ӨМНӨГОВЬ: “Тавантолгой үйлдвэрлэл технологийн парк“ аймгийн бодлогоор дэмжигдэнэ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт хэрэгжиж буй “Тавантолгой Үйлдвэрлэл, Технологийн Парк” (ҮТП)-ийн бүтээн байгуулалтын төсөл нь тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын мөрийн хөтөлбөр, мөн Цогтцэций сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд бүрэн нийцэж буй стратегийн чухал төсөл юм.
Тус парк нь нүүрс баяжуулах үйлдвэрийн гарц дээр суурилан кокс-хими, эрчим хүч, химийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах зорилготой бөгөөд говийн бүсийг үйлдвэрлэл, технологийн төв болгон хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлж байна.
Төслийн хэрэгжилтийн үр дүнд:
• Металлургийн үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх,
• Кокс бүтээгдэхүүнийг өндөр нэмүү өртөгтэйгөөр экспортлох,
• Химийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин өргөжүүлэх боломжтой болох юм.
Тавантолгой Үйлдвэрлэл Технологийн парк нь:
• Өндөр ур чадвартай мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх,
• Тогтвортой, олон тооны ажлын байр бий болгох,
• Аймгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх,
• Хувийн хэвшлийн өсөлтийг хурдасгах зэрэг орон нутгийн эдийн засагт өндөр үр өгөөжтэй.
Цаашлаад давирхай, хий, хаягдал ус, үнс боловсруулах үйлдвэрүүдийг дагуулан хөгжүүлэх боломж бүрдэх нь зөвхөн орон нутгийн төдийгүй улсын хэмжээнд ч эдийн засгийн өндөр ач холбогдолтой алхам хэмээн үзэж байна.
Аймгийн удирдлагууд энэхүү төслийг бодлогоор бүрэн дэмжиж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шатанд яаралтай хэрэгжүүлэх чиглэлээр бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлээд байна.
Эх сурвалж: Ubn.mn