Д.Aмарбаясгалан бол Монголын эдийн засгийг хүчирхэгжүүлэх Засгийн газрыг даасан дарга л баймаар байна!

9ryvhqaP7Yx8b3OUZrq5

    Ардчилсан намын дарга Одонгийн Цогтгэрэлд юм юм гэгээн харагдаад, ихээхэн тэмүүлэлтэй байна. Гадаадын Элчингүүд баяр хүргэснийг ёслол төгөлдөр мэдээлээд л. Тэгсэнээ хамт өрсөлдсөн хэмээгдэх гурваа урьж ярилцаад л. Ерөөс нэг нэг тийм байж ядсан, зурхайд ирсэн хүлэг лугаа адил болчихлоо. Тэгснээ аавынхаа эдлэж байсан гэх социалист нийгмийн үеийн хоёр машиныг зүлгэж тордоод шинэчилчихсэн, жолооны нь хүрд дээр суучихсан, догирхоод л хачин эрэмшүү байгаа нь харагдана.

Хэрэг дээрээ хамтарсан Засгийн машинд суухыг л илэрхийлээд л, хуучны нэгэн кинонд гардаг шиг “Уралдах уу, уралдая” гэсэн шиг дүүхэлзээд байгааг нийгмийн сүлжээнээс олон нийт харж л байна. О.Цогтгэрэлийн энэ үйлдлээс нэг зүйл уншигдана, илэрхийлэгдэнэ. О. Цогтгэрэлийн гэхээсээ илүүтэй, О.Цогтгэрэлийг “бүтээгсэд” тийм төрхийг санал болгоод, мань шинэ дарга түүнийг нь гүйцэтгээд байгаагаар ойлгогдоно. О.Цогтгэрэлийн үйлдлүүд бол хэлээд байна. Ардчилсан нам даргатай болчихлоо. Хүчтэй, “хүчжүүлсэн” даргатай болчихлоо. Намын рейтинг муугүй байна. Цоохор дээлтээсээ холдчихлоо. УИХ-д 43 хүн байж байна. Юу ч хийвэл л, хийчихье гэсэн шиг аархуу байгаа юм. Яг үнэндээ бол, Ардчилсан нам асуудлаа шийдчихлээ. Зам дээр “машинаа шинэчлээд гарчихлаа”, тэр тусмаа хуучны социалзмын үеийнх шиг машиныг “сэлбэж” болж байна гэсэн шиг төрх байдал үзүүлэх. Энэ бол МАН-ыг өдөж байгаа юм. Өдүүлж байгаа юм.

Та нар засаглаж чадаж байна уу, бод л доо л гээд байх шиг байна. Танай намын асуудлыг дээгүүр шийдэх хүрээнд, толгойд, миний намын нам асуудал жигдэрчихлээ, “хүлээж” байна шүү л гэсэн утга агуулга шингээстэй байна. Аргагүй юм аа, Ардын намаа шийдчихнэ ээ, эхлээд чиний асуудлыг шийдэх нь чухал байна гэсээр түүнийг АН-ын дээвэр олбогт нэгэнт суулгачихсанаас хойш. О.Цогтгэрэл хэлсэн.

МАН засаглаж чадахгүйгээ хүлээн зөвшөөрсөн нөхцөлд гэдэг сонин үг хэлсэн. Засаглаад зуун жил болсон МАН-д энэ үг харш. Зөвшөөрөмгүй, бүр дургүй хүрэм.

Гэтэл МАН-ыг засаглаж үл чадаж байна гэдэг агуулгыг түгээх үйл явцууд өрнөсөөр. Юуны өмнө эл намыг хоёр хэсэгт байгаагаар нэгэнт нийгэм харлаа. У. Хүрэлсүхийнхэн ба Л. Оюун-Эрдэнэ, Д. Амарбаясгалангийнхан гэж харахаар болгочихлоо. Түүнийг батлах мэт үйл ажиллагааг хийсээр байна. УИХ-ын даргыг Казахстанаас ирэхийг тосгуулаад л түүнийг баалсан нийгмийн сүлжээ илтэд идэвхжиж байна. Л. Оюун-Эрдэнийг ч улам л ноцоод байгаа үзэгдэнэ. “Байлдаан” бол болоод л байна. Намын Их Хурлыг хүртэл энэ нь үргэлжлэх нь ойлгомжтой байна. Энэ хурцадмал байдал л мөнөөх О.Цогтгэрэлийн засаглаж чадахгүй нөхцөлд гэдгийг санагдуулаад, сануулаад өгнө. Хоорондоо эвтэй байхгүй байгаа улс яаж засаглах юм, нам дотроо дөрөө нийлэхгүй улс Засгийн ажилд яаж дөрөө нийлэх юм гээд л мэтгээд, мэлзээд байвал хэн үгүй гэх билээ. Ийм л болчихоод байна. Увс аймгийн намын хорооны нэг нөхөр “Зандан ч сонин биш, Амар ч хачин биш” гэх агуулгатай үг шидлээд, Зүүний хүчний чигийн Амар нэртэй хүн мөн МАН-ИХ хурлыг сануулаад л байна. Энэ чинь ойлгомжтой байна шүү дээ. МАН-ын даргын асуудлыг нэн түргэтгэмээр байна гэдгийг л сануулаад байна. Увсын намын хорооны нөхрийн цаана Ч. Хүрэлбаатар байгааг тааж түвдэх зүйлгүй, ер нь МАН-ын ИХ хурлыг яаруулах зорилго ХҮРЭЛтэй хүмүүсээс л шидэгдээд, идэвхжигдээд байгааг нийгэм тодхон анзаарсаар. Улс орон тайван баймаар байна. Урагшилмаар байна. Гангийн үйлдвэр, Газрын тосны үйлдвэрээ баримаар байна.

Ингэхэд Засаг тогтвортой байх шиг тустай юм үгүй. Г.Занданшатар Ерөнхий сайд ажиллаж л байна. Хийсэн ажил минь өмнөөс ярина гэсэн зарчим бариад байх шиг байна.  Эрдэнэтэд шинэ орд илрүүллээ, Баялагийн сан бэлжих нь гээд л романтик маягийн рийл явуулж л байна. Ер нь бол нийгмийн эрэлтийг мэдрээд л байх шиг байна. Эрдэнэтийн үйлдвэрийн өсөх  геологич А. Ундрахтамир гэгч  “ Геологид мөнгө зар гэдэг Ерөнхий сайдыг анх харлаа” гээд л Г. Занданшатарыг хэлж байх шиг байсан. Тэр биелэлийн илэрхийлэл болгож Оюут ордыг зарлах шиг. Шив шинэ юм биш л дээ. Ер нь бол тогтоочихсон л байсан орд. Шивээ толгой, Жавхлант хоёрыг л ОНТРЭ-гээс салгаж шийдвэл жинхэнэ шинэ юм болох гээд байна аа, Ерөнхий сайд Г.Занданшатар аа. Оюу толгойн долоон жилд нэг тохиодог эрх зүйн “засварын” цаг одоо тохиож байна аа, үүн дээрээ дөрөөлөөд Оюу толгойн хүүллийг жаахан ч гэсэн наашлуулах ажил хийвэл шинэ болох гээд байна аа, Ерөнхий сайд аа. Ийм ийм шинэ юм л хиймээр байна. Эрдэнэс Таван толгойн асуудлаар нэг хуулийн төсөл Засгийн газар барьчихсан. Д. Амарбаясгаланг “номхотгох” төсөл, аа бас Д.Амарбаясгаланд холбогдож байсан шигээс илүү “хулгайн” замтай төсөл гээд л хоёр талаас нь бичиж байна. Эрдэнэс Монголд Засгийн сайдуудын дарга Бямбаа өөрийн хүн Ц. Одхүүгээ ТУЗ-ийн даргаар тавьчихлаа. Зөвхөн эндээс л гэхэд зөвгүй шийдвэрүүд гарч болохгүй нь  жишээчлэгдэх бололтой. Г. Занданшатар дарга МАН-ын дарга болох учиртай л гэж байна. Үнэндээ бол Монголын эдийн засгийг аврах л дарга баймаар байгаа юм. Д. Амарбаясгаланг мөн МАН-ын дарга болгох учиртай л гэцгээж байна.

Д. Амарбаясгалан бол Монголын эдийн засгийг хүчирхэгжүүлэх Засгийн газрыг даасан дарга л баймаар байна.  Хоёр дуучныг тойрч тойрч яваад суучихлаа гэж Монголоороо шуугих юм. Хоёр гол намын нэг МАН засагласан шиг засаглаад, АН нь хянасан шиг хянаж, сөрөг хүчин шиг сөрөг хүчин л байвал Монголд тустайн талаар л шуугиж баймаар байна даа. АН-ын дарга О.Цогтгэрэл МАН засаглаж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн нөхцөлд гэж суухын оронд, МАН-ыг хүлээн зөвшөөрөгдөхөөр засаглуулах нөхцлийн тулд гээд сөрөг хүчний бодлогыг тулгаж баймаар л байгаа юм даа.

Эх сурвалж: Tug.mn

About Author