СУВИЛАГЧ, СУВИЛАХУЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ “СOFFEE TIME” ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчид хоорондын мэдээ мэдээлэл солилцох, харилцаа холбоог сайжруулах зорилгоор “СOFFEE TIME” чөлөөт уулзалтыг зохион байгуулж эхэллээ.
“СOFFEE TIME”-ийн эхний уулзалтын зочноор ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах оролцсон бөгөөд “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан Сувилахуйн мэргэжлийн алба болон нийт тасгуудын ахлах сувилагч, ахлах тусгай мэргэжилтнүүдтэй чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Энэ удаагийн уулзалтаар Сувилахуйн мэргэжлийн албанаас сувилагч нарын ажлын байрны хуваарилалт, мэргэшүүлэх сургалтын талаар асуудал дэвшүүлсэн бол, ахлах сувилагч нарын зүгээс хэвтэн эмчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоон мэдээлэл, орны хүрэлцээ, ЭХО шинжилгээний зохицуулалт, үйлчлүүлэгчдийн хувцас солих, сувилагчдын амралтын өрөөний зохион байгуулалт, төлбөрт үйлчилгээ зэрэг тусламж үйлчилгээтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудын тухайд санал бодлоо илэрхийлж, шийдвэрлэх гарц гаргалгааг авч хэлэлцсэн юм.
ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах энэ хүрээнд “Сувилагч, сувилахуйн тусгай мэргэжилтнүүдийн харилцаа хандлага, хувь хүний хөгжилд анхаарах, дэвшүүлсэн асуудлыг удирдлагын түвшинд тухай бүрт танилцуулан шийдвэрлүүлэх, тасаг нэгжүүдийн ачааллаас хамаарч хэвтэн эмчлүүлэгчдийн өрөө, эмчилгээ үйлчилгээнд зохицуулалт хийх, сувилагчийн ажлын байрны хуваарилалтыг оновчтой байдлаар шийдэж, ачааллыг тэнцвэржүүлж ажиллах нь чухал” гэдгийг онцолж, боломжит хувилбаруудын талаар хамтдаа ярилцсан халуун дулаан уур амьсгал бүхий чөлөөт уулзалт боллоо.