Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар мэргэжлийн сэтгэл зүйч, Гэр бүл анхаарлын төвд-Монгол байгууллагын сэтгэл зүйч Б.Батчимэгийн ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.
ЭШЛЭЛ 1
Өсвөр нас, шилжилтийн нас гэдэг нь жоохон хүүхдээс насанд хүрэгч рүү шилжиж буй үе шатыг хэлдэг. Энэ үйл явц нь зөвхөн орчин үеийн хүүхдүүдэд явагдаж байгаа зүйл биш, харин хүний тархины хөгжлийн онцлогтой шууд холбоотой.
ЭШЛЭЛ 2
Хүний тархи ойролцоогоор 25 нас хүртлээ бүрэн хөгжиж төлөвшдөг.
ЭШЛЭЛ 3
Өсвөр насанд хүүхдийн тархи илүү сэтгэл хөдлөлд суурилсан шийдвэр гаргах нь түгээмэл байдаг. Учир нь аливаа үйлдлийн үр дагаврыг тооцоолох, зөв шийдвэр гаргах, эрсдэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх зэрэг ухамсартай бодох үүрэгтэй тархины урд хэсэг бүрэн хөгжөөгүй байдаг.
ЭШЛЭЛ 4
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10–19 насыг өсвөр нас гэж тодорхойлдог. Гэвч сүүлийн жилүүдэд тархины хөгжилтэй холбоотойгоор энэ үеийг 24 нас хүртэл үргэлжилдэг гэж зарим судалгаанд үзэх болсон.
ЭШЛЭЛ 5
Өсвөр насыг ерөнхийдөө гурван үе шатанд хуваадаг. Эхэн үе буюу 10–13 нас, дунд үе 14–17 нас, хожуу үе буюу 18–24 насыг хамарна.
ЭШЛЭЛ 6
14–17 насанд хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог нь бүлэгт харьяалагдах, хамаарагдах хэрэгцээ илүү хүчтэй илэрдэг. Өөрөөр хэлбэл, аливаа нэг найз нөхдийн хүрээлэл, бүлэг дундаа хүлээн зөвшөөрөгдөхийн тулд дээрэлхэх үйлдэл гаргах эрсдэлтэй байдаг.
ЭШЛЭЛ 7
Дээрэлхэлт нийтдээ таван төрөлтэй. Энэ нь зөвхөн нүдэнд ил харагдах гэмтэл бэртэл, хөхөрч няцрах зэрэг бие махбодын хэлбэрээр хязгаарлагдахгүй.
ЭШЛЭЛ 8
Сүүлийн жилүүдэд хамгийн ноцтой, далд хэлбэрээр илэрч, хүүхдийн сэтгэлзүйд хамгийн их хор нөлөө үзүүлж байгаа нь “цахим дээрэлхэлт” юм.
ЭШЛЭЛ 9
Цахим дээрэлхэлт 24 цагийн турш тасралтгүй үргэлжилж, нэгэн зэрэг олон хүнээс цахим орчноор доромжлол, сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой байдаг.
ЭШЛЭЛ 10
Дээрэлхэлтийг бие махбодын, сэтгэлзүйн, санхүүгийн, цахим болон нийгмийн харилцаанаас тусгаарлах буюу харилцааны дээрэлхэлт гэсэн төрлүүдэд хувааж үздэг.
ЭШЛЭЛ 11
Харилцааны дээрэлхэлт нь ихэвчлэн охидын дунд илүү түгээмэл тохиолддог. Энэ нь бүлгийн харилцаанаас зориудаар гаргах, ярианд оролцуулахгүй байх, хамт олон дундаас тусгаарлах, бүлэгт оруулахгүй байх зэрэг хэлбэрээр илэрдэг.
ЭШЛЭЛ 12
Дээрэлхэлтийн бас нэг оролцогч нь ажиглагч буюу гэрчүүд байдаг.
ЭШЛЭЛ 13
Зарим ажиглагч дээрэлхэж буй хүүхдийг өдөөх, инээж баясах, зураг бичлэг хийх зэргээр дээрэлхэлтийг улам дэмжих хандлагатай оролцдог.
ЭШЛЭЛ 14
Судалгаанаас харахад хоёр ба түүнээс дээш хүүхэд дээрэлхэлтийг зогсоох, хориглох байдлаар үг, үйлдэл гаргаж чадвал дээрэлхэлтийг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой байдаг.
ЭШЛЭЛ 15
Зарим хүүхэд хэн нэгэнд хандаж, тусламж хүсэж чаддаггүй нь өөрөө айдас, дарамтад өртсөнтэй холбоотой байж болно.
ЭШЛЭЛ 16
Ерөнхий боловсролын сургуулиудад зөвхөн хохирогчийг бус, гэрчийг хамгаалах бодлого хангалтгүй байдаг. Үүнээс шалтгаалан дээрэлхэлтийг харсан ч мэдэгдэхгүй өнгөрөх тохиолдол гардаг.
ЭШЛЭЛ 17
Өсвөр насанд найз нөхдийн харилцаа маш чухал үүрэгтэй.
ЭШЛЭЛ 18
Найз нь тухайн хүүхдийн сэтгэл санааг ойлгож, таагүй зүйлд уруу татагдахаас сэргийлж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байдаг.
ЭШЛЭЛ 19
Зарим хүүхэд “сайн найз” гэдэг нь бүх зүйлээ нуугаад байх ёсгүй, хувийн орон зай байхгүй мэт ойлгодог.
ЭШЛЭЛ 20
Гэвч сайн найз байна гэдэг нь сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, буруу зүйлээс хамгаалж, зөв зүйлийг уриалах чадвартай байхыг хэлдэг.
ЭШЛЭЛ 21
Эцэг эхчүүд хамгийн түрүүнд хүүхдэдээ сэтгэлзүйн аюулгүй байдлыг мэдрүүлэх хэрэгтэй.
ЭШЛЭЛ 22
Хэрэв эцэг эх хүүхэд хүмүүжүүлэхдээ хэт хатуу арга барилтай, хүүхдээ сонсохоосоо илүү өөрийн үзэл бодлыг тулгадаг бол хүүхэд өөрт тохиолдсон зүйлээ тэр бүр илэрхийлж чаддаггүй.
ЭШЛЭЛ 23
“юу ч тохиолдсон аав, ээждээ хэлж болно” гэсэн сэтгэлзүйн аюулгүй орчинг бүрдүүлж чадвал эцэг эх нь асуусан, эс асуусан ч хүүхэд өөрт тохиолдсон зүйлээ өөрөө хуваалцах хандлагатай болдог.
ЭШЛЭЛ 24
Хүүхдийнхээ үгийг таслахгүй, шүүмжлэхгүй, буруутгахгүйгээр анхааралтай сонсох нь хамгийн чухал юм.