Боомтын сайдтай болоод ч боомтын асуудал шийдэгдэхгүй нь…

0

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилтын нэг нь Боомтын сэргэлт гэж зарлан, Боомтын сайд хүртэл томилсон. Харамсалтай нь монголчуудын гол ачаа, тээврээ авдаг БНХАУ-ын Тяньжин боомтод манай улсын чингэлэг ачигдахгүй, бөөгнөрөл үүсээд олон сар болсон боловч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдэж чадахгүй ачаа тээвэр 4-6 сар хүлээгдэж байна. Өчигдрийн байдлаар 3800-4000 чингэлэг Тяньжин боомт дээр хүлээгдэж байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн.Хятадын тал өнгөрсөн тавдугаар сараас хойш манай улсын вагоныг хоёр дахин бууруулсан байна. Үүнээс шалтгаалж чингэлгийн бөөгнөрөл энгийн үеийнхээс 2-3 дахин нэмэгдэж иргэн, аж ахуйн нэгжүүд ачаагаа авч чадахгүй 4-6 сар хүлээж байгаа аж. Тодруулбал, Тяньжинээс өдөрт хоёр галт тэргээр чингэлэг ирдэг байсан ч энэ оны тавдугаар сараас нэг галт тэрэг болгон буурчээ. Харин сонгуулийн дараа чингэлэг тээврийн асуудлыг шийдэж эхэлсэн талаар албаныхан долдугаар сард мэдээлж байсан ч өнөөдөр нөхцөл байдал сайжрахгүй, ачаа тээвэр хүлээгдсээр байна.Засгийн газар боомтын сэргэлт хийнэ гэдгээ зарлаж, энэ хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Харамсалтай нь үүний дүр дүн гарахгүй, ачаа тээврээ авдаг гол боомтынхоо ч асуудлыг шийдэж чадахгүй олон сар өнгөрлөө. Боомтын сэргэлтийн хүрээнд:

  • Боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмж /715.3 тэрбум төгрөг/
  • Хөгжлийн таван тойрог авто зам төслүүд /5.4 их наяд төгрөг/
  • Агаарын тээврийн хөрөнгө оруулалтад /27.3 тэрбум төгрөг/
  • Боомтын төмөр замын хөрөнгө оруулалтын концесс, ТХХТ-ээр хэрэгжүүлж байгаагаа зарласан. Боомтын сэргэлт бол иргэн, аж ахуйн нэгж ачаа тээврээ цаг алдахгүй авахаас гадна цаашилбал, улсын экспорт, инмпортыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах гэх зэрэг чухал ач холбогдолтой. Харамсалтай нь хоёр Засгийн газар дамнан Боомтын сайд томилоод ч бодит амьдрал дээр үр дүн гарахгүй байна. Нөгөө талдаа тээврийн асуудал Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам, Боомтын сэргэлтийн үндэсний хороо гурвын дунд ойлгомжгүй нөхцөл байдалтай байдаг аж.

Н.Энхнасан: Гал унтраах байдлаар л Тяньжин боомтоос ачаагаа тээвэрлэн авчирч байна

undefined

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхнасангаас нөхцөл байдлын талаар тодруулахад “Дөрөвдүгээр сарын сүүл тавдугаар сард Хятад улс гэнэт хилээ хаасан. Наашаа ирэх вагоны урсгалыг хаасан гэсэн үг. Тиймээс компаниуд нэг чингэлэгт 1000-1500 ам.доллар нэмж төлөөд нэлээд ачаагаа газраар татаж авсан. Үүний үр дүнд 3800 руу буулгаж ирсэн. Хятадын тал энэ сард 40 вагон явуулна гэсэн боловч өнөөдрийн байдлаар 23 вагон явуулсан байна. Хятадын төмөр зам бидэнд хангалттай вагон тавьж өгсөнгүй гэсэн үг. Бид харин авто замаар ачаагаа авсан тулдаа ачааллыг харьцангуй буурууллаа. Одоо хоёр сарын дараагаас хэвийн түвшинд буюу Тяньжин боомт дээр 2000 орчим чингэлгийн үлдэгдэлтэй байлгах болов уу гэсэн хүлээлт байна.Хятадууд нэг хэсэг бидэнтэй харьцахгүй байсан. Сүүлийн хоёр сар 3-4 удаагийн том хэлэлцээрүүд хийж байж эерэг мэдээ бидэнд өглөө. Гэхдээ энэ бол гал унтраасан л арга. Цаашдаа бид Замын-Үүдийн хүлээн авах хүчин чадлыг нэмэх буюу хуурай боомт заавал барих ёстой. Энэ бол манай улсын номер нэг хийх ёстой ажил. Хоёрт, төмөр замыг заавал хос болгон, цахилгаанжуулах шаардлагатай байна. Цахилгаанжуулснаар хүнд даацын олон чингэлэгтэй вагонуудыг нэг дор тээвэрлэх боломж бүрдэх юм” гэлээ.Засгийн газар боомтын сэргэлт гэж зарлаж 40 гаруй төсөл хэрэгжүүлж эхэлсэн гэж байгаа боловч хуурай боомтын төслийг хэрэгжүүлж эхлээгүй байгаа талаар холбогдох хүмүүс хэлж байна. Хуурай боомтын төсөл гэж байнга ярьдаг ч Эдийн засгийн хөгжлийн яаман дээр төсөл хөтөлбөрүүдийг эрэмбэлэхдээ хасжээ. Уг нь хуурай боомтын төсөлд 3 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан байсан ч энэ эх үүсвэрээр Богд уулыг нүхлэх, тунэль барих төслийг санхүүжүүлэхээр болж хуурай боомтын төсөл эх үүсвэргүй болсон байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *