Нийслэл байраа зарж, сургууль, цэцэрлэгийн сандал ширээний мөнгө босгов
Хичээлийн шинэ жил дөхсөн энэ үед сандал ширээгүйн улмаас ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгүүд хичээллэх эсэх нь тодорхойгүй байгааг албаныхан мэдээлсэн. Тэгвэл нийслэлийн удирдлагууд олон жилийн турш алдагдсан өмчийн барилгуудаа дуудлага худалдаагаар зарж, сургууль цэцэрлэгийн сандал ширээний асуудлыг шийдэж байна. Жишээлбэл, нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах эмийн үйлдвэрийн 3150 ам.метр газрыг чөлөөлсөн. Уг газрыг “Эхлэл брэнд” ХХК-д 9.3 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаагаар борлуулж, олсон орлогоор нь Улаанбаатар хотод зогссон, санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан байна. Нийслэлээс 15 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахад ийнхүү дэмжлэг үзүүлжээ.
Мөн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, хуучнаар Шуудангийн 24 дүгээр салбарын барилгыг “Вирео үсрэлт” ХХК нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж авч, 1.6 тэрбум төгрөгийн үнэд хүрээд байна.
Тэгвэл уг 1.6 тэрбум төгрөгийн орлогоор сургууль, цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж зэргийг шийдвэрлэхээр болсныг НЗДТГ-ын дарга Д.Амгалан мэдээллээ. Тэрбээр “Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад сандал, ширээ, тохижилт, тоног төхөөрөмжгүй учраас ашиглалтад орж чадахгүй 17 сургууль, 20 цэцэрлэг байна. Эдгээр сургууль, цэцэрлэгт 15000 гаруй хүүхэд сурч боловсрол эзэмших боломжтой. Тэдгээрийн сандал, ширээ, тоног төхөөрөмж, хатуу, зөөлөн эдлэлд алдагдсан өмчийг эргүүлэн аваад олсон орлогоо зарцуулна. Цаашид ч нийслэлээс алдагдаж, эзэнгүйдсэн барилгуудаа өмчдөө эргүүлэн авах ажлыг зохион байгуулна” гэжээ.
Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Тамираа өмнө нь энэ асуудлаар мэдээлэл өгөхдөө “Нийслэлийн зүгээс яриад байгаа сандал, ширээгүй сургууль цэцэрлэгийн хувьд, нийслэлийн хэмжээнд нийт 139 барилга байгууламжийн төсөл хэрэгжиж байгаа. Үүний 71 нь улсын төсвөөр, 44 нийслэлийн хөрөнгөөр, 14 нь дүүргийн төсвөөр хэрэгжиж байна. Нийслэлийн болон дүүргийн төсвөөр хэрэгжиж байгаа эдгээр барилгын хяналтыг нийслэл өөрөө бүрэн хариуцаж явдаг. Хэзээ эдгээр барилга ашиглалтад орох вэ гэдгийг нийслэлээс хариуцаж, тоног төхөөрөмжөөр хангах ёстой. Боловсролын сайдын багцын хүрээнд зөвхөн улсын төсвөөр хэрэгжиж буй арга хэмжээг хариуцаж, хяналтаа тавина. Нийслэлийн зүгээс өнгөрсөн хугацаанд Төсвийн тухай хуулиараа санал ирүүлэхдээ голчлон барилга байгууламжийн санал ирүүлж байсан. Өнөөдрийг хүртэл сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжтэй холбоотой нэг ч санал ирүүлээгүй. Төсвийн тухай хуулиар дүүргүүд саналаа гаргаж, нийслэл дээр нэгтгэн салбар яаманд ирүүлэх ёстой байдаг. Яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийг тоног төхөөрөмжөөр хангах үүргийг бүрэн хэрэгжүүлж байна. Энэ жилийн тухайд улсын төсвийн хөрөнгөөр нийт 32.4 тэрбум төгрөг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан төсвөөр тусгасан. Энэ төсөв ашиглалтад орох сургууль, цэцэрлэг, спорт заал, дотуур байрын хэрэгцээтэй тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан.
Төсвийн тухай хууль болон Тендерийн тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагаагаа зохион байгуулсан боловч харамсалтай нь ширээ сандал болон гал тогооны тоног төхөөрөмжийн тендер Төрийн хэмнэлтийн тухай хуулиараа тавдугаар сарын 31-ний өдөртөө багтаагүй гэдэг шалтгаанаар амжилтгүй болсон.
Гэхдээ бид есдүгээр сарын 1-н гэхэд шинээр ашиглалтад орсон 17 сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн тендерийн асуудлыг УИХ-д хүргүүлж, долдугаар сард батлагдсан төсвийн тодотголоор төсвөө батлуулж, худалдан авах ажиллагаагаа зохион байгуулж байна. Ширээ, сандал, гал тогооны тоног төхөөрөмжийг дотоодын үйлдвэрээсээ худалдан авах Засгийн газрын тогтоол батлагдсан байдаг. Тэгэхээр дотоодын үйлдвэрээс худалдан авахдаа бид цахим дэлгүүр буюу ерөнхий гэрээний аргаар худалдан авах арга хэмжээгээ давхар зохион байгуулсан. Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран цахим дэлгүүрт ширээ сандал, багшийн бичиг хэргийн шүүгээ, цэцэрлэгийн ширээ сандлыг цахим дэлгүүрт байршуулж, илүү хурдан худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Бид сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг хангах ажлыг зохион байгуулж байна” гэсэн байдаг.