“Төсвийн төсөлд татвар төлөгчдөөс санал авна”
Засгийн газрын өнөөдрийн /2025.07.30/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар болон Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч эхлэх талаар мэдээлэл өглөө.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Баасандамба:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын явцтай танилцлаа. Төсвийн тухай хуулиар долдугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгож, төрийн байгууллагууд, төсвийн ерөнхийлөн захирагч нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, УИХ-ын гишүүдээс саналыг нь авч нэгтгэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Ингэснээр ирэх оны төсвийн төслийг боловсруулах үйл явцын эхний үе шат өндөрлөлөө гэж хэлж болно. Ийнхүү төсвийн төслийг боловсруулах хоёрдугаар үе шат эхэлж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд иргэдийн оролцоог дэмжих, төсвийн ил тод, нээлттэй шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Засгийн газарт үүрэг өглөө.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай:
-Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд 2026 оны төсөвт иргэдийн оролцоог дээд зэргээр хангасан байхаар зохион байгуулахыг үүрэг чиглэл болголоо. Төсвийн тухай хуульд төсвийн төлөвлөлт, хуваарилалт шат бүр дээр олон нийтийн оролцоог хангах хуулийн заалттай. Сүүлийн жилүүдэд Засгийн газар энэ чиглэлд анхаарч ажиллаж ирсэн. Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар хүний хөгжлийг хамгийн том МЕГА төсөл байхаар зарласан. Төрийн албаны шинэчлэл хийх, төрийн бүтцийг цомхон байхаар, ТӨК-иудыг илүү зохистой засаглалтай болгох, тоог нь цөөрүүлэх зэрэг томоохон бодлогыг дэвшүүлэн ажиллаж байгаа.
Энэ хүрээнд Засгийн газар, яамдуудыг олон нийтээс хоёр үе шаттай санал авах чиглэлийг сайд бүрт үүрэг болгосон. Үүний дагуу Сангийн яам, бусад яамдуудтай хамтран ажиллана.
Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтийн оролцоог дээд зэргээр хангаж, олон нийтийн хэлэлцүүлгийг наймдугаар сарын 01-нээс эхлэн цахимаар хоёр үе шаттай зохион байгуулна.
Сангийн яам наймдугаар сарын 15-нд төсвийн төслийг өргөн барих ёстой. Тэгэхээр энэ хүртэл олон нийтээс тодорхой саналуудыг хүлээн авч, тусгасан байх шаардлагатай. Ийнхүү төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанд өргөн барьсны дараа ирэх есдүгээр сарын 01-нд УИХ-д төсвийг өргөн барих ёстой. Энэ хугацаанд хоёр дахь шатны хэлэлцүүлгийг танхимаар зохион байгуулна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Засгийн газар 2026 оны улсын төсвийг боловсруулахаар ажиллаж байна. Төсөв боловсруулах шатанд олон нийтийг мэдээллээр хангах үүргийг Ерөнхий сайд өглөө. Энэ хүрээнд ирэх наймдугаар сарын турш ард, иргэдээс саналыг хүлээн авч, хэлэлцүүлэг хийнэ. Олон нийтийн саналыг Emongolia болон 11-11 цахим системээр дамжуулан наймдугаар сарын 01-ээс эхлэн авна. Саналын үр дүнд яамдууд анхан шатны боловсруулалт хийгээд олон нийтэд мэдээлнэ.
Энэ нь төслийн шинэчлэлтийн хүрээнд хийж байгаа зөв бөгөөд томоохон алхам. Олон нийт ямар ч санал ирүүлж болно. Хамгийн гол нь Засгийн газраас боловсруулсан бодлого, хөгжлийн төлөвлөгөө, Төсвийн тухай хуультай нийцсэн байх ёстой гэх мэт ерөнхий шаардлагуудыг хангасан байх ёстой.