Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламжтай болгох, газрыг шилжүүлэх талаар барилга барьж байгаа хувийн хэвшилтэй зөвшилцөнө
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо буюу РЦНК-ийн баруун талд барилга барьж байгааг оршин суугч иргэд эсэргүүцэж буй. Энэ хүрээнд нийслэлээс барилга барьж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөнө гэдгийг өнөөдөр мэдээллээ.
Энэ тухай Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Иргэдийн санал гомдлын дагуу РЦНК-ийн урд талд гурван ААН-ийн газарт асуудал үүссэн байна. “Эс энд Ви Юү” ХХК хамгийн том газартай бөгөөд 2022 онд барилга барих зөвшөөрөл олгох загвар зургийг батлуулсан байна. Тухайн үед В2 зоорьтой, 24 давхар орон сууц, цэцэрлэг, спорт комплекс бүхий цогцолбор зураг батлагдаж байжээ. 2024 онд шүүхийн шийдвэрийн дагуу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг энэ онд Хот байгуулалт, хотын стандартын газраас өгсөн байна. Хувийн хэвшлийн хувьд хууль ёсны зөвшөөрлийг авсан тул барилга барих гэсэн хүсэлтэй байгааг ойлгож байна.
Гэхдээ иргэдийн зүгээс ногоон байгууламжийн асуудал яригдаж байгаа тул хувийн хэвшилтэй газрын талаар нь зөвшилцөхөөр ярилцаж байна. Тухайн байршилд иргэдийн зүгээс нэлээдгүй гомдол ирсэн. РЦНК-ийн ойг хамгаалах ТББ-аас хэд хэдэн удаа хүсэлт ирж байсан.
Иргэдийн саналыг төр зайлшгүй сонсож, хувийн хэвшилтэй ямар нэг байдлаар зөвшилцөх хувилбарууд гарч ирнэ гэж найдаж байна.
Газрыг газраар шилжүүлэх шийдлүүд сүүлийн жилүүдэд 10 байршилд хийгдсэн. Иргэдийн саналын дагуу ногоон байгууламж болгож, газрыг шилжүүлэх саналыг хүргэх болно” гэв.