30 жилд 30 сонгууль…
Өнгөрсөн 30 жилд бид зөв буруугаа ялгахгүй, хэрүүл маргаантай 24, нөхөн сонгуулиудыг оруулбал 30 удаа сонгуульджээ. Үүнээс болж Засгийн газар нь тогтворгүй, УИХ-ын дархлаа, чадамж суларч, тэр чинээгээрээ иргэдийн төрд итгэх итгэл буурсаар ирсэн.
👉 Үүний үр дүнд Монгол улс хэрхэн хөгжсөн бэ?
Хэдхэн хүн өөрийгөө Монголын төр гэж ойлгож, улс төрөөс явдаггүй, харьдаггүй, өөрсдийн гардан баталсан хуулиараа далайлган эрх мэдлээрээ өөрсдийгөө хамгаалсан нь бодит үнэн.
👉 Тэгвэл бид яах ёстой вэ?
Дорж байна уу, Дулам байна уу, Монгол Ардын Нам, Ардчилсан нам, Хүн нам байна уу хамаагүй Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Тэгж байж бид дараагийн 30 жилийн хөгжлийг ярина. Хэрэв хуулиа өөрчлөхгүй тэврээд байвал та бид худал хашгираад, шүүмжлээд төр гэж өлбийсөн, УИХ гэж гөлийсөн, иргэд нь дүлийрсэн хэвээр байна. Тиймээс бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг олуулаа хэлэлцэж, асуудлаа ярьж, шийдлийг олж суурь, зарчмыг алдагдуулахгүйгээр зайлшгүй өөрчлөх ёстой байна.
Үндсэн хуулийн өөрчлөлт дан ганц УИХ-ын гишүүдийн тоо, Засгийн газрын гишүүний давхар дээлийн асуудал биш. Үндсэн хууль бол Монгол Улсын ирээдүйн хөгжлийн суурь баримт бичиг учраас улс орны ирээдүйн хөгжлийн асуудал гэдгийг иргэн бүр ойлгох хэрэгтэй. Тэгж байж бид өөрчлөлт хүсэж байгаа залуу үе, улс орныхоо ирээдүйг зөв замд нь оруулж чадна.
✅️ Иргэд та бүхэн ч гэсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хоолны савны тоо нэмэгдэнэ гэж хэн нэгнийг дагаж хэлэхээс илүүтэй сайн судалж байж санал хүсэлтээ илэрхийлээрэй. Иргэн бүрийн санал Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад чухал юм шүү…
Баянзүрх дүүргийн төрийн алба хаагчидтай хийсэн уулзалт, хэлэлцүүлгийн үеэр…