Ч.Лодойсамбуу: Л.Гантөмөр дарга асар их тэвчээр гаргаж АН-ыг энэ зэрэгт хүргэсэн

лодой

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр /2025.08.28/ цаг үеийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийллээ.


УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Ардчилсан намын дарга сонгох уур амьсгал маш тайван, ажил хэрэгч, эв нэгдэлтэй байна. Хуралдаанаар намын дүрэм, намын шинэ даргыг сонгоно. Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн ажлаа өгөх өргөдлийг нь мөн хэлэлцэнэ. Одоо дараагийн намын даргыг сонгох сонгуулийн товыг зарлах болон дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлах гэж байна. Ардчилсан намын даргыг сонгох журмыг танилцуулж, бүрэлдэхүүнийг батлах гэж байна. Ардчилсан намын ҮБХ-д дөрвөн жилийн хугацаанд ажиллаагүй хүн намын даргад нэр дэвших боломжгүй. Нэг үгээр би УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нэр дэвших боломжгүй болсон.

Энэхүү дүрэм журам Л.Гантөмөр даргыг сонгоход хэрэглэсэн хүчин төгөлдөр дүрмийн дагуу баталсан журам. Ардчилсан намын дүрэм журамтай хамт Улсын дээд шүүхээр батлагдаж байсан. Мөн журамд өөрчлөлт оруулах санал одоогоор гарсангүй.  Эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийг хүндлээд явна. Улс төрийн намын зорилго бол ялалт байдаг. Бид хэн нь ялагч юм бэ гэдэг тухай энд ярих биш. Өнөөдрийг хүртэл эвлэрүүлэх гэж явсан намыг хуваах сонирхол алга байна. Өнгөрсөн хугацаанд өөр өөр тийшээ харсан байсан намыг Л.Гантөмөр дарга эвлүүлсэн.

Л.Гантөмөр дарга ямар саад бэрхшээл, ямар уулзалтуудыг хийж байсныг өөрийн биеэр харж байсан. Асар их тэвчээр, асар их зориг шаардаж байж энэ зэрэгт хүргэсэн.

Ер нь бид эвлэлдэн нэгдэж шинэ дүрмээ батлуулж явах хэрэгтэй. Нөгөө талаас шинэ даргатайгаа хамтарч ялалтын төлөө явах хэрэгтэй. Шаардлага хангаж байгаа журмын нөхдийн хооронд өрсөлдөөн явагдана. Тэндээс ямар дарга гарч ирсэн ч хамтраад мэддэг, чаддаг зүйлээрээ хамтраад явна. Мөн удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуульд ялалт байгуулахын төлөө хамтдаа явна. Энэ ялалтыг байгуулсан хойно Монголын төр, төр шиг болж ядаргаа, зүдэргээнээсээ гарна. Энэ бол миний итгэл үнэмшил юм. Бид ялахын төлөө нэгдэх ёстой, хамт явах ёстой. Өнөөгийн нийгэм бэлэн болсон. Энэ цагт Ардчилсан нам өөрөө олигтой байж эрх баригч намын эсрэг ганц зогсох нам юм. Нэг үгээр манай нам итгэл даахуйц байх ёстой.

Намын даргын өрсөлдөөн явагдаж байх хойгуур хэн нэгнийг дэмжинэ гэж хэлэхгүй. Бидэнд эв нэгдэл хамгийн чухал. Намын даргад хэн ялсан ч намын даргатайгаа хамтраад ялалтын төлөө явна. Ингэж байж энэ улсад нар, сар, салхи орно. Намын даргыг МАН-аас захиалаад байдаг зүйл байхгүй. Шууд захиалаад хийдэг зүйл ч байхгүй. Энд 300 гаруй хүн намын даргаа сонгох гээд сууж байна. Аль нэг хүн намын захиалгаар дарга болно гэсэн зүйл яригдаагүй. Энэ бол зохиомол яриа юм.

About Author