ЦЕГ С.Баярбилэг : 28 настай Т болон 29 настай С нар нь согтуурсан үедээ иргэний биед халдсан. Хар тамхи хэрэглэсэн эсэх тест авсан

“Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Т, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай С нар бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан гэх асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг хэлэхдээ “Энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Хүүхдийн 100 орчимд бусдад зодуулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу харьяа цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан ажиллаж байна. Шалгалтын явцад 28 настай Т, 29 настай С нар нь иргэн С-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдон, шалгагдаж байна. Олон нийтийн сүлжээнд улстөрд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд байсан гэх мэдээлэл явж байна. Үүнийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхэд журмын дагуу цагдаагийн байгууллагаас тест тавьж ажилласан. Шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
Энэ хэрэгт дээрх хоёр иргэнээс гадна хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа. Хохирогчийн биеийн байдал сайнгүй байна. Камерын бичлэг байгаа бол нотлох баримтын хэмжээнд хурааж аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэв.