Д.Баясгалан “Бөөрөлжүүт”-дээ Хөгжлийн банкны босгосон бондоос 300 сая ам.доллар зээлэх тохироогоо “хийсэн” үү

bayasgalan-1

Өнгөрөгч 2024 онд нийслэл хот 500 тэрбумын бонд босгож, үүнийхээ 300 тэрбумыг “Бодь” группийн эрчим хүчний төсөл болох “Бөөрөлжүүт”-д өгсөн. Харин энэ жил Хөгжлийн банк 500 тэрбумын бондоосоо 300-г нь мөн “Бөөрөлжүүт” төслийг санхүүжүүлэх агуулгаар судалгаагаа эхлүүлжээ.

Хөгжлийн банкны зээл судлагдаж байгаа ч “дээгүүрээ” Д.Баясгаланд өгөх шийдвэр гарсан уу

Хөгжлийн банкны нээлттэй өгөгдлөөс харахад, Бөөрөлжүүтийн хоёр дахь үе шат буюу нийт 300 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай (2×150 МВт) цахилгаан станцын 3, 4-р блокийг барьж байгуулах ажилдаа зээлийн санхүүжилт хүссэн байна. Уг зээлийн санхүүжилт шийдэгдснээр,

  • 2027 оны 12 дугаар сард 3 дугаар блок (150 МВт),
  • 2028 оны 12 дугаар сард 4 дүгээр блок (150 МВт) ашиглалтад орох боломжтой аж.

Хөгжлийн банк нь 2025 онд олон улсын санхүүгийн зах зээлд нийт 500 сая ам.долларын бонд арилжихаар төлөвлөсөн. Уг бондын санхүүжилтээр,

Нэг. Өндөр хүүт бондын эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэх,

Хоёр. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэл дэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго тавьсан.

Энэ онд арилжсан бондын хүү 8.5 хувь, гурван жилийн хугацаатай, “Ди Би Эм-2028” нэртэйгээр зарлагдсан юм. Уг санхүүжилтээр 11 хувийн хүүтэй “Ди Би Эм-2026” бондын 122.3 сая ам.долларын бондыг дахин санхүүжүүлээд буй.

Хөгжлийн банкнаас уул уурхайгаас бусад салбар, ялгангуяа эрчим хүчний эргэн төлөгдөх чадамж бүхий “сайн” төслүүдэд санхүүжилт олгох хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Энэ хүрээнд Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондынхоо тодорхой хэсгээр дотоодын томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр зээлийн судалгаагаа эхлүүлсэн гэсэн үг. Тэдгээрийн хамгийн эхэнд “Бөөрөлжүүт”-ийн өргөтгөлийн төсөл нэрлэгдэж байна.

Хөшигний ард яригдаж буйгаар, Д.Баясгалангийн эзэмшдэг “Бодь” группээс хэрэгжүүлдэг “Бөөрөлжүүт” төслийн өргөтгөлд Хөгжлийн банкны 300 орчим сая ам.долларыг гаргахаар дээгүүр хүрээндээ “тохирсон” гэгдэх. Гэвч одоогоор уг шийдвэр албажин гараагүй, ТУЗ-ийн хурал товлогдоогүй байгаа юм.

Нийтдээ “Эрдэнэс Монгол” тэргүүтэй төрийн өмчийн 6, хувийн хэвшлийн 8 төслийг Хөгжлийн банк судалж буй бөгөөд санхүүжилт хүссэн хэмжээ нь 8.5 их наяд төгрөгт хүрч байгаа аж.

Б.Чойжилсүрэнгийн өвөл тог таслаж, гал алдаж мэдэх эрсдэл ба Д.Баясгалангийн улс төрийн нөлөөлөл

Юмны үнэн гэж, өнгөрсөн жил “Бөөрөлжүүт”-ээс эрчим хүч аваагүй бол хотод тог тасарч, гал алдаж мэдэх эрсдэл асар өндөр байсан нь үнэн. Нэгэн цагт УИХ-ын чуулганы танхимаас “Арилжааны банк төмар зам бариад байж болохгүй, Д.Баясгалан шуналаа тат” гэх мэтээр хатуухан шүүмжлэл илэрхийлж байсан Х.Нямбаатар хотын дарга болсон хойноо босгосон бондынхоо 300-г Д.Баясгалангийн төсөлд өгч, өвлийн эрчим хүчний асуудлаа шийдэж байв.

Гэвчиг Хөгжлийн банкны бүтэлгүй зээлүүдийг нийтэд илчлэх замаар “дэлбэлж” улс төрийн гараагаа эхлүүлсэн Н.Мандуулыг хот руу татахдаа Д.Баясгаланд бонд босгож өгөх зорилго л агуулсан мэт логик харагддаг нь нууц биш. Н.Мандуул ингэж хотод болон Д.Баясгаланд бонд босгож өгснийхөө шагналыг эдүгээ Чингэлтэй дүүргийн засаг дарга болж хүртсэн.

Улмаар хотын дарга Х.Нямбаатар “Бодь интернэшнл” ХХК-ийн Судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирлаар ажиллаж байсан Т.Даваадалайг орлогчоороо авсан нюанс ч байна. Түүнчлэн “Бодь”-ийн охин компаниудын нэг “Бодь-Электоринкс” л гэхэд өнгөрөгч жил улсын төсвөөс 55 тэрбум, 2025 онд 7.3 тэрбумын бэлтгэн нийлүүлэлтийн ажлууд авсан нь анхаарал татдаг.

Нэгэн цагт нийгмийн анхаарлыг ихээр татаж байсан төмөр замтай холбогдох оффтейк гэрээний асуудал эдүгээ онхи мартагдаж,

  • “Тавантолгой-Гашуунухайт” чиглэл дэх 260 км /дэлгэмэл урт 319/ төмөр замаас 1 тэрбум 282 сая ам.доллар,
  • “Богдхан” төслийн 130 км-ийн гүйцэтгэлээс 1 тэрбум 404 сая ам.доллар авахаар гэрээлсэн “Бодь-Интернэшнл” ХХК-тай холбогдох хэрэг ч яасан нь мэдэгдэхгүй замхарчээ.

Ерөөс Х.Баттулгын үед ч, У.Хүрэлсүхийн хүчтэй Ерөнхийлөгчийн дүртэй цагт ч яаж ийгээд төрөөс томоохон ажлуудыг авч, хаана ямар өгөөжтэй бонд, санхүүжилтийн орон зай байна, тэнд Д.Баясгалан боломжийг хамсаар яваа нь энэ цагийн үнэн юм.

Сүүлийн жилүүдэд хот ч, Хөгжлийн банк ч түүний төслүүдэд зориулж, бонд гаргаж байгаа мэт дүр зургууд ажиглагдах болжээ.

Нөгөө талд МАН-ын сонгуулийг угжсан зардлаараа сайдын суудлаа гурван удаагийн Засгийн газар дамнан хамгаалж буй Б.Чойжилсүрэнгийн ажлаа явуулж байгаа байдал Эрчим хүчний салбар амь тариагаа “Бөөрөлжүүт” төслийг бараадахаас өөр аргагүй нөхцөлд оруулсаар удлаа. ТЭЦ-3 дээр гарсан эрчим хүчний ослын дараа ирэх өвөл дахиад л хотынхны аминд Д.Баясгалангийн эхлүүлсэн эрчим хүчний төсөл орохоор нөхцөл байдалтай байгаа нь энэ юм.

Эх сурвалж: Eguur.mn

About Author