Хөгжлийн банкны гэх хэргийн хөөрхийлөлтэй хэлмэгдэгсэд

0

Хуучин, хүйтэн театрт “жүжиг биш” шүүх болж байна. Алдарт шүүх хурал нээлттэй тул очиж сонирхлоо. Улаанбаатар чуулгын байр үнэхээр мууджээ. Байрыг тойроод цагдаагийн хамгаалалт гарч. Ороход цагдаа шалгана. Яг л онгоцны буудал шиг зэвсэг хайх аж. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг багаж руу хүн бүрийг үлээлгэдэг юм байна. Энэ багаж хичнээн их халдвар тарааж байгаа бол гэж сэжиглэнгүй бодлоо. Дотогшоо орлоо. Хүйтэн, бүүдгэр, дүнсгэр орчин угтлаа. Жаахан суухад ихэд жиндэв. Энэ заалны нэг талд шүүгдэгсэд шигэн суужээ. Тэднийг цагдаа нар тойрон хянана. Нөгөө талд нь хов хоосон. Хүмүүс энэ зааланд сар шахуу өдөр бүр ингэж сууж байгаа аж. Бөгшүүлэн ханиах хүмүүс олон. Ханиад томуу тархах эрсдэл нэн өндөр гэдэг нь илт.

Шүүгч нар индэр дээр сууна. Тайван дүр үзүүлэх авч ядарч залхсан нь илт. Тэд гөлийжээ. Энэ том хэргийг энэ олон хавтаст хэргийг уншуулан сонсох нь хүний хүлээж авах чадвараас нэгэнт хэдийджээ. Яаж шийдвэр гаргах юм бол доо?

Хөрөнгө оруулалтын жишиг үлдээнэ. “Хөгжлийн банкны” гэх энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь улс эх орны эдийн засгийн ирээдүйн өсөлт, хөгжилд гүнзгий нөлөө үзүүлэх нь тодорхой. Ядрангуй харагдах гурван шүүгчийн шийдвэр нь Улсын Их Хурлаас баталдаг ямар ч хуулиас дутахгүй цар далайцаар хөрөнгө оруулалтын орчинд төрийн зохицуулалтын хэм хэмжээг тогтоох жишиг болон үлдэнэ. Хурлын завсарлагаагаар ганц хоёр шүүгдэгчээс асуулт асуулаа. Прокурорт нууцын баталгаа өгсөн тул хамаагүй яриа өгвөл буруудна гэх.

Хэнтийнхэнд хууль хамаагүй. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн харин ганц хоёр хариу өглөө. Энэ шүүх хурал бол сонгууль угтсан шоу юм. Төгсгөл нь тодорхой жүжиг тул шударга ёс, хууль ёсонд итгэх арга алга гэдгээ хэлж байх юм. Нээрээ л Засгийн газрын дэмжлэгэтэй, шантаажны гэх сайтуудаар өндөр авахуулж байгаад наян хүнийг хомроглон яллаж байгаа билээ.  МАН-100 жил болж буй тул дахиад хорин хүн нэмчихгүй ясан юм бол доо гэж нэмэв. Дээр нь Ганбямбын Дөлгөөн, Янгүгийн Сод-Эрдэнэ зэрэг Хэнтийн гэгдэх бүлэглэлээс хамгаалалт бүхий эрх мэдэлтнүүд сугарч үлджээ. Хуулийн хонгил гэж Н.Алтанхуягийн хэлдэг байсан зүйл Хэнтийн хонгил болж хувирсан юм биш байгаа даа. Эмгэнэлт инээдмийн жүжиг үзсэн мэт сэтгэгдлээ тээсээр театрыг орхин гарлаа. Ажил дээрээ ирж хэсэг бодов. Ер нь энэ шүүх хурал сонгууль угтсан пиар биш биз дээ гэх эргэлзээ төрсөн тул фэйсбүүк ухав. Шүүхийн мэдээ гэх пэйж байх. Тэнд шүүх хурлуудын лайвыг архивлан хадгалжээ.

Банк бол итгэлцэл бас нэр хүнд. Эдийн засгаар дагнан бичдэг сэтгүүлчийн хувьд аливаа банк, санхүүгийн байгууллагын хамгийн том капитал бол нэр хүнд нь байдаг гэж боддог. Хөгжлийн банкны итгэл хүлээх чадвар өндөр байх нь зөвхөн тус байгууллагын эрмэлзэх зүйл төдийгүй Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэх юм. Гэтэл тус банкийг төлөөлж оролцож буй “хохирогч”, “хохирогчийн төлөөлөгч”, “хохирогчийн өмгөөлөгч” гэх этгээдүүд нь тус банкны нэр хүндийг хамгаалах чадваргүй, дээр нь шүүх хуралдаанд ач холбогдол өгч биечлэн оролцохгүй байгаа юм байна. Тус банканд газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг гэх, 2020 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсан З.Батырбекийн өгсөн “хохирогчийн мэдүүлэг” нь бүхэлдээ Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй улс төрчийн илтгэлийн шинжтэй байв.

Мэдлэггүй шинэковууд мангар зоригтой. Хохирогч гэх хэдэн залуусын мэдүүлгийг нөхөж үзлээ. Зээлийн харилцаанд өргөн ашиглагддаг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэрхэн барьцаалах талаар Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон. Тус өөрчлөлтийг батлагдсанаас таван жилийн өмнө болоод өнгөрсөн 2014 оны зээл олгох үйл явцтай холбон шүүгдэгч нарыг буруутгасан нь тэр шинэковуудын хуулийн хэрэглээний талаарх суурь мэдлэг тун ядмаг болохыг харуулах. Шинэков гэсний учир нь Хөгжлийн банкыг төлөөлж оролцож байгаа хэд нь ажилд ороод жил ч болоогүй залуус юм байна. УИХ-ын гишүүнийг “битгий попроод бай” гэж зандрах нь сүртэй. Монголд уг нь шүүх эрх мэдэл зөвхөн шүүгч нарт л байдаг сан. Гэтэл тэр хохирогч гэх залуус шүүгдэгч нарыг загнаад, буруутгаад, яллаад, шүүгээд, таслаад гарч өгөв.

Банкаа мэддэггүй банкирууд. Түүнчлэн “Зээлийн эдийн засагч” гэх этгээдүүдийн “хохирлоо нэхэмжилж буй” гэх мэдүүлгээс үзэхэд тухайн ажилтнууд нь Хөгжлийн банкны зорилго, оршихуйн философи, суурь зарчмуудыг огт ойлгоогүйн дээр зээлийн харилцаанд үүсдэг хууль, дүрэм, нийтлэг журмын талаар ямар ч мэдлэггүй болох нь харагдлаа. Тухайлбал “Техник эдийн засгийн үндэслэлийг Уул уурхайн яам баталдаг, баталгаажуулдаг” гэх зэргээр удаа дараа худлаа ярив. Энэ нь санаатай үйлдэл гэхээсээ илүү санамсаргүй буюу мэдлэггүйн шинж гэж дүгнэж байна. Бодит байдал дээр ТЭЗҮ-г хараат бус, хөндлөнгийн шинжээчдийн оролцоотой Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авдаг юм. Тэгээд ч ТЭЗҮ хүлээж авах журам нь “хууль давсан” гэх шалтгаанаар Хууль зүйн яам нэгдсэн бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл, хуучнаар бол нийтээр дагаж мөрдөж журам биш, одоогийнхоор бол гадагшаа чиглэсэн захиргааны хэм хэмжээ биш болно. Яам, агентлаг, зөвлөл гурвын хоорондын харилцааг зохицуулсан дотоод журмыг баримтлан аливаа хүнийг эрүүгийн хуулиар “яллах” нь зохисгүй билээ.

Хохирогч уу, хорлогч уу?. Хөгжлийн банк бол миний ч өмч таны ч өмч. Энийг одоо байгаа удирдлага гэх хэдэн хүүхдүүд өмчлөх нь инээдтэй. Тэдэнд Хөгжлийн банкыг муухай харагдуулах эрх хэн ч олгоогүй. Тэд шүүгч ч биш. Зүгээр яг яаж хохирсноо л ноьлох баримттай яримаар.   Үндсэн хуулийн дөчин долдугаар зүйлийн нэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заажээ. Гэтэл “хохирогч”, “хохирогчийн төлөөлөгч”, “хохирогчийн өмгөөлөгч” гэх аархуу, сагсуу залуус шүүгдэгчдийг тохуурхаж, үл хүндэтгэн харьцахаар үл барам яллагч, шүүн таслагчийн дүрээр шүүх хуралдаанд оролцож байна.

Хувь хүн буруутай юу? Систем буруутай юу? Хохирогч нарын дунд Гүрбазар гэх залуу бусдыгаа бодвол арай нуруутай бас мэдлэгтэй юм. Туршлага ба харилцааны соёлоор нөгөө хэдээсээ эрс ялгарна. Тэр залуу нэгэн чухал зүйлийг мэдүүлэв. Банкны зээл олгох шийдвэр бол системийн үйл ажиллагааны үр дүн шүү гэв. Гэтэл энэ хуралд 80 хувь хүн яллагдаж байгаа аж. Хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө олон залуус “үйлдлээрээ нэгдэж” бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагджээ. Гэтэл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь … хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэжээ. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хувь хүний гэм буруугийн хүрээнд  хязгаарлагдаж байх. Гэтэл “Хөгжлийн банкны” гэх энэхүү хэргийн хувьд тус ажиллагаа нь институтийн буюу байгууллагын цар хүрээнд хийгдэх нь шүүх хуралдааны явцад улам бүр тодорсоор.

“Зээл бол хохирол мөн”. Хөгжлийн банкны төлөөлөгч нарын үзэж байгаагаар зээл олгох нь банкыг хохироож буй үйлдэл юм байна. Хөгжлийн банк үндэсний үйлдвэрлэлийг тэтгэж зээл олгосноороо асар их хохирсон л гэнэ. Үүнд өнөө ковид, хятадын хил хаалт, ам долларын ханш хоёр дахин өссөн зэрэг нь огт хамаагүй гэнэ. Гэтэл Хөгжлийн банкны тухай хуулийн 18.2-т “Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь Засгийн газар байна” гэж заасан. Энэ дагуу хувьцаа эзэмшигч Засгийн газрыг төлөөлүүлэн Сангийн сайд нь “хохирол” гэх зүйлээ яаж нэхэмжлэх нь тодорхойгүй. Жавхлан бол банкир. Тэр эрсдэл, зээл, тусгай актив, барьцаа зэргийг хэнээр ч хэлүүлэтгүй мэдэж байх учиртай. Харин хохирол гэдгийн талаар юу мэдэх бол?

Хариуцлагатанууд нь хаяагаа манасаар. Өмнөх удирдлагынхаа бөгсийг ухаж, ул шагайдаг буруу жишиг энэ банканд гүн бат шигджээ. Тиймээс ч тэр одоогийн удирдлага нь шүүгдээд зогсож байхыг үгүйсгэх аргагүй. Энийгээ ч мэдэрсэн үү Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-т томилогдсон Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат, Гүйцэтгэх захирал Н.Мандуул нарыг Шүүх хуралдаанаас зугтсаар. Шинэковуудыг, олонд  танигдах гэсэн бага гарын улс төрчдийг өмнөөсөө турхирсаар.

Шударга байгаасай. Шүүгдэгч нарын дийлэнх нь шударга шийдвэр гарна гэдэгт итгэлгүй, унтаа байдалтай сууцгаана. Хайран сайхан залуус эх орныхоо төлөө гэнэн мөрөөдлөөөр ажилласныхаа төлөө олон жилийн ялтай хүнд гэмт хэрэгт гүтгэгдэн сууж байхыг харахад харамсалтай. Ядаж байхад тэднийг буруутгасан шинжээч гэх хүмүүс нь хөдөө орон нутагт ня-бо, хянан шалгагч байсан мэдлэг, туршлага муутай хүмүүс аж. Тэд яаж олон улсын стандарт, хятад-монголын өрсөлдөөн, стратегийн том төсөл, эрсдэлийн удирдлага, төслийн санхүүжилтыг ойлгох билээ. Зүгээр л мөрдөгчийн хүссэн зүйлийг бичиж өгөөд хэдэн цаас аваад явсан нь илт. 100 хавтаст нэг хэргийг 5-хан хоногт уншаад дүгнэлт гаргачихдаг. Гэхдээ ийм маягаар нэг биш долоон төсөлд дүгнэлт гаргажээ. Ийм зүйлээр хүнийг яллана гэдэг аймшигтай. Ийм зүйлд хяналт тавих үүрэгтэй прокурор гэх жаахан залуус ч түрэмгий омогтой гэж жигтэйхэн. Одоо ганц л зүйл үлдлээ. Шүүгч нар шударга байгаасаа гэх найдлага. Итгэл биш шүү!

         2023-05-11                                                                                    

 Улаанбаатар чуулгын байр.

БАТ-ОСОР

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *