Улс төрийн намын санхүүжилт, тайлан бүртгэлийн системийн ажлын даалгаврыг хэлэлцлээ

blobid1758009041220-68c916d206dd1

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах цахим системийн ажлын даалгавар боловсруулж байгаа төслийн баг нам, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчдээс санал авах хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.09.16) зохион байгууллаа. 
Нээлттэй засгийн түншлэлийн “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах” сорилтод Монгол Улс нэгдэж, санхүүжилт, тайлангийн систем боловсруулж, ашиглах амлалт авсан. Үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод, хяналттай, хариуцлагатай болгох замаар улс төрийн намын “бодлогын институт” болгох хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх амлалтын хүрээнд олон улсын туршлага судлах, оролцогч талуудаас санал авч системийн ажлын даалгаварт тусгах, систем боловсруулах зэрэг шат дараалалтай ажлуудыг Сонгуулийн ерөнхий хороо олон улсын байгууллага, хандивлагчидтай хамтран зохион байгуулж байгаа юм.

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын санхүүжилтийн бүртгэл, хяналт, тайлагнал, ил тод байдлыг хангах цахим системийн даалгаврын төлөвлөлт хийх төсөл боловсруулсан нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах Оролцоо” төсөлд шалгарч, уг хөтөлбөрийн санхүүжилт авсан. 
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр улс төрийн намын санхүүжилт, тайлангийн бүртгэлийн системийн ажлын даалгаврыг боловсруулж байгаа төслийн багт “Ухаалаг Засаглал” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, програм хангамжийн инженер Ц.Амарбаясгалан, Гүйцэтгэх захирал С.Батсүрэн, “Тунгаахуй өгөгдлийн урлан” ХХК-ийн үүсгэн байгуулагч, өгөгдлийн шинжээч Э.Тунгалаг, “Легал дата” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, хуульч П.Баттулга, аудитор О.Бурмаа нар ажиллаж байна. 
Уг системийн даалгаврыг боловсруулж, хэрэглээнд оруулснаар намуудын санхүүгийн тайлангийн ил тод байдал бүрэн хангагдаж, түүнд байгаа мэдээлэлд үндэслэн намын санхүүжилтэд хяналт тавих боломж бүрдэх юм. 

Төслийн багийн гишүүн С.Батсүрэн системийн ажлын даалгавар боловсруулах ажлын явц, бүтцийн талаар танилцуулахдаа өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан “Улс төрийн намын санхүүжилтийн тайлангийн цахим системийн шаардлагыг тодорхойлох, олон улсын туршлага” семинарт оролцогчдын 100 гаруй саналыг нэгтгэж, тусгасныг онцолсон юм.  
Хууль эрх зүйн орчин, оролцогч талуудын санал, олон улсын туршлагад үндэслэн намуудын санхүүгийн тайлан, хяналтын үйл явцыг автоматжуулж, шалгах, зөрчлийг шуурхай илрүүлэх боломжтой систем боловсруулах зорилготой ажиллаж байгаагаа тэрбээр танилцууллаа. Мөн улс төрийн намын мэдээллийн төвлөрсөн сан үүсгэх, нээлттэй өгөгдөл бүрдүүлэх, ил тод байдлыг хангах, нээлттэй өгөгдлийг ашиглах боломжтой байхаар системийн даалгавар боловсруулж байгаагаа тайлбарлав. 
Уг системийн нээлттэй өгөгдөлд намын мэдээлэл (бүртгэл, бүтэц, үйл ажиллагаа), гишүүнчлэл (гишүүнчлэлийн цар хүрээ, төлөв), санхүүжилт (санхүүжилт, орлогын бүрдэл), хөрөнгө (хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө), санхүүгийн тайлан (санхүүгийн харьцаа, тайлагнал, хяналт), сонгуулийн оролцоо (сонгуулийн оролцоо, үр дүн), жендэрийн төлөв байдал (жендэрийн үзүүлэлтүүд) зэрэг мэдээлэл тусгахаар бэлтгэж байгаа аж. 

Хэлэлцүүлэгт оролцогч намуудын төлөөлөл гишүүнчлэлийн мэдээллийг оруулахдаа хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалах, мэдээлэл оруулахад хялбар байх, төрд байгаа мэдээллийг шаардахгүйгээр хөгжүүлэлт хийх зэрэг санал гаргалаа. 
“Сонгуулийн боловсрол” судлаач, сэтгүүлчдийн клубийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Уянга “Системээс мэдээллийг хялбар татаж авахаас гадна намуудын түүх үүсгэхээр сан бүрдүүлэх, хандивлагчдын мэдээллийг ил тод байлгах” шаардлагатайг онцоллоо. Системээс судлаач, сэтгүүлч, иргэд мэдээлэл татаж авахад хялбар байхаас гадна хандивлагч компанийн нэрээр хайлт хийхэд хэдэн намд, хэр хэмжээний хандив өгсөн, намын нэрээр хайлт хийхэд ил тод байх шаардлагатай бүх мэдээллийг нэгтгэсэн байдлаар гаргах зэрэг хөгжүүлэлт хийхийг санал болгов.  
Хэлэлцүүлэгт Сонгуулийн ерөнхий хороо, Сангийн яам, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар зэрэг төрийн байгууллагаас гадна улс төрийн нам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Нээлттэй нийгэм форум”, “Бодлогод залуусын хяналт” ТББ болон судлаач, сэтгүүлчдийн төлөөлөл оролцлоо. Төслийн баг оролцогчдын саналыг нэгтгэж ажлын даалгавартаа тусгаж, ирэх сард системийн техникийн шаардлагын эцсийн хувилбарыг танилцуулах аж.

About Author