Гашуунсухайт-Ганцмодын хэлэлцээрийн талаар Ц.Туваан тайлбар хийж, Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв
17 жил өргөн, нарийн царигаар хэрэлдэж, шийдэлгүй гацсан хил холболт, нүүрсний худалдааны асуудлыг хоёр улсын ЗГ-ын хэлэлцээрээр шийдвэрлэх арга замыг сонгосон. Хэлэлцээ байгуулах эрхийг УИХ, Засгийн газарт олгож байв.
Үүний дагуу манай улс анх удаа өмнөд хөрштэйгөө албан ёсны хэлэлцээ байгуулсан. Хэлэлцээрт хоёр орны Ерөнхий сайд нар Харбин хотод уулзацгаан гарын үсэг зурж, УИХ соёрхон баталсан байдаг.
Ингэж Хамтарсан Засгийн газар 1955 оноос хойш анх удаа хийгдэж байгаа төмөр замын хил холболтын ажлыг эхлүүлэхээр болсон юм. Хэлэлцээрийн хүрээнд цаашид Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч, цаашлаад баруун зүүн коридорыг төмөр замаар холбох ажил хурдтай бөгөөд шат дараатай хэрэгжихээр хүлээгдэж байгаа.
Гэвч эдийн засгийн өндөр ач холбогдолтой тус гэрээний нүүрсний худалдаа асуудалтай гэх агуулга саяхнаас яригдаж эхлэв. Л.Оюун-Эрдэнэ Монголын нүүрсийг 16 жилээр Хятадад хямд худалдах гэрээ хийж 10 тэрбум долларын алдагдалд оруулжээ гэх шуум хүчээ авч, гэрээг эргэн харах нөхцөлийг бүрдүүлээд байна.
Энэ нь нэг талаас Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Хятадтай хийх нүүрсний гэрээг цуцалж, манай тал алдагдал хүлээсэнтэй адил жишээ болох талтай. Нөгөө талаас Хамтарсан Засгийн газрын амжуулсан хамгийн том ажлыг ийн үгүйсгэсэн нь өмнөх Ерөнхий сайд руу чиглэсэн улс төр ч байж мэдэх.
Тиймээс нүүрсний үнэ үнэхээр хуувилаан уу, асуудал байна уу гэх агуулгад ямартай ч хариулт хэрэгтэй байгаа.
Тиймд өчигдөр нээсэн намрын чуулганаар БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээнийхээ талаар өмнөх засгийнхан юу гэснийг хүргэе.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Туваан энэ асуудлаар мэдээлэл хийсэн. Ерөнхий агуулгыг нь хураангуйлбал ийн ярив.
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан хүн нийгэмд буруу ташаа мэдээлэл өгч байгааг залруулъя. Хамтарсан Засгийн газар даваа саадыг давж, 10 сарын хугацаанд ажиллан УИХ-аар хэлэлцэж байж гэрээг хийсэн. Гэрээнд төмөр замын талаас нь Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нүүрсний гэрээг салбарын сайд байсны хувьд би гээд бид хоёр гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ гэрээ 100 гаруй гишүүний гарын үсэгтэйгээр батлагдсан.
Урт хугацаанд нүүрс борлуулж байгаа гэрээнүүдээс ялгаатай нь УИХ-аар 3 удаа оролцуулсан. Нууцын гэрээний асуудал яриад байгаа дээр ямар ч нууц байхгүй. Нээлттэйгээр УИХ, хэвлэлд нээлттэй хандаж хэлэлцүүлж, гэрээг хийсэн.
Эрдэнэс Тавантолгой компани хоёр нөхцөлөөр нүүрс борлуулж байгаа. Уул уурхайн биржээр болон урт хугацааны тогтвортой гэрээгээр, өмнө нь явагдаж байгаа 4 компани дээр Чайна Энержи нэмэгдээд Хятадын 5 компанид нүүрсийг ам нөхцөлөөр борлуулж байгаа. Гэтэл уул уурхайн биржээр зарсан үнэ бол амны үнэ дээр тээврийн зардал ороод Хятадын Ганцмод боомт дээр очиж буух үеийн үнийг андуураад байх шиг байна. Хямдхан гээд яриад байгаа нь нүүрсний амны үнэ шүү.
250 сая тонн нүүрсийг 40 ам.доллароор үржүүлж бодоод нэг тойм тоо гаргачхаад нүүрсний мөнгөө алдлаа гэж яриад байх шиг байна. Энэ дотор чинь Монголын авто болон төмөр замын тээврийн хөлс шингэж, орж байгаа гэдгийг хэлье. 10 тэрбум ам.доллароос нэг ч тэрбум ам.долларын авлига аваагүй гэдгийг албан ёсоор хэлье.
Нүүрсний үнийг 50 ам.доллароор 16 жил зарах юм шиг ярьж болохгүй. Нүүрсний үнэ 3 сарын хугацаанд өсөх болгонд дахин шинэчлэгддэг үнэ. Нүүрсний гэрээ ямар ч бартер, зээл, төмөр замаар солих асуудал байхгүй. Чайна Энержи мөнгөө төлж худалдан аваад, Монгол улсын төсөвт орж байгаа гэв.
Үүнээс гадна Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2025.09.15/ МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ, “Төмөр замын хил холболтын гэрээг асуудалтай гэж үзэж байгаа бол цуцалж болно. Манайх л хохирно” гэсэн байна.
Мөн Үндэсний эвслийн тэргүүлэгч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлсэн хоёр Монголын төр гадаадын гэрээг улс төржүүлснээр бид хохирдог гэх агуулга анхаарах өнцөг байв.
Тэрбээр төмөр замын хил холболтын гэрээний асуудлаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Гаднынхан Монголын төрийг зальтай луйварчид гэж дүгнэдэг. Монголчуудтай хамтран ажиллах дур сонирхол байдаггүй. Дандаа ярьсан хэлснээсээ буцдаг, ухардаг. Гадаадтай харьцахад АН, МАН улс төрийн өнгөөрөө хуваагдахгүй нэг л бодлого, цонхоор харьцах ёстой. Үүх түүхээ сөхвөл өмнө нь манайх мөн хэлснээсээ буцаж Хятадын компанийг асар их хохироосон юм байна лээ. Бид ч өөрсдөө асар их хохирсон. Олж болох хэдэн арван тэрбум доллароор бид хохирсон.
Хоёр улсын Засгийн газрын гэрээ байж болох хамгийн төгс шийдэл байсан. Олон улсын худалдааны нөхцөл байдал, үнэ ханш тариф өөрчлөгдвөл нүүрсний худалдаа нь дагаад өөрчлөгдөнө. Салхи орохгүй юм гэж юу байх вэ” гэсэн юм. Ер нь гишүүдийн байр суурь ийм байна. Энэ гэрээ асуудалгүй “итгэхгүй бол эдийн засагчдаас асуугаад, зөвөөр ойлгож ав” гэх гишүүд ч байна.
Харин одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Л.Дамдинням “Энэ асуудлыг ЗГХЭГ-аас асуу” гэж бухаад өнгөрөв.
Хэрэв 70 жилийн дараах эдийн засгийн өндөр ашигтай хэлэлцээг улс төржүүлэн унагаж, анх удаа том гүрэнтэй хийсэн албан ёсны хэлэлцээрээс манайх буцвал олон улсын харилцаа, үр ашиг гээд олон талаар маш их хохирох нь тодорхой. Тиймд асуудалд хаана хаанаа нухацтай хандах шаардлагатай байна.
Эх сурвалж:Eguur.mn