Өнгөрсөн гурван жилд 665 цагдаагийн алба хаагч йжил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэгт өртөж хохирчээ

цагдаагийн газар

Өнгөрсөн гурван жилийн байдлаар цагдаагийн 665 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэгт өртөж хохирсон байна. Тэдний 12 нь эмэгтэй алба хаагч байжээ.

Үүнээс,

  • 11 алба хаагчийн биед хүндэвтэр,
  • 207 алба хаагчийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Алба хаагчид ихэвчлэн гудамж талбайд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд очиж ажиллах, замын хөдөлгөөний зохицуулалтыг хийх, согтуурсан танхайрсан этгээдийн үйлдлийг таслан зогсоох, сэжигтэй этгээдийг баривчлах үед халдлагад өртөж, гэмт хэргийн хохирогч болжээ. Тэдний дийлэнх алба хаагчид нүүр болон толгой, хүзүү хэсэгтээ гэмтэл авсан байна.

Цагдаагийн алба хаагчийн биед халдсан 665 гэмт хэргийн 501 нь согтуу этгээд үйлдсэн байна. Судалгаанаас харахад алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэгт өртөж хохирч байгаа тохиолдол жил тутам 7-21 нэгжээр өссөн байна.

Өнгөрсөн 3 жилийн байдлаар алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн 450 иргэний үйлдлийг шалгаж шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх шүүхэд шилжүүлсэн хэрэгт алба хаагчийн энгэрийн хяналтын камерын бичлэгийг шүүхээс нотлох баримтад тооцож хэргийг шийдвэрлэсэн байна.


Хэрэв Төрийн албан хаагчийг хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон үйлдэлд  Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчилд заасны дагуу хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байдаг.

Харин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч  хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн зохицуулалттай байдаг.

Иймд иргэн бүр хуулиа дээдэлж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх нь зөвхөн хуулиар тогтоосон үүрэг төдийгүй таны бидний бусдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалах баталгаа юм.

About Author