ОХУ: Курилскт АИ-92 бензинийг түр хугацаагаар худалдахгүй

TASS_61092557-810x500

ОХУ-ын Алс Дорнод дахь Курилын арлуудын зарим хэсэг бензиний хомсдолд орсныг орон нутгийн эрх баригчид мэдэгджээ. Энэ нь Орос даяар газрын тос боловсруулах үйлдвэрүүд Украины нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртсөн, улирлын чанартай эрэлт ихэссэн зэрэгтэй холбоотой.

Хомсдолын улмаас АИ-92 бензинийг олон нийтэд худалдахыг түр хугацаагаар зогсоосныг Курилск дүүргийн захирагч Константин Истомин мэдэгджээ. Курилск нь Курилын арлуудын Сахалин мужийн нутаг дэвсгэрт оршдог. Тус бүс нутагт таван өдрийн өмнөөс нэг хэрэглэгчид олгох шатахууны хэмжээг 10 литрээр хязгаарлаад байв. Курилск дүүргийн өмнөд хэсэг нь Японы Хоккайдо мужаас зүүн хойд зүгт 120 км зайд оршдог.

Хөрш Примор мужид ч өнгөрсөн амралтын өдрүүдээр хомсдол үүсч, шатахуун түгээх газруудын гадаа урт дараалал үүсчээ.

Оросын хэд хэдэн томоохон нефть боловсруулах үйлдвэр нисгэгчгүй онгоцны дайралтад өртсөнөөр бензиний үнэ тэнгэрт тулсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Кремль нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд наймдугаар сар хүртэл шатахууны экспортод түр хориг тависан байснаа сүүлд нь есдүгээр сар хүртэл сунгаад буй.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

About Author