“Бэрэн групп зээлийн шаардлага хангаагүй ч захирлуудын зүгээс бидэнд шахалт үзүүлж байсан”

0

“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 21 дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр “Бэрэн групп” ХХК-ийн зээлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна. 

Тус компани 2014 онд “Хөгжлийн банк”-наас нийт 22.4 сая ам.доллар, 2017 (11 сая ам.доллар), 2018 онуудад (4.5 сая ам.доллар) зээл авсан байна. “Бэрэн” групп тус банкнаас есөн жилийн өмнө зээл авсан ч үйлдвэрийн бүтээн байгуулалт өнөөг хүртэл дуусаагүй, одоо 85 хувьтай байна.

Прокурор Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Т.Мөнхтулгын мэдүүлгийг уншив:

Мөнхтулгын мэдүүлэг: “Миний санаж байгаагаар “Бэрэн групп” компанийн барьцаа хөрөнгө зээлийн шаардлага хангаагүй. Хаан банканд байсан зээл нь төлөгдөөгүй зөрчилтэй. Мөн Хөгжлийн банкнаас өмнө нь 2014 онд авсан арматурын үйлдвэрийн төсөл нь хэрэгжилт муутай, 1.1 сая долларын өр төлбөртэй байсан санагдаж байна.

Миний санаж байгаагаар зээлийн танилцуулга дээр дээрх зөрчилтэй асуудлыг бүгдийг нь оруулж бичээд ахлах мэргэжилтэн Тогтохбаяр бид хоёр хянаад гарын үсэг зурж байсан. Ямар ч байсан зээлийн удирдлагын хороо болон ТУЗ-өөс дээрх нөхцөл шаардлагыг хангуулсны дараа зээл олгох дүгнэлт шийдвэрийг гаргасан. Тухайн үед мэргэжилтэн Батзориг дээрх нөхцөл шаардлагыг хангуулсны дараа холбогдох албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулсан ба миний хувьд дээрх нөхцөл шаардлага хангагдсан гэж үзээд гарын үсэг зурж байсан санагдаж байна. з

Зээлийн судалгаа хийгдэж байх үед Хөгжлийн банкны мэдээлийн сангийн лавлагаагаар “Бэрэн групп” компани 2015.05.29-ний өдөр Хаан банкнаас авсан 5.3 сая долларын зээлийн үлдэгдэл, 3.6 сая долларын хэвийн бус ангилалтай зээл, 2015.05.29-ний өдрийн Хаан банкнаас авсан 6 сая долларын үлдэгдэл, 5.4 сая доллар нь эргэлзээтэй ангилагдсан байна. Өөрөөр хэлбэл

Мөрдөгч: Хөгжлийн банкны зээлд тавигдах шаардлагад “Зээлдэгч  нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй бөгөөд зээлийн сайн түүхтэй байна. Зээлийн бодлогын 4.2.1 дэх хэсэгт бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэл байх ёсгүй гэх зээлийн шаардлагыг хангаагүй байна” гэж заасан. Ийм байхад яагаад компанид зээл олгуулсан юм бэ? Зээлийн шаардлага хангаагүй гээд зээлийн удирдлагын хороонд оруулахгүй гэж үзэж болох байсан уу?

Т.Мөнхтулга: Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан зээлийн үйл ажиллагааны журам байгаа. Энэ журам нь Хөгжлийн банкны хууль болон зээлийн бодлоготой уялдаж 2011 онд батлагдсан. Энэ журмын дагуу тухайн төсөл хөтөлбөрийг зээлийн газраас судлаад Зээлийн удирдлагын хороонд оруулдаг байсан. Зээлийн удирдлагын хороо болон ТУЗ-өөс татгалзах эрхтэй байсан. 2012 онд Хөгжлийн банкны хууль өөрчлөгдсөн. Үүнийг дагаад зээлийн бодлого өөрчлөгдсөн ч зээлийн журам өөрчлөгдөөгүй. Уг журамд хэн зээл судлах, хэн зээл судлахаас татгалзах асуудлыг тодорхой тусгаагүй байдаг учир бидний зүгээс шууд удирдлага буюу Зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр, гүйцэтгэх захирал Б.Батбаяр нарын өгсөн чиглэлийн дагуу л ажлаа хийдэг байсан.

Зарим зээл дээр шаардлага хангаагүй ч тодорхой нөхцөл шаардлага тавиад зээл олгохоор шийдчихдэг байсан. Энэ нь зарим зээлдэгчид давуу байдал үүсгэж байгаа асуудал юм.

Зээлийн газрын мэргэжилтэн зээлийг судлаад шаардлага хангасан, хангаагүй асуудлыг зээлийн шинжилгээний танилцуулгадаа оруулаад явдаг. Тэгээд зээлийн удирдлагын хороо болон ТУЗ-өөс зээл олгох шийдвэрийг гаргадаг байсан. Зээлийн удирдлагын хороо болон ТУЗ-өөс шийдвэр гаргахдаа зарим үед шаардлага хангаагүй гээд зээл олгохоос татгалзаад шийддэг. Тэгсэн хэрнээ зарим зээл дээр адилхан шаардлага хангаагүй ч тодорхой нөхцөл шаардлага тавиад зээл олгохоор шийдчихдэг байсан. Энэ нь зарим зээлдэгчид давуу байдал үүсгэж байгаа асуудал юм.

Зээлийн судалгаа хийж байгаа нэгжийн хувьд ямар тохиолдолд зээл олгохоос татгалзаад, ямар тохиолдолд нөхцөлтэй зээл олгох шийд гаргаад байгаа нь маш тодорхойгүй байдаг байсан. Иймд зээлийн судалгаа хийж байгаа нэгжийн зээлийн шаардлага хангасан болон хангаагүй зээлийг Зээлийн удирдлагын хороонд танилцуулдаг байсан. Магадгүй зээлийн удирдлагын хороо болон ТУЗ-өөс шийдвэр гаргахад ийм тохиолдолд зээл олгоно, олгохгүй гэдгийг тодорхой заагаад өгчихсөн бол Зээлийн удирдлагын хороонд оруулахгүйгээр татгалзаж болох байсан байх.

“Бэрэн групп” компанийн Хаан Банкнаас авсан хоёр удаагийн зээл зөрчилтэй байсан нь үнэн.

“Бэрэн групп” компанийн Хаан Банкнаас авсан хоёр удаагийн зээл зөрчилтэй байсан нь үнэн. Миний санаж байгаагаар “Бэрэн групп” компани өөрөө Хаан банктай тохироод зээлээ хэвийн нөхцөл рүү шилжүүлсэн байсан санагдаж байна.  Тэгээд манай банкны зүгээс зээл олгохдоо дээрх зээл нь хэвийн нөхцөл рүү шилжсэн эсэх нэг лавлагаа аваад л түүгээрээ баталгаажуулаад явж байсан санагдаж байна.

Мөрдөгч: “Бэрэн групп” компанид зээл олгохтой холбоотой таны шууд удирдлага, албан тушаалтнуудаас хууль бус үүрэг даалгавар өгч байсан уу? Тийм бол хэн ямар үүрэг даалгавар өгч байсан бэ?

Т.Мөнхтулга: Ер нь бол ямар нэг зээл олголтын үед манай газрын захирал Ч.Мөнхбаяр болон захирал Б.Батбаяр, тэргүүн дэд захирал Ч.Энхбат, тэр ч битгий хэл чиг үүрэгт нь хамааралгүй боловч активын удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу нарын зүгээс надтай уулзаж “Энэ зээл юу болж байна, тэр зээл юу болж байна, яаралтай гарга, хурдлуул” гэх байдлаар шалдаг байсан. Мөн зээл судалж байгаа мэргэжилтэн болон ахлах мэргэжилтэн Тогтохбаяр бид нарыг өрөөндөө дуудаж шахалт үзүүлдэг байсан. “Энэ зээл юу болж байна, энэ гүйлгээ юу болж байна? Хурдан танилцуул, оруулж ир” гэх мэтээр шахалт үзүүлдэг байсан.

“Бэрэн групп” компанийн тухайд гүйцэтгэх захирал Б.Батбаяр байнга асууж, хяналт тавьж, анхаарлаа хандуулдаг байсан. Б.Батбаяр захирал болон манай газрын захирал Ч.Мөнхбаяр нарын зүгээс надад болон зээлийн мэргэжилтэн Батзориг, Хулан нарт шахалт үзүүлж байсан. Тэд зээлийн шинжилгээний танилцуулгаа хурдан боловсруулж, зээлийн хороогоор оруул, зээлийн гүйлгээ хийх шийдвэрийг хурдан танилцуул гэх байдлаар шахдаг байсан.

Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр нарын зүгээс дээрх байдлаар шахалт үзүүлдэг байсан учраас би доошоо хариуцсан мэргэжилтнүүддээ тодорхой үүрэг өгдөг байсан. Зээлийн гүйлгээ хийх шийдвэрийн тухайд Ч.Мөнхбаяр болон Б.Батбаяр нар зээлийн мэргэжилтнийг биш намайг дуудаж уулзаад зээлийг  яаралтай танилцуул, хурдал яаравчил гэж шаардаад байсан учраас би доод мэргэжилтнүүддээ үүрэг өгдөг байсан. Надад аман байдлаар шахалт үзүүлдэг байсан. Тэрийг нь баримтжуулах үүднээс мэргэжилтэн Хулан руу би имэйл бичсэн байх магадлалтай.

Мөрдөгч: “Бэрэн групп” компани 2014 онд 23.7 сая долларын зээл авч түүнийгээ эргүүлэн төлөөгүй ба төсөл нь бүрэн хэрэгжээгүй байсан. Ийм байхад 2017 онд 11.6 сая доллар, 2018 онд 4.5 сая доллар олгосон нь ямар учиртай вэ?

Бид хуулийн шаардлага хангаагүй зээлийг хангасан болгож засах үүрэг өгөөгүй гэдгийг онцгойлон хэлмээр байна.

Т.Мөнхтулга: Өмнөх зээлээ төлөөгүй байхад нэмж зээл олгоно гэдэг угаасаа банкны хувьд маш эрсдэлтэй асуудал. Тус компани зээлийн хүсэлт гаргасан учраас манай банк судлаад нөхцөл байдлыг Зээлийн удирдлагын хороонд танилцуулсан. Зээл олгох асуудлыг би болон манай газар шийдээгүй. Зээлийн удирдлагын хороо болон ТУЗ-өөс зээл олгох шийдвэр гаргасан. Тэгэхээр шийдвэр гаргагч нарын алдаатай шийдвэр. Бид хуулийн шаардлага хангаагүй зээлийг хангасан болгож засах үүрэг өгөөгүй гэдгийг онцгойлон хэлмээр байна.

Үүнээс үзэхэд Б.Чойжилжалбуу захирал тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байсан. 

Би бичсэн мэйлээ харлаа. Мэргэжилтэн Хулангийн зүгээс “Бэрэн групп” компанид дараагийн ээлжийн санхүүжилтийг олгохгүй гэх байр суурьтай байсан. Ахлах мэргэжилтэн Аззаяа бид хоёр Хулангийн байр суурь зөв, дараагийн санхүүжилтийг олгохгүй байх нь зөв гэдэгтэй санал нэг байсан. Гэвч Ч.Мөнхбаяр, Б.Батбаяр, Б.Чойжилжалбуу нарын захирлуудын зүгээс тус тус намайг өрөөндөө дуудаж, санхүүжилт гүйлгээний талаар асууж байсан.

“Бэрэн групп” эхний санхжүүжилтийн зарцуулалтаа гаргаагүй тул дараагийн санхүүжилтийг олгохгүй гэдгийг хэлж байсан. Гэтэл Б.Чойжилжалбуу захирал мэргэжилтэн Хуланг хоёр удаа дуудаж уулзсан. Үүнээс үзэхэд Б.Чойжилжалбуу захирал тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байсан.  2018 оны 1-р сард Б.Батбаяр захирал намайг өрөөндөө дуудаж уулзаад “Бэрэн групп” компанийн тавьж байгаа хүсэлт үндэслэлтэй байна. Төсөлд шаардлагатай барилгын материалыг өвөл татан авна. Материал нь үнэд орох гээд байна, бэлдэж авах нь зөв. Гүйлгээ хийх шаардлагыг бэлдэж оруулаарай гэх аман үүргийг надад өгсөн. Мэргэжилтэн Батзориг гүйлгээ хийх нөхцөл шаардлага хангагдаагүй талаар бичсэн. Шаардлага хангаагүй ч гүйлгээ хийх шийдвэрийг Б.Батбаяр захирал гаргасан.” гэв

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *