Багшийн цалингаар шантааж хийхээ болино уу…

bolowsrolin-yam-810x500

Багшийн цалинг нэмэх шаардлага зүй ёсны боловч  “1000 ам.долларт хүргэ” гэх шахалт нь ганц далайлтаар хэрэгжүүлчих ажил биш юм. Гэвч Монголын Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо дээрх шаардлагыг тавьж эхэлсэн бөгөөд энэ ажлыг хийхгүй бол ирэх есдүгээр сарын 1-нээс Сүхбаатарын талбайд багш нарыг оролцуулсан жагсаал хийхээ мэдэгдлээ.

“Уран хортой” гэх суртал ухуулга хийн, том төслүүдийг гацаахад оролцож ирсэн Б.Цэгмид хүртэл холбооныхны дээрх шаардлагыг дэмжин, Боловсролын яаманд харайлгаад очсон ч сайдын тайлбарыг  сонсохыг хүссэнгүй давшлав.  Түүнд багш нарын цалин хангамжийг шийдүүлэхээс илүүтэй захиалга гүйцэтгэх л ганц зорилго бий.  Талбайн жагсаалаас тэрбумтнууд төрж, ажил хийдгээсээ илүү амьдраад байдгийн цаад учир нь энэ. Хөлс мөнгөгүй ажил руу Б.Цэгмид сэтгэлийн дуудлагаар гүйж ороод, Монголын багш нарын төлөө дуугарна ёстой үгүй. Захиалга нь ирсэн болоод л тэр.

Харин багш нар ийм шантаажчинтай нийлээд цалингаа нэмүүлнэ гэвэл амжилт олохгүй.

Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг Боловсролын яам Засгийн газартай удаа дараа тавьсан бөгөөд гурван жилийн хугацаанд 60 хүртэл хувиар нэмж, арга хэмжээ авах тухай яригджээ. Тодруулж хэлбэл, жилд 20 хувиар нэмэх боломжтой гэсэн үг. Багш нарын цалинг жилд 20 хувиар нэмэхэд 500 гаруй тэрбум төгрөг шаардах бол 60 хувиар нэмэхэд 1.5 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардана. Гэтэл холбооны зүгээс ирэх 2026 онд 50 хувь нэмэх шаардлага тавьсан нь биелүүлэх боломжгүй, эдийн засагт ч хор хөнөөлтэй гэж хэлж болно. Эцсийн дүндээ төрийн албан хаагчийн цалин, ахмад настны тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудал нь төсвийн чадамжаас л хамаарч ирсэн. Дээр нь эдийн засагт “шок” үүсгэхгүй байх ёстой.

Харамсалтай нь, улс төрийн ашиг хонжоо хайгчид нь биелэгдэшгүй асуудлыг хэргээр асуудал болгон тавьж, бужигнуулж ирсэн жишээ олон. Үүнд багш нар татагдан орж болохгүй.

Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг ажлынх нь үр дүнтэй холбож нэмэх асуудлыг шийдвэрлэхээр болсон нь туйлын зөв юм.  Сайн ажилласан ч, муу ажилласан ч адилхан цалин авна гэдэг төрийн ажлыг үнэгүйдүүлж ирсний зэрэгцээ хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх зарчим хангагдахгүй явж ирсний бодит жишээ.

Багш нарын хувьд ч сайн нь 1000 ам.доллараас ч дээш цалин авах боломжийг бий болгох нь төрийн үндсэн үүрэг. Гэхдээ үүнийг ажлынх нь чанартай уях ёстой.

Одоогийн мөрдөж байгаа хуулиар цэцэрлэгийн шинэ багш сард 1 сая 559 мянган төгрөгийн үндсэн цалин авч байна.  Харин нэмэгдлээ оруулаад гар дээрээ 1 сая 992 мянган төгрөгөөс 2.6 сая төгрөгийн цалин авдаг. Харин 20-иос дээш жил ажилласан цэцэрлэгийн багш оршин суугаа газраасаа хамаараад 2.6 сая төгрөгөөс 3.3 сая төгрөгийн цалин авч байна.

Ерөнхий боловсролын сургуульд шинээр ажилд орсон багш оршин суугаа газраасаа хамаараад гар дээрээ 1 сая 494 мянгаас 2 сая 681 мянган төгрөгийн цалин авдаг бол 20-иос дээш ажил ажилласан багш оршин суугаа газраасаа хамаарч гар дээрээ 2 сая 582 мянга 950 төгрөгөөс 3 сая 206 мянга 550 төгрөгийн цалин авч байгаа юм.

Үндсэн цалин дээр нь ажлынх нь үнэлгээ нэмэгддэгийн дээр анги даасан эсэх, мөн ажилласан жилийн нэмэгдэл, оршин суугаа газар зэргээсээ хамаарч тухайн багшийн цалин бодогддог. Ажлын үнэлгээ багш нарт анхнаасаа таалагдаагүй, одоо ч таалагддаггүй үүнийг өөрчлөхийг шаардаж ирсэн.

Мөн сумын багш цалингийн 40 хувийн нэмэгдэл, аймгийн багш цалингийн 20 хувийн нэмэгдэл авч байхад нийслэлийн багш нарт энэ нэмэгдэл байдаггүй, ялгаварлаж болохгүй гэдэг асуудал хөндөгдөж ирсэн.  Тэр дундаа нийслэлийн багш нар орон нутгийн багш нараас илүү  ачаалалтай ажилладаг байхад орон нутгийнх биш гэдгээр цалингийн нэмэгдэл олгодоггүй нь шударга бус үнэлэмж гэх асуудлыг тавьж ирснийг эргэн харах ч шаардлага бий.

Гэхдээ эцсийн дүндээ ажлыг нь бүтээмжтэй уялдуулж, сайн багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх нь боловсролын салбарт тулгамдаж ирсэн олон асуудлыг шийдвэрлэх гарц болох ёстой. Түүнээс ардаа эзэнтэй, улс төрийн ашиг хонжоо хайгчдаар далайлгасан тэмцлийг дэмжих нь үр дүн дагуулах нь юу л бол…

Улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 700 гаруй сургуульд 60 мянга орчим багш, ажилтан албан хаагч ажиллаж байгаагийн 37 мянга нь багш нар гэх статистик бий.

Багш нарын хөдөлмөрийг шударгаар үнэлдэг болсон цагт энэ салбарт боловсон хүчний дутагдал буурахын зэрэгцээ чанартай боловсролыг тэгш хүртээх үе, үеийн Засгийн газрын бодлого хөрсөн дээрээ бууна. Тиймээс чанартай боловсролыг цалин хөлстэй уях нь хамгийн чухал алхам болоод байна.

About Author