Д.Дашзэвэг: Хүүгээ өнөөдөр гадаад улс руу эмчилгээнд явууллаа. Гэмт хэргийн улмаас авсан гэмтэлд маш хүнд хагалгаа, эмчилгээ шаардлагатай

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл болон “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн нар энэ сарын 18-19-ний шилжих шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.С-ын биед бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг гарсан.
Үүнтэй холбогдуулан хохирогчийн аав Д.Дашзэвэг өөрийн цахим хуудаснаа хүүгийнхээ биеийн байдал хэр байгаа талаар ийнхүү бичжээ.
Тэрбээр “Хүүгээ өнөөдөр эмчилгээнд гадаад улс руу явууллаа. Гэмт хэргийн улмаас авсан гэмтэл нь хавсарсан олон хэмхрэлт гэмтлүүдтэй маш хүнд хагалгаа, эмчилгээ шаардлагатай байсан тул ар гэрийн зүгээс хүсэлт гарган гэмтлийн эмнэлгийн эмчлэгч эмч нараас зөвлөгөө зөвшөөрөл авч эмчилгээнд явууллаа.
Хүүг минь хүлээн авч яаралтай тусламж эмчилгээ үзүүлэн эмчилж өгсөн Гэмтлийн эмнэлгийн эрдэмт эмч нартаа талархал илэрхийлье. Мөн энэ хугацаанд миний хүүгийн төлөө санаа зовж залбирч байсан бүх хүнд баярлалаа” гэжээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарт “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч, суллах шийдвэрийг өчигдөр гаргасан.
Энэ шийдвэртэй холбогдуулан хохирогчийн аав Д.Дашзэвэг “Эрх мэдэлтэй, мөнгөтэй нь дээрэлхэнэ. Итгэл найдвар гэж бодож байсан шүүх нь дээрэлхэнэ хөөрхөн үү. Зодуулаад байж л байх уу” хэмээн өчигдөр бичжээ.
Эх Сурвалж:https://ikon.mn