Л.Оюун-Эрдэнэ: Нэр дэвшилтэд үеийн шинэчлэл хийнэ

0

УИХ-ын сонгуулийг угтаж парламент Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудад өөрчлөлт оруулж байгаа. Хуулийн өөрчлөлтүүдийг ч хугацаандаа батлах нь ойлгомжтой. Харин хуулиас гадна сонгуулийн хамгийн чухал нь намуудын нэр дэвшилт.

2024 оны Их хурлын сонгуульд гишүүдийн 50 хувийг нь тойргоос, 50 хувийг нь жагсаалтаар сонгох хуулийг Их хурал хэлэлцэж байгаа. Гишүүдийн тоо нэмэгдсэн, сонгуулийн холимог тогтолцоотой болж буй гэдэг утгаараа ирэх жилийн сонгууль өмнө нь байгаагүй өөрчлөлттэй болно. Үүнийг дагаад намуудын нэр дэвшүүлэлт ч олны анхаарлыг татаж байгаа. Хэнийг хаанаас нэр дэвшүүлэх вэ гэдгийг намын дарга, генсек нар л шийддэг. Тэгвэл энэ удаад МАН-ын нэр дэвшилтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оролцоо бага биш хэмжээгээр байна. Өөрөөр хэлбэл, намын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гурав нэр дэвшигчдийг тодруулах буюу өөрсдийнхөө хүмүүсийг дэвшүүлнэ. Гол нь хэн нь хэдэн хувийг дэвшүүлэх вэ гэдэг дээр гурван дарга тохироо хийнэ.

Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын даргын хувьд энэ удаагийн сонгуулиар үнэмлэхүй хэмжээний үеийн реформ хийнэ гэдгээ хэллээ. Жагсаалтад олон жил парламентад суусан, нэр хүнд нь унасан, иргэдийн дэмжлэг авахаа байсан хүмүүсийг оруулвал яах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ удаагийн сонгуулийн нэр дэвшилтэд үнэмлэхүй хэмжээний үеийн реформ хийнэ” гэж хариулсан юм.

Тэгэхээр энэ удаагийн сонгуульд иргэдийн дэмжлэг авахаа байсан, олон удаа нэр дэвшиж, парламентын гишүүнээр ажилласан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх бодлогыг намын дарга барих бололтой. Тиймдээ ч тэрээр өнгөрсөн хугацаанд шинэ залуусыг албан тушаалд томилж байгаа. Ерөнхий сайд 2020 оны сонгуулийн дараагаас багаа бүрдүүлж, дэлхийн шилдэг боловсрол эзэмшсэн залуусыг ар араас нь Монгол Улсын Засгийн газрын өмнөөс урьж ажиллуулж буй. Хамгийн сүүлд л гэхэд тэрээр Ж.Таныг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр урьж ажиллуулсан. Түүний багт О.Батнайрамдал, Б.Солонгоо, Б.Уянга, Б.Дөлгөөн, Б.Болор-Эрдэнэ гээд дэлхийн шилдэг их дээд сургууль төссөн залуус олон бий. Тиймээс тэдний цөөнгүйг нь ирэх жилийн сонгуульд нэр дэвшүүлэх биз ээ. Гол нь үеийн шинэчлэл нь намд олон жил дарга хийсэн ах нарын дэмжлэгийг авахгүй, харин ч дургүйг нь хүргэнэ. Тиймээс тэдний эсэргүүцэл дундуур үеийн шинэчлэлээ хийж чадах, эсэх нь Ерөнхий сайдын хүч, магадгүй тохирооноос шалтгаалах болов уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *