О.Баасанхүү: Женко бүлэглэл шалдан болчихоод сандраад байна

baasanhuu-3-810x500

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, хуульч  О.Баасанхүүгээс цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг хийлээ.


-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал/ҮБХ/, Их хурал товлогдсон ч дүрэмтэй холбоотой маргаан өрнөж байна. Хэрвээ намын даргыг шинэ дүрмээр тодруулъя гэвэл ямар асуудал үүсээд байна вэ?

-Одоогийн УИХ-ын гишүүн Ц.Туваан  Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч байхдаа 2020 оны наймдугаар сард Ардчилсан намын даргыг өөрчлөх асуудлыг ярьтал яг өнөөдрийнх шиг дүрэм журам болохгүй гээд бөөн маргаан гарсан.  Түүний уршгаар гурван жил гудамжинд гарч, Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн, суулт есөн шидийн юм хийж байгаад арай хийж өнөөдрийн энэ яриад байгаа дүрэм, журмаа баталж, сонгуулиа хийсэн шүү дээ.  Тухайн үед өнөөдрийн хэрэгжиж байгаа намын дүрмээр Ардчилсан намын даргад С.Баярцогт, З.Нарантуяа, Л.Гантөмөр нар өрсөлдөөд ардчиллын зарчмаар хамгийн олон санал авснаар Л.Гантөмөр маань Ардчилсан намын дарга болсон.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад хамтарсан Засгийн газар огцорсноор Ардын намынхны өмнөөс улс төрийн хариуцлага хүлээгээд Ардчилсан намын дарга аа өгье гээд өргөдлөө өгсөн. Өргөдлөө өгсөн учраас байгаа дүрэм, байгаа журамдаа нийцүүлээд нэн яаралтай намын дарга аа сонгох ийм сонголтын шийдвэр дээр тулаад байгаа.

Намын дүрэм журам  өөрийн гэсэн хариуцлагатай. Тэгэхээр энэ намын ҮБХ -ны гишүүн байна гэдэг наад зах нь татвараа төлсөн, хамгийн багадаа ҮБХ -ны гишүүнээр дөрвөн жил ажилласан хүн намын даргад өрсөлдөнө гэхээр тооноор орж ирсэн хүмүүс бухимдаад байгаа юм.

ҮБХ-ны гишүүн гэдэг нь УИХ-ын гишүүн гэдэгтэй төстэй намдаа сонгогдсон төлөөлөгч байхгүй юу.

Би яагаад тооноор орж ирсэн гэж онцлоод байна вэ гэвэл манай намын дүрэм журмаар бол намын жагсаалтад орох гэж байгаа хүмүүс, намын тойрогт орох гэж байгаа хүмүүст хоёр шалгуур тавьдаг. Нэгдүгээрт, хандиваа өгсөн байх ёстой, дээр нь тойрогтоо рейтингийн судалгаа аваад хамгийн өндөр санал авсан хүмүүс нь нэр дэвших ёстой. Харамсалтай нь, ордны хуйвалдаанаар одоогийн УИХ-д гарчихаад хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэдэг шиг аашилж, намыг дүрэмгүй журамгүй байсан шиг олон нийтийг төөрөгдүүлж байгаад харамсаж байна.

Уг нь манай намын дүрэмд зөвхөн УИХ-ын гишүүн намын даргад өрсөлдөнө гэдэг зохицуулалт байхгүй, харин дөрвөн жил энэ намдаа хариуцлага үүрээрээй, ҮБХ-ны татвар хураамжийг төлөөрэй, ҮБХ-ны гишүүдээсээ тодохрхой хэмжээний дэмжлэгтэй байгаарай л гээд байгаа юм.  Үүнд эргэлзэх зүйл байхгүй.

-Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн намууд ирэх арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө дүрэм журмаа гишүүдээрээ батлуулчихаад Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээж байгаа. Энэ агуулгаараа бол нэр бүхий гишүүдийн тавиад байгаа шаардлага үндэслэлтэй юм биш үү?

-1992 оны Үндсэн хуулийг батлаад олон намын тогтолцоотой болсноос хойш Улсын дээд шүүхэд улс төрийн намууд дүрмээ бүртгүүлсэн.  1992 оноос хойш 34 нам дүрмээ янз бүрийн байдлаар өөрчлөөд явж байгаа.  Намын дүрмийг өөрчилнө гэдэг нам байхгүй болсон гэсэн үг биш. Тэгэхээр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдье гээд Улс төрийн зөвлөлдөө мэдэгдэл хийчихсэн.  Ардчилсан нам бол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй хуулийн этгээд. Тэнд байгаа намын дүрмийг өнөөдөр хэн ч хүчингүй болгоогүй, хэн ч хүчингүй болгож чадахгүй. Яагаад гэвэл намын их хурал, дотоод асуудлаараа шийдвэрлэдэг.

Одоогийн байдлаар энэ дүрмээ хүчингүй болгоогүй учраас цаашаа зохион байгуулалтаа хийгээд явна л гэж ойлгох хэрэгтэй.

Таны асуугаад байгаа зүйл бол улс төрийн нам цаашаа цахим болох хэрэгтэй, ил тод болох хэрэгтэй илүү ардчилсан болох хэрэгтэй гэдэг өнцгөөр 2024 оны өмнөх парламент Улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулаад энэ өөрчлөлтийн дагуу дүрмийн зарим хэсгээ сайжруулаарай гэсэн. Түүнээс дүрмээ хүчингүй болгоорой, шинэ дүрэм бичээрэй гэсэн юм биш.

Байгаа дүрмээ хуулийн дагуу сайжрууларай гэсэн. Зарим заалтыг нэмж болно заримыг нь хасаж болно. Энд хангалттай цаг хугацаа, хангалттай мэргэжлийн баг хэрэгтэй. Зохих ёсондоо яриад явна. Чадвал бид нар ҮБХ- ныхоо шугамаар Л.Гантөмөр даргын багийнхны гаргаж ирсэн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцээд явна.

Хэрвээ энэ хүн солигдох яах вэ, хүлээж байг, шинэ дүрэмтэй болсны дараа намын даргын асуудлыг хэлэлцье гэх юм бол хариуцлагыг нь яах юм.

Буцах хүнээр ачаа бүү татуул гэж үг байдаг. Аль эрт огцорчихсон, мэдэгдлээ хийчихсэн, Улс төрийн зөвлөлдөө хүсэлтээ өгчихсөн, ҮБХ, Их хурлаа зарлачихсан байна.

Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ шиг тамгаа аваад зугтаачихаагүй байна,  хээр очиж, хэрэг төвгөө нуух талаар хэлэлцүүлэг өрнүүлж, Харвардын нэртэй  залуучуудтайгаа нийлээд хуйвалдаан хийгээгүй байна. Харин монгол ёсоороо хэн ялсанд нь тамгаа өгье гэж байна. Ийм байхад Ардын намын БЭТ-үүд албан тушаалаасаа огцорчихно гээд айгаад байдаг юм уу, Ардын намынхны гар хөл, гэмт хэрэгтнүүдийн гар хөл болчихсон хүмүүс нь энэ намыг бужигнуулах сохирхол байна. Тиймээс ҮБХ-ны нийт журмын нөхдүүддээ хандаж хэлэхэд байгаа дүрмэндээ, байгаа журмандаа байгаа хүмүүс нь өрсөлдөөд хэн ялсан нь гараад ирээч гэж хэлэх байна.

– ҮБХ-ны хурал тулаад ирсэн үед  О.Алтангэрэл тэргүүтэй гишүүд шинэ дүрмээр намын даргыг сонгох шаардлага тавьж эхэлсэн нь нэг талдаа оройтсон юм шиг боловч нөгөө талдаа бусдын гар хөл болж, яваад байгаа юм биш биз гэсэн хардлага ч дагуулах?

-Би хүний тухай яримааргүй байна.  Тэгэхдээ О.Алтангэрэл Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа харамсалтай мэдэгдлүүд хийж байсан. Тухайлбал, та бүхэн санаж байгаа бол “Улс төрийн зөвлөлийнхөн маань гэмт хэрэгтэн. Тэд хөрөнгө хураах хуулийг эсэргүүцээд байна. Эсвэл манай намын зарим нэг этгээд ажил шаардаад байна, би хүнд ажил өгөх гэж яваагүй” гэхчлэн хүний ой тоонд оромгүй мэдэгдэл хийж байсан. Залуу хүн, улстөрч болох гэж ядаж яваа хүний хувьд алдаа байж болно.

Гэхдээ сүүлийн үед Ардын намынхны зүгээс Ардчилсан намынхныг дарга аа солих асуудалд нь ямар нэгэн байдлаар саад хийцгээе гэдэг хандлагыг 15 давхраас явуулж байна гэдэг хов сонсогдох болсон.

Тэр хов сүүлийн үед гараад байгаа үйл явдал, ялангуяа албан тушаал авсан хүмүүс жишээлбэл, Чикакогийн консул болчихсон нөхөр байгаа, таны хэлээд байгаа О.Алтангэрэлийн үг, Ардын намынхны өөрсдийнхөө намд хэлэх гээд байгаа үгтэй агаар нэг сонсогдох болсон нь миний хувьд маш их санаа зовж байна. Ардын нам бол Ардчилсан намыг хүчтэй байгаасай гэж бодох ёстой. Харамсалтай нь 2020 онд тамга тэмдэгний хэрүүл дээр Ардын намынхан их тоглосон шүү дээ. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ороход их түвэгтэй байдал үүсэж байсан. 2024 оны сонгууль ч адил, арайхийн даргатай болоогүй бол ер нь бол сонгуульд  орооход ч эргэлзээтэй байсан. Нэр дэвшилтээ харахгүй юу.

Жагсаалтын 16 хүнээ хар, тойрог дээр нэр дэвшээд гарсан хүмүүсээ хар. Улс орны асуудал яриад байгаа юм уу, урдах эрх мэдлийн асуудал яриад байгаа юм уу.

ҮБХ хариуцлагатай байя, намаараа дамжуулаад 2028 оны сонгуульд  ялалт байгуулъя гэж бодож байгаа бол нэгдүгээрт, эв нэгдлийг хангах хэрэгтэй, хоёрдугаарт дүрэм журмандаа захирагдах ёстой. Хэрвээ бид намын дарга аа яаралтай сонгохгүй бол ирэх есдүгээр сарын 15-нд УИХ-ын намрын чуулган эхлэхэд сөрөг хүчний тухай ярих утгагүй болох гээд байна.

Яагаад гэвэл УИХ дээр Татварын хууль орж ирнэ.  УИХ-ын гишүүн Х.Ганхугийн оруулж ирж байгаа энэ хууль хүмүүсийг эд хөрөнгөөр нь ялгаварлан гадуурхсан, иргэдээс 20 хувийн татвар авах гэж байна. Ийм ноцтой зүйлийг санаачлаад явж байна. Энэн дээр нэг О.Алтангэрэл, нэг Л.Гантөмөр юу ч яриад нэмэргүй. Намынхаа хүчээр зарим нэг зарчимгүй үйлдлийг таслан зогсоох ёстой.  Гоё ярихдаа биш үнэн ярих нь чухал.

Өмнө нь энэ дүрмээр даргаа сонгосон. С.Баярцогт Ардчилсан намын даргаар сонгогдоогүй ч түүнийг дэмжигчид “Энэ болохгүй дүрэм шүү дээ” гээд хэл ам хийгээд байсан уу. Үгүй шүү дээ. Зарчимтай, соёлтой л байгаа шүү дээ. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр дараагийн хүндээ ажлаа өгье гэж байна. Гэтэл дундуур нь Женко нэртэй хүн сүг  энэ намыг, энэ улсыг, эдийн засгийг хорлочихоод зогсохгүй Ардын намын БЭТ-ээ алдахаас үнхэлцгээ хагартал айгаад байна. Одоо тэд нар шалдан болчихоод сандраад байна.

About Author