Мөрийтэй тоглоом тоглуулж, нэг тэрбумын орлого олсон этгээдүүдийг баривчлав
Эрүүгийн цагдаагийн албаныхан “Покер-2” нэртэй апликейшн ашиглан тусгай өрөөнүүдийг зохиомол байдлаар зориудаар урьдчилан бэлдэж, иргэдийг оруулан, цахим мөрийтэй тоглоом ажиллуулсан 14 этгээдийг баривчилж таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Энэхүү хууль зөрчсөн үйлдлийг гурван бүлгийн 14 этгээд зохион байгуулсан байна. Тэд хууль бусаар олсон орлогоо байр, машин зэрэг үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгө угаах гэмт хэрэгт үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна гэж цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2025.09.09/ мэдэгдлээ. Хууль бус үйлдлээр 1 тэрбум төгрөгийн орлого олж, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь тогтоогдсон байна.
Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль санаачилж, УИХ өнгөрсөн зургадугаар сард баталсан. Энэ хууль өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.
Цахим мөрийтэй тоглоом, бооцоо, тааварт тоглоомд олон мянган иргэн, айлын амьдрал сүйрч, зөвхөн нэг жилд 500 сая ам.доллар гадагшаа “урссан” нь жилийн турш Монгол Улсын бүх хүүхдэд олгодог 1.7 их наяд төгрөгтэй тэнцсэн гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байв. Иймээс энэ асуудлыг хориглох шаардлага тулгарсан гэдгийг Засгийн газраас онцолж байсан юм. Гэвч нууц далд хэлбэрээр мөрийтэй тоглох апликейшн ажиллуулах зэргээр хууль зөрчсөн үйлдлүүд гарсаар байгаа юм.
Эрүүгийн хуулийн 20.18 дугаар зүйл. Төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах
1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Мөн хуулийн 20.19. дүгээр зүйл мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 6, 7 дахь хэсэгт нэмж оруулсан
Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгж, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, эсхүл цахим сүлжээ ашиглаж сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгж, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилж байна.