НОБГ: Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх хяналт шалгалт маргаашаас эхэлнэ
НОБГ-аас хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх хяналт шалгалтын талаар:
1.Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр
2.Экологийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Т.Билгүүнтөгс
3.Нийслэлийн Байгаль орчны газрын Улсын ахлах байцаагч Н.Батсайхан
4.Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Тархвар судлаач Л.Роломжав нар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг Даргын 2025 оны “Хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1064 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ныг дуустал нийслэлийн хэмжээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байнгын болон хөдөлгөөнт эргүүлээр хүн мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулна.
Өнгөрсөн 2024 онд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба, Байгал орчны газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоодод 62 хоног 24 цагаар давхардсан тоогоор 3100 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 112,600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийж, 70 удаагийн үйлдлээр 291 ширхэг тарваганы мах илрүүлж, зөрчил гаргасан 79 хэрэгт 23.5 сая төгрөгийн торгууль, 139.4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлж ажилласан байна.