“УБДС” ТӨХК-ийн захирал Ц.Амарсанаа Б.Чойжилсүрэнгийн тушаалыг үндэслэн төсвийн их хэмжээний мөнгийг “цүнхний” компаниуд руу цутгажээ
Эрчим хүчний яамны харьяа төрийн өмчит компани болох “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах нэрийн дор тушаал гарган төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулж, бусдад давуу байдал олгон хууль зөрчсөн байж болзошгүй ноцтой баримтыг цувралаар хүргэж байна.
Ц.Амарсанаа нь Барилгын хөгжлийн төвийн ТӨҮГ-ийн гүйцэтгэх захирлаар олон жил ажиллаж байгаад МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газар байгуулагдсаны дараа тус албан тушаалаасаа бууж, тэр даруйдаа буюу 2024 оны аравдугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогджээ.
Харин тэрээр томилогдоод арав ч хоноогүй байхдаа буюу 2024 оны аравдугаар сарын 17-ны өдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/200 дугаар тушаал, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/221 дугаар тушаалыг тус тус үндэслэн “Зардал гаргах тухай” А/174, А/175, А/176, А/177, А/178 зэрэг тушаалуудыг нэгэн зэрэг гаргасан байна.
Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах гэсэн нэрийн дор гарсан энэхүү тушаалууд нь “эрчим хүчний хэмнэлт, ачааллыг зохицуулахын ач холбогдлын тухай” цахим орчинд идэвхжүүлэлт хийх, “эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэх нөхцөл байдлын талаар” видео шторк хийх, “дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн контент бэлтгэх, түгээх гэх мэт давхардсан агуулгуудтай байх аж.
Хамгийн сонирхолтой нь энэхүү тушаалууд гарсан даруйд буюу мөн өдөр “Визлис Визард ХХК, “Огмент” ХХК, “Майнримек” ХХК, “Блейк Стар Альфа” ХХК, “Энхансмент” ХХК зэрэг нийт таван аж ахуйн нэгжтэй дээрх тушаалын дагуу гэрээ байгуулжээ.
Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас тодруулахад, дээрх компаниудыг Мөнхбатын Маргад, Ганбатын Баярмагнай нар хамтран үүсгэн байгуулсан, гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаа нь анхаарал татаж байна.
Эрчим хүчний сайдын тушаалын дагуу Ц.Амарсанаа тушаал гарган, гэрээ байгуулахдаа компани нэг бүр дээр тендерийн босго үнэ болох 20 сая төгрөгт хүргэхгүйгээр зориудаар 19,960,000 төгрөгөөр гэрээ байгуулсан байна.
Нөгөөтэйгүүр энэ бүхнээс хамгийн их анхаарал татаж байгаа өөр нэг зүйл бол төлбөрийг гэрээ байгуулагдсан даруйд 4,990,000 төгрөгөөр 4 хуваан гүйцэтгэгч компанийн дансанд шилжүүлэх тухай гэрээний заалт юм. Энэ бол шилэн дансны системд мэдээлэхгүй байхаар зориуд зохицуулсан арга хэлбэр юм.
Энэ мэтээр М.Маргад, Г.Баярмагнай гэх этгээдүүтэй холбоотой хувь эзэмшил, хамаарлаараа холбогддог таван компани нь нэг өдрийн дотор нийлбэр дүнгээрээ 99,800,000 мянган төгрөгийг хялбархан халаасалжээ.
Эх сурвалжийн зүгээс М.Маргад, Г.Баярмагнай нар нь эрчим хүчний салбар дахь төрийн өмчит аж ахуй нэгжүүдтэй хэд хэдэн удаагийн давтан үйлдлээр энэ мэт арга хэрэглэн гэрээ хэлцэл байгуулан, төсвийн мөнгийг их хэмжээгээр нь халаасалдаг, тэдний энэхүү үйлдлийг эрчим хүчний салбарын томоохон албан тушаалтан дэмждэг гэх мэдээллийг өгч байгаа юм.
Тиймээс “цүнхний” хэмээн нэрлэж болохуйц дээрх компаниуд болон тэдгээрийн эзэдтэй гэрээ хэлцэл хийн төсвийн мөнгийг гарын салаагаараа урсгаж байгаа Ц.Амарсанаа нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, хууль зөрчсөн байх аваас хуульд заасан холбогдох арга хэмжээг авч улсыг хохиролгүй болгох нь зүй ёсны асуудал юм.














Үргэлжлэл бий…
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN