ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ У.МЯГМАРСҮРЭН 54 ОЮУТНЫГ АРЫН ХААЛГААР ЭЛСҮҮЛЖ, АВЛИГА АВСАН ГЭВ ҮҮ
Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, авлигын хэрэгт холбогджээ. Тодруулбал, түүнийг хууль бусаар оюутан элсүүлж, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй тул шалгаж өгөхийг хүссэн өргөдөл, гомдол хууль хяналтын байгууллагад ирсэн байна. Өргөдлийн дагуу У.Мягмарсүрэнг шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
У.Мягмарсүрэн захирал нь Боловсролын тухай хууль болон бусад тогтоомж, журам шийдвэрийг ноцтой зөрчжээ. Тэрбээр эрх мэдлээ ашиглаж, сургуулийн босго оноонд тэнцээгүй 50 гаруй оюутныг “арын хаалгаар” элсүүлсэн гэнэ. Ингэхдээ оюутнуудын ар гэрээс хахууль авч, хувьдаа завшсан байж болзошгүй байгаа гэнэ.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн А/79 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын 1.12-д “Дээд боловсролын сургалтын байгууллага нь элсэгч монгол хэл, бичгийн шалгалт болон ерөнхий шалгалтад авсан байх онооны босго тогтоож мөрдөнө. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон үндэсний хэмжээний босго оноог харгалзан сургуулийн оноог тогтооно” гэж заасан байдаг аж. Мөн тус журмын 3.2-д “Элсэгч нь энэхүү журмын 1.2.4-д заасан ерөнхий шалгалтыг өгч, 1.12-д заасан босго онооны шаардлагыг хангана” гэж заасан байдаг билээ. Харамсалтай нь, Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн нь энэ олон тогтоол, шийдвэр, журмыг дур мэдэн зөрчжээ.
Түүний эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль тогтоомж зөрчиж, авлига авсан байж болзошгүй хэргийн талаар эх сурвалж ийн ярив.
“У.Мягмарсүрэн захирал Төмөр замын дээд сургуулийн 2021-2022 оны элсэлтийн журамд заасан босго оноонд хүрээгүй 54 элсэгчийг элсүүлсэн. Түүний энэ хууль бус үйлдэл нь Дээд боловсролын тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 7, 12 дугаар зүйлийн хэд хэдэн заалтыг ил цагаан зөрчиж байгаа юм.
Тодруулбал,
7.1.Их сургууль, дээд сургууль, коллежид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан элсүүлэх бөгөөд элсэлт нь сонголт хийх боломжтой, шалгаруулалт нь нээлттэй, хүртээмжтэй, үнэлгээний зохистой арга хэлбэр бүхий байна.
12.1.6. Суралцагч элсүүлэх, төгсгөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх гэсэн заалт байдаг. Энэ заалтыг тэрбээр санаатайгаар зөрчсөн байна лээ. Тэрбээр ашиг сонирхлын зөрчил гаргаснаа нуун далдалдаж, бусадтай үгсэн тохиролцохыг завдсан гэсэн. Өөрөөр хэлбэл, У.Мягмарсүрэн сургуулийн босго оноонд тэнцээгүй 54 элсэгчийг хууль бусаар тэнцүүлсэн. Шалгалтдаа муу авсан, эсвэл босго оноо нь хүрээгүй байсан ч У.Мягмарсүрэнд авлига өгөөд, Төмөр замын дээд сургуульд сурч, насаараа ажилтай байж болдог болох нь.
Босго оноонд хүрсэн ч жагсаалт, хуваариараа Төмөр замын дээд сургуульд орж чадахгүй үлдэж байгаа олон хүүхэд бий. Тэдний боломжийг У.Мягмарсүрэн эрх мэдлээрээ далимдуулж, хумсалж байна шүү дээ. Хүүхдүүдийн ирээдүйг баллаж байна. Хууль хяналтын байгууллага тогтоогоод босго оноонд тэнцээгүй, арын хаалгаар сургуульд элссэн 54 оюутнаас хэдэн төгрөгийн хахууль авсныг нь тогтоох биз. Энэ бол ашиг сонирхлын асарт том зөрчил” гэсэн юм.
Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэнтэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийн гомдол, өргөдөл ирсэн. Бид мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байгаа” гэсэн юм.
Улаанбаатар төмөр замын ХНН-ийг боловсон хүчнээр хангаж, тус байгууллагын хууль дүрмийг баримталж ажиллах ёстой сургуулийн захирал хахуулийн хэрэгт холбогдох нь байж боломгүй үйлдэл бус уу, Х.Хэрлэн дарга аа.