“Арбитрын шийдвэр ”Рио Тинто”-гийн талд гарвал 1.5 их наядыг төлнө
18 : 46
2025-9-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. Нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027, 2028 оны төсвийн төсөөллийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан бол санал хэлэх гишүүдийн тоо 10 гаруй байгаа тул маргааш үргэлжлүүлэхээр боллоо.
15 : 54
2025-9-17
Б.Жавхлан: Арбитрын шийдвэр ”Рио Тинто”-гийн талд гарвал 1.5 их наядын төлбөр төлнө
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027, 2028 оны төсвийн төсөөллийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Дээрх төслүүдтэй холбоотойгоор гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
– Сүүлийн 10 жилд Монгол Улс Тавантолгойн бүлэг ордын орлогоор амьдарч байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг харахаар төлбөрийн тэнцэл эхний зургаан сард 462 сая ам долларын алдагдалтай, валютын нөөц 304 сая ам.доллараар багассан байна. Энэ бол доллар өснө, өргөн хэрэглээний бараа бүтээгэдхүүний үнэ өснө, ард түмний амьдрал хүндэрнэ гэсэн үг. Ирэх жилийнхээ төлбөрийн тэнцэлд яаж анхаарах вэ. Тухайлбал, Тавантолгойн бүлэг ордыг дөнгөж сая дурдлаа. Тавантолгойн бүлэг ордын лицензийн талбайн 4.1 хувийг Ухаа худаг орд эзэлдэг хэрнээ хүрэн нүүрсний 8, коксжих нүүрсний 9 хувь, нийт баталгаатай А нөөцийн 32-34 хувийн нөөц эзэмшиж, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи ресурс” компанийн гадаадад зарж борлуулж байгаа нүүрсний орлого Моногл Улсын төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлж байна уу. Эерэг болгоход арга хэмжээ авах юм уу.
Уржигдар Лондонд Оюутолгойн Арбитрын шүүх хурал эхэллээ. Covid-19-ийн үед 1 их наяд гаруй төгрөгийг тус компаниас аваад тараасан.
Хэрвээ арбитрын шийдвэр Монголын талд ашиггүйгээр “Рио Тинто” компанид тавьсан татварын өрийг төлөх үндэслэлгүй гэж гарвал төсөвт яаж нөлөөлөх вэ. Тооцоолол байна уу. Төлбөрийн тэнцлийг сайжруулах чиглэлээр өмнөх Засгийн газрын үед Б.Жавхлан сайд нэлээд олон зүйл төлөвлөөд явж байсан. Энэ арга хэмжээнүүдээ хэрэгжүүлж болдоггүй юм уу. Оюутолгойн мөнгийг Монголын банкаар дамужуулдаг болъё гэж яриад шийдсэнгүй, энэ зорилт мартагдсан уу. Төлбөрийн тэнцэл сайжруулахад ямар арга хэмжээ авах вэ?
Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал:
-Төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэдэг нь валютын нөөц буурахыг л илэрхийлж байгаа. Төлбөрийн тэнцлийн алдагдал бол дэлхийн зах зээл дээрх нүүрс, төмрийн үнэ буурсантай холбоотой. Хамгийн сүүлд авсан 2025 оны долдугаар сарын мэдээгээр төлбөрийн тэнцэл 284 сая ам.долларын алдагдалтай байгаа. Засгийн газар төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах зорилгоор экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд ажиллахдаа экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр зохих шийдвэр гаргасан. Урсгал тэнцэл энэ оны эхний долоон сарын байдлаар 1.9 тэрбум ам.долларын алдагдалд хүрсэн. Цаашдаа хэрхэн валютын нөөцөө хадгалах вэ, бууруулахаас хэрхэн сэргийлэх вэ гэдэг хамгийн чухал. Нүүрсээ биржээр арилжаалах хэрэгтэй. Биржээ сайн дэмжих хэрэгтэй. Зэс, төмөр, алт гээд үнэ нь өсч байгаа бүтээгдэхүүнийг экспортлоход анхаарна.
Газрын ховор элементийг ашиглах чиглэлээр арга хэмжээ авч байна. Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан ажил үргэлжилж байгаа.
Валютын нөөцөө хадгалахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Үүнтэй холбогдуулаад Эдийн засгийн эрх чөлөөний хуулиар олон нийтээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Ингээд УИХ-д оруулж ирээд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа батлаад хөрөнгө оруулагч нараа хамгаалдаг, хөрөнгө оруулагч нарынхаа эрх ашгийг зөрчихгүй байх талд ажиллах ёстой. Ингэж байж төлбөрийн тэнцлээ сайжруулж явах нь дамжиггүй.
Улстөржилтгүйгээр энэ хуулийг батлах ёстой. Ингэж байж урагшилна. Засгийн газрын зүгээс Чөлөөт худалдааны хэлэлцээрийг зөв явуулах чиглэлээр ажил өрнүүлж байна. 200 сая хүнтэй зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргах, гаалийн тарифыг харилцан хөнгөлөх чиглэлээр Евразитай гэрээнд гарын үсэг зурсан. Одоо парламентаар орно. Дээрээс нь Японтой байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээрийг эргэн харж сайжруулах зарим бүтээгдэхүүнийг хасах, зарим бүтээгдэхүүнийг нэмэх шаардлагатай ажлууд хүлээж байна.
Боловсруулах үйлдвэрүүдээ дэмжихээс аргагүй. Ган, зэс боловсруулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэрүүдээ дэмжих чиглэлд ажлыг нь хариуцаад ажиллаж байна.
Экспорт, импорт дээр богино хугацаанд хийх ажлыг шатлалтай хийгээд явж байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Оюутолгой дээр манай төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлэх хангалттай мөнгө орж ирдэггүй. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж байсан 2017 онд Оюутолгой компанийн бүх мөнгөн урсгалыг Монголын банкаар дамжуулъя гэдэг зохицуулалттай тогтоол УИХ-д орж ирсэн ч дэмжээгүй. Тиймээс одоог хүртэл зөвхөн дотоодын хэрэгцээний цалин хөлс, нь сараар орж ирээд төлбөрийн тэнцэл дээр тусгагддаг.Бүх борлуулалтын орлого нь манай банкуудаар явдаг бол төлбөрийн тэнцэл дээр хэрэгтэй юм орж ирнэ. Харамсалтай нь тэгж явдаггүй.
Арбитрын хувьд тулчихлаа, бид муугаар тооцож байх ёстой.
“Оюутолгой” компанид татварын байгууллагаас тавьсан байсан 1 их наяд 57 тэрбум төгрөгийн төлбөр нь Төрийн сангаар орж ирээд зарцуулагдаад явсан. Хэрэв шүүхийн шийдвэр нөгөө талд гарвал тэр татварын төлбөрийг буцааж төлөх ёстой, ийм эрсдэл ирнэ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
-Стратегийн гэх тодотголтой 2007 онд батлагдсан ордууд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох, эсхүл АМНАТ- өөр орлуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх нь УИХ-д байгаа. Засгийн газарт чиглэл өгсөн, энэ дагуу ажиллаж байгаа. Энэ хүрээнд “Орано майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Одоо бусад орд дээр тухайлбал, Эрдэнэтийн зэсийн овоолго дээр үйл ажиллагаа явуулж байгаа компанитай хэлэлцэл эхэлсэн явж байна.
Маргааш Тавантолгойн бүлэг орд, Нарийнсухайтын бүлэг орд, бусад стратегийн ордыг эзэмшиж байгаа компаниудтай хэлцэл хийхээр урьсан. Эдгээр ордууд дээр 34 хувиар төр эзэмших үү, АМНАТ-өөр орлуулах уу гэдэг асуудлаа ярина.
Энэ ондоо багтаагаад тодорхой үр дүнг гаргахаар ажиллаж байна. Стратегийн ордын хил заагтай холбоотойгоор Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
13 : 46
2025-9-17
Г.Дамдинням: Хамгийн их нөөцтэй ордын лицензийг хувийн хэвшилдээ л өгмөөр байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027, 2028 оны төсвийн төсөөллийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх үеэр дараах асуудлыг хөндлөө.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Төрийн өмчит компаниуд ДНБ -ийн 74 хувийг үйлдвэрлэж байна гэж, төрийн оролцоо улам нэмэгдэж байна. Алт, зэс, нүүрс гурваас ихэнх орлогоо олдог. Гэтэл алт тушаалт 8 тонн хүрэхгүй байна. Олборлож байгаа алтны хэмжээ ихэссэн ч тушаалт багассан нь хууль бусаар хилээр гарч байна гэсэн үг. Ирэх онд 20 тонн алт тушаана гэж биелэхгүй. 54 мянган аж ахуй нэгж татварын өртэй, нийт өр нь 3.4 их наяд төгрөгт хүрсэн. Тоцооллоо зөв бодох хэрэгтэй байна.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-Төрийн өмчийн оролцоотой холбоотой асуудал дээр Ө.Шижир гишүүнтэй санл нэг байна. Хамаг том сайн лицензийг нь тогтоол гаргаж, төрийн өмчит компанид өгөөд олборлолт явуулдаг. Хувийн хэвшилд ээ өгмөөр байгаа юм. Зардалтай холбоотой асуудал дээр бөөн хэл ам болоод яваад байгаа. Одоо ч гэсэн надаас линценз нэхээд явж байна. Би бол өмнө авсан лицензүүд дээр хийсэн хайгуул судалгааны ажлын үр дүн, хөрөнгө оруулалтаа та нар яаж хийх гээд байгаа юм бэ, харуул. Сорчилж олборлоод байна, энэ буруу. Уулын ажлын төлөвлөгөөгөө дагахгүй байна, байгаа үедээ төсвийн орлогыг мундаг сайн хийсэн нэр зүүдгээ болиочээ гэдэг байр суурь бариад ажиллаж байна. Алтны хувьд одоогийн байдлаар 49 хувийн гүйцэтгэлтэй байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад байгаа бөгөөд 14:00 цагаас үргэлжилнэ.
11 : 33
2025-9-17
П.Наранбаяр сайд та ХҮН намын хүний нөөцийн сайд юм уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Х.Жангабыл:
-Баян-Өлгий аймгийн боловсролын газрын даргаар төрийн албанд томилогдох шаардлага хангаагүй ХҮН намын гишүүн нэг хүнийг томилуулан ажиллуулж байгаа. Тэр нөхөр сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг ХҮН намын гишүүнчлэл авахгүй бол ажлаас чөлөөлнө гэж дарамталдаг. Төрийн албаны зөвлөл түүнийг төрийн албанд ажиллах шаардлага хангахгүй гэдэг дүгэнэлт гаргасан. Түүний дараа чөлөөлсөн ч буцаагаад тмоилсон асуудал яригдаж байна. П.Наранбаяр сайд та ХҮН намын хүний нөөцийн сайд юм уу, Монгол Улсын сайд юм уу. Та хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Төрийн алба хаагчдын тоог есөн хувиар бууруулна гэдгийг Хөгжлийн төлөвлөгөөндөө оруулсан. Энийг хэрэгжүүлэхдээ аймгийн удирдлагууд улстөржсөн өнгө гаргаад байгаа юм билээ. Баян-Өлгий аймгийн Засаг даргаас бичиг ирсэн, төрийн албанд цомхотгол хийхдээ улстөржсөн өнгө аясаар хийж байгаа бол бруу. Засгийн газраас яам, агентлаг, аймаг, нийслэлийн удирдлагуудад чиглэл өгсөн. Тэтгэвэрт гарч байгаа бол тухайн орон тоон дээр нэмж хүн авахгүй байх, сул орон тоо байгаа бол мөн хүн авахгүй, технологи ашиглаж хийж болох ажлын байрыг цомхотгох зэрэг чиглэл өгсөн. Төрийн бодлогыг гуйвуулж хэрэгжүүлэх нь буруу шүү.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Боловсролын газрын даргын томилгоонд Төрийн албаны зөвлөлөөс шаардлага ирсэн, шаардлагын дагуу чөлөөлсөн. Гэхдээ түр томилгоогоор ажиллуулах шаардлага гарсан тул эргэн түр томилгоо хийсэн. Улстөржсөн томилгоо хийхийг зөвшөөрөхгүй. Мөнгө төгрөг өгч ажлын байрыг зардаг зохисгүй юм байгаа нь үнэн. Тэнд хурсан, ужгирсан асуудал олон байна.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
-Дарга нарын орлого дөрөв дахин нэмэгдсэн байтал ажил хийгээд цалин авч байгаа иргэдийн орлого энэ хэмжээгээр нэмэгдсэн билүү. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй юм уу. Инфляци өндөр байхад яагаад ахмад настнуудын тэтгэврийг зургаан хувиар нэмнэ гээд байна вэ? . Манай намын ажил хийсэн хүмүүс рүү дайрдагаа хэзээ зогсоох вэ. Танай намын хуучин дарга байсан хүмүүс оргож бусгаад байдаг юм уу, түвэгтэй байна. Яасан ч их мөнгөтэй юм. Нэг кабинетад Б.Жавхлан сайд та хамт байсан, хариулт өгөөч?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Нэг талаар урсгал зардлаа 24 хувьд барих ёстой шүү гээд хязгаарласан. Нөгөө талдаа нэм, нэм гээд байхаар хайч болчихож байгаа. Ирэх жил төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжгүй. Бид нар бүх боломжоо дайчилж нэмж чадсан нь ганц тэтгэвэр. Тэтгэврийг ирэх жил зургаан хувиар нэмэхэд 378 тэрбум, хайчин дундаа багтаж нэмсэн нь энэ. Дараа жил Төсөв, Мөнгөний бодлого зөв явж мөн гадаад талд эрдсэл буурах төлөв гараасай билээ.
Ардчилсан намын бүлэг дээр төсөв танилцуулж байхад /хил холболтын төмөр замтай холбоотой / мөн энэ асуулт тавьж байсан. Засгийн газар албан ёсоор энэ талаар байр суурь илэрхийлсэн асуудал байхгүй шүү. Өмнө хийгдсэн ажил бүгд үргэлжлээд явж байгаа. Ганцмод Гашуунсухайтын гэрээг өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр УИХ-аар орж, сая наймдугаар сард дахиж баталгаажаад төгрөгөөр хийгдсэн гэрээ юаниар хийгдээд салбарын сайд нь гэрээ хийгээд явж байгаа. Хаанаас ямар шүүмж гарч ирэхийг Засгийн газар удирдахгүй. Засгийн газар ийм л байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-2026 оны Төсвийн хүрээний мэдэгдэл алдагдалгүй байхаар явж байсан, гэтэл одоо дахиад өөрчлөөд 1.3 их наядын алдагдалтай болоод ороод ирэх юм. Төсөв дээр санал авсан, хэр туссан юм болдоо. Үр дүнгүй ажил болчихож байгаа юм биш биздээ.
Тэтгэвэр дээр ахмад болгон дуугарч байна. Тэтгэврээр авч чаддаг юм багассан, 10 хувиар нэмээч ээ.
Ирэх жил 90 сая тонн нүүрс экспортолно гэж. Хил холболтын төмөр замын ажлаа явуулахгүй гацаавал энэ зорилгодоо хүрч чадахгүй шүү. Авто тээврээр чардайж байж 83 сая тоннд хүргэсэн. Хэрвээ нүүрсний экспортоо нэмж байгаа бол төмөр замын хил холболтоо улстөржиж зогсоогоод байлгүй ажлыг нь хийлгэ. Муулбал захын муу хар овоохой гэгчээр Б.Дэлгэрсайхан сайд бид хоёр руу дайраад байна. Нүүрсний үнэ зэргийг бид мэдэхгүй шүү дээ, тэр нарийн ширийн зүйлийг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага л мэднэ.
Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал:
-Өмнө батлагдсан Төсвийн хүрээний мэдэгдэлд орлого 33.4 их наяд, зарлага 33.4 их наяд гэж төсвийг алдагдалгүй байхаар баталсан. Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал өөр байсан, өнөөдөр тодорхой бус тооцож болзошгүй асуудал үүсч байна. Сүүлийн саруудад дотоод байдал ч идэвхгүй байдалд орж байгаа. Ийм тохиолдолд мөчлөг сөрсөн бодлого хэргэгжүүлэхээс өөр замгүй.
Төсвийг алдагдалтай батална гэдэг бид зөв бодлого хэрэгжүүлж чадаагүй болохоос биш төсөв дээр тодорхой алдагдалтай байлгах нь эдийн засгийг тогтворжуулахад хэрэглэдэг тохируулга. Төсвийн тэнцлийг алдагдалтай, ашигтай байлгах тохируулгатай, эдийн засгийн мөчлөг хаана байгаа вэ гэдгээс хамааруулж тодорхойлдог. Хувийн хэвшилд байгаа ажлын байрыг хэрхэн хадгалж үлдэх вэ гэдгэг бодлого хэрэгжүүлж, эргээд төр хэмнэлт хийх буюу сая Хэмнэлтийн бодлогоор 2 их наядыг хэмнэсэн. Одоо зөвхөн хоосон хэмнээд байвал шинэ ажлын байр бий болгож чадахгүй, дэвшилтэт технологи нэвтрүүлж чадахгүй, хэрхэн зээлжих зэрэглэлээ халдгалж үлдэх вэ. Зээлжих зэрэглэлээ хадгалж үлдэхгүй болл гадаадын зээл тулсамж, дотоодын компаниуд гадаадын хөрөнгө оуулалт татахад маш хүнд болно. Төгрөгийн ханшаа яаж хамгаалах вэ гэдэг зовлонгийн өмнө бид байна. Тийм учраас орлого зарлагаа тэнцүүлээд ороод ирж болно, гэтэл үүний цаана Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих сургуулиуд, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, өнгөрсөн хугацаанд авсан зээл 12.3 их наяд юм билээ ш дээ.
Санхүүжилт нь тодорхой төслүүдээ хэрэгжүүлж чаддаггүй, нэг ёсны гадаадын зээл зарлага талдаа бүртгэгдээд, орлого талдаа бүртгэгддэггүй, тэгээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа халдгалж барь гэдэг. Урсгал зардлыг нэмэхгүй, 24 хувиас хэтрүүлж болохгүй. Дээрээс нь тэнцвэржүүлсэн орлого ДНБ –тэй тэнцэх харьцааг тогтмол бууруулна, 2028 онд 28-д авч ирнэ гээд шаардлагаа барихаар 1.9 их наяд төгрөгийн зээл ирэх жил байгаа. Гэтэл түүний 1.3 их наядыг нь тодорхой алдагдал тавибал заавал алдагдал дээр эх үүсвэр байдаг, Энийг юугаар санхүүжүүлэх юм. Засгийн газрын бонд гаргах юм уу, үнэт цаас гаргах юм уу. Тэгвэл энэ удаагийн 1.3 их наяд статистик алдагдал. Яагаад гэвэл эх үүсвэр нь өөрөө хөнгөлөлттэй зээл. Бонд гаргах, үнэт цаас гаргаж санхүүжүүлэх шаардлага байхгүй. Ингэснээр тэр олон сургууль, цэцэрлэгийн барилгыг барихад хувийн хэвшлээ дэмжинэ, тэр олон бүтээн байгуулалт хэрэгжээд гадны хөрөнгө орууллат ч нэмэгдэнэ. Ингэснээр зээлжих зэрэглэлээ хадгална, төгрөгийн ханшаа барина гэдэг зорилгоор оруулж ирсэн
10 : 15
2025-9-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн нэг дэх хэлэлцүүлэг/ ,
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд/Засгийн газар өргөн мэдүүлсэн/ -ийн нэгдэх хэлэлцүүлгийг хийх юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээрх хуулийн төслүүдээр завсарлага авсан нь өнөөдөр дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх болж байна.
Хуулийн төслүүдийг хэлэлцэхийн өмнө гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Төсвийг ард түмнээр хэлэлцүүлчихээд далд хийгээд өөрсдийнхөө юмыг хийчхүүзэй гэж захиж байна, бараг түүгээр нь явж байх шиг байна. Ирэх онд тэтгэврийг зургаан хувиар нэмэхээр оруулж ирж, өнгөрсөн жил инфляци 10 хувьтай байхад зургаан хувиар нэмсэн. Үүнд ахмадууд гомдолтой байна. Ирэх жил тэтгэврийг 10 хувиар нэмэх шаардлага тавина.
Үнэ тогтоох ямар нүүрс гаргахыг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компани шийднэ. Гэтэл янз янзаар дайрдагаа болих хэрэгтэй. С.Наранцогтыг Ц.Туваан мэддэг юм гэнэ ээ, үгүй. Ардчилсан намын найман сайд Монголын төлөө л ажилласан, дайрах юм бол бүлэг ясаа цайтал хамгаална шүү.
Улмаар Төсвийн хүрээний мэдэгдэл, 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авч эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бейсейн:
-Эрүүл мэндийн даатгалын сан дампуурлаа. Эмнэлгүүдэд эм байхгүй, эмнэлгийн хэрэгсэл байхгүй байна. Эмнэлгүүдэд квот тогтоочихсон, ард иргэд гаднаас авч ирж эмчилгээ хийлгүүлж байна.
Цэнгэл сумын гуравдугаар сургуулийн спорт заал байхгүйгээс гурав дахь жилдээ гадаа биеийн тамирын хичээл орж байна. Ховд багт эмнэлэг баригдаад хоёр жил боллоо. Аймгийн төвийн 150 ортой эмнэлэг ашиглалтад орох гэж байна, гэтэл тоног төхөөрөмжийнх нь төсвийг нь хассан байна гэх юм. Түргэн тусламжийн машин шинээр авах зардлыг 2026 оны төсөвт тусгахаар санал оруулсан, орсон уу.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Яамдууд хуульд заасан хүрээнд ирэх жилийн төлөвлөгөө, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, төсвийн шаардлага, төсвийн хязгаартаа багтсан дүрмүүдээр төсөл хөрөнгө оруулалтын арга хэмжээ өргөн баригдсан.
Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн. Баян-Өлгий аймагт ирэх жил шинэ сургууль барих шаардлагагүй, хамрагдалт зохих төвшинд байна гэж гарсан. Тийм учраас шинэ сургууль цэцэрлэг байхгүй, спорт заалны дээвэр нурсан, их завсар гэж ойлгосон.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
-Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Хотгор багт баригдаж дууссан эмнэлгийн тоног төхөөрөмж орсон. ЭМД хүнд байгаа талаар ярилаа, энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хийлээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийж байгаа. ЭМД -ын өнгөрсөн хугацааны гүйлгээг аваад үзэхээр 316 тэрбум төгрөгөөр өр барагдуулсан, үүний дараа үйл ажиллагаа явуулахдаа хязгаарлалт тавьсан.