Судалгаа: Үхэр, хонины мах идэх нь хавдар тусах эрсдэлийг бууруулдаг
- Applied Physiology, Nutrition, and Metabolism сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаанд 19-өөс дээш насны 16 мянга орчим хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.
- Эрдэмтдийн гаргасан дүгнэлтээр, амьтны гаралтай уургийн хэрэглээ өндөр байсан ч нас баралтын эрсдэл нэмэгдэхгүй байв.
- Харин амьтны гаралтай уураг багахан боловч хавдрын эрсдэлийг бууруулах боломжтой гэсэн үр дүн илүү онцлог байв.
Амьтны гаралтай уургийн хэрэглээ хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах боломжтой хэмээн шинэ судалгаанд дурджээ.
Амьтны гаралтай уургийн хэрэглээ хүний нас баралтын түвшинд сөрөг нөлөө үзүүлдэггүй бөгөөд бүр хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах боломжтой хэмээн шинэ судалгаанд дурджээ.
Applied Physiology, Nutrition, and Metabolism сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаанд АНУ-ын Үндэсний эрүүл мэнд ба хоол тэжээлийн үзлэг судалгааны хүрээнд 19-өөс дээш насны 16 мянга орчим хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.
Судалгаагаар хүмүүсийн хэрэглэдэг амьтан болон ургамлын гаралтай уургийн хэмжээ, тэдгээрийн хэрэглээ нас баралтад хэрхэн нөлөөлж буйг судалжээ.
Эрдэмтдийн гаргасан дүгнэлтээр, амьтны гаралтай уургийн хэрэглээ өндөр байсан ч нас баралтын эрсдэл нэмэгдэхгүй байв. Харин хавдартай холбоотой нас баралт бага зэрэг боловч статистикийн хувьд ач холбогдолтой хэмжээгээр буурч байсан нь онцлог байлаа. Ургамлын болон амьтны гаралтай уургийг хамтад нь шинжилсэн ч үр дүн өөрчлөгдөөгүй бөгөөд энэ нь ургамлын гаралтай уураг хавдрын эрсдэлд төдийлөн хүчтэй нөлөө үзүүлдэггүйг, харин амьтны гаралтай уураг багахан хамгаалах нөлөөтэй болохыг харуулсан байна.
“Уурагтай холбоотой маш их эргэлзээ байдаг. Ямар төрлийн уураг, ямар хэмжээгээр хэрэглэх естой, урт хугацаанд эрүүл, мэндэд хэрхэн нөлөөлөх нь тодорхой бус байсан. Энэ судалгаа нь баримтад суурилсан, зөв сонголт хийхэд чухал ач холбогдолтой” хэмээн судалгааг ахалсан МакМастерийн их сургуулийн профессор Стюарт Филлипс онцоллоо.
Найдвартай үр дүн гаргахын тулд эрдэмтэд АНУ-ын Хавдрын үндэсний хүрээлэнгийн аргачлал болон олон хувьсагчтай Марковын гинжин Монте Карло (МСМС) загварчлал ашигласан байна. Энэ нь өдөр тутмын хооллолтын хэлбэлзлийг тооцон, урт хугацааны хэрэглээг илүү үнэн зөв тодорхойлох боломж олгосон гэж судлаачид тайлбарлажээ.
Судалгааны дүгнэлтээр, нийт уураг, ургамлын эсвэл амьтны гаралтай уургийн хэрэглээ нь нас баралттай ямар нэгэн хамааралгүй болох нь тогтоогджээ. Харин амьтны гаралтай уураг багахан боловч хавдрын эрсдэлийг бууруулах боломжтой гэсэн үр дүн илүү онцлог байв.
Монгол Улсын хүн амын хоол хүнсний хэрэглээний бүтцэд мах, сүү, сүүн бүтээгдэхүүн гол байр суурь эзэлдэг. Амьтны гаралтай хүнс өргөн хэрэглэдэг монголчуудын хувьд энэ судалгааны үр дүн онцгой ач холбогдолтой. Уламжлалт мах, сүүний хэрэглээ нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн ойлголтыг залруулж, харин ч зөв хэмжээгээр хэрэглэх нь хавдрын эрсдэлээс тодорхой хэмжээгээр хамгаалах боломжтойг харуулж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар монголчуудын хувьд уургийн төрөл, хэмжээг зөв тэнцвэржүүлэн хэрэглэх нь хамгийн чухал бөгөөд энэ нь урт наслалт, хавдар болон зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулахад чухал нөлөөтэй гэж үзэж болох юм.