүчин зүйлс тэднийг шахаж эхэлсэн байна. Хэдий сорилт бэрхшээлтэй нүүр тулсан ч өв соёлоо сурталчилж, өрхийн орлогоо нэмэгдүүлдэг морь унуулах үйлчилгээ эрэлт ихтэй байна.

About Author