Гол, нуурын усанд шумбах нь хүзүү, нурууны гэмтэл үүсгэх эрсдэлтэйг анхааруулав

60bf2597ea1dd

Урин дулааны улиралд амралт болон аялал зугаалгаар явах үедээ хэн хүнгүй гол, нуурын усанд орох, сэлж шумбах нь олон бий. Харамсалтай нь гол, нуурын ус руу үсэрч шумбах үедээ хүзүү, нурууны гэмтэл авч, амь нас болон эрүүл мэндээ хохироох асуудал сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгааг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс анхаарууллаа.

Хөдөө орон нутгаар амарч, аялж явахдаа энд тэндхийн гол, нуурт үсэрч шумбах нь энэ гэмтлийн гол шалтгаан бөгөөд тухайн усны гүний хэмжээ болон усан доорх газрын тогтцыг шалгахгүйгээр үсрэх, мөн үсрэхдээ буруу техникээр үсэрснээс үүдэн хүзүү, нуруу хүнд гэмтэхэд хүрдэг.

Энэ төрлийн бэртэл нь цаашлаад нурууны үе, нугас бүрэн гэмтэж, улмаар саажилт үүсгэх, насан турш хөгжлийн бэрхшээлтэй болох аюул эрсдэлд хүргэх тул усны түвшин, гүний хэмжээ, газрын тогтоц зэргийг сайн мэдэхгүй гол, нуурын ус руу шумбахдаа болгоомжлох хэрэгтэй байгааг мэргэжлийнхэн сэрэмжлүүлж байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт энэ онд нийт есөн хүн гол, нуурын усанд бэртэж гэмтсэний улмаас тусламж үйлчилгээ авчээ.

Үүнээс гурван хүн ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж, яаралтай мэс засал эмчилгээ хийлгэсэн байна.

Эх Сурвалж:https://ikon.mn

About Author