Тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?

0

УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар УИХ-аар хэлэлцэж байна. Тоо, тогтолцооны асуудал өмнө нь хэд хэд босч ирсэн ч энэ шатанд хүрсэн нь үгүй. Нэгэнтээ Улсын Их Хурлын өндөр босго давж чадсан уг төслийг хуулийн дагуу гурван үе шаттай хэлэлцэж, иргэд олон нийтийн санаа бодлыг харгалзан шийдвэрлэх ёстой. Энэ дагуу томилолт өвөртөлсөн гишүүд өнгөрсөн долоо хоногт тойргоо зорьж, иргэдийн санаа бодол, байр суурийг сонсов. Эхний уулзалтуудаас л олон нийтийн санаа бодол бүхэлдээ ямар байгааг тандаж болохоор байна.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд парламентыг нэг танхим, 152 гишүүнтэй байхаар оруулж ирсэн. Ингэхдээ мажоритар аргаар 50 хувийг, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ аргаар 50 хувийг нь сонгохоор санал болгож байгаа. Нэг талаас тоог нэмэгдүүлэх шалтгаан нь өнгөрсөн хугацаанд зөвхөн хүн амын болоод сонгогчдын тоо өссөн, куб язгуурын аргаар тооцсон зэрэг төсөл боловсруулагчийн тайлбарт иргэд нэн тэргүүнд шүүмжлэлтэй хандаж байна. Харин газар нутгийн төлөөлөл буюу илүү том дүр зургаараа аюулгүй байдлын асуудал болоод нийгмийн бүлгүүдийн төлөөллөөр парламентаа солонгоруулах агуулга тодорхой түвшинд дэмжлэг авч байгаа нь харагдана.

Тооны тухайд ардчиллыг төлөвшүүлэх, олон талын үзэл бодлыг уралдуулах талбар болохын хувьд парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлж, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах хэрэгтэйг судлаачид хэлсээр ирсэн. Гэхдээ энэ удаад санал болгож буй 152 гэх тоо үндсэндээ иргэдийн дэмжлэгийг авч чадахгүй нь бололтой. Харин тодорхой түвшинд нэмэгдүүлж 108-120 болгох боломжтой гэх байр суурь уулзалтуудын үеэр цөөнгүй гарсан. Ингэхдээ төлөөлөх чадварыг сайтар харгалзан залуучууд, малчин, эмч, багш нарын зэрэг мэргэжил, ашиг сонирхлын бүлгүүдийн төлөөллөөр хууль тогтоох байгууллагаа чадавхжуулах агуулгыг иргэд хөндөж байна.

Гэхдээ иргэд нийгмийн бүлгүүдийн төлөөлөл болсон нэр цэвэр нэр дэвшигчдийг хүсэмжилж байгаа бөгөөд эсрэгээрээ Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдсон хүмүүст дахин боломж олгохгүйгээ шуудхан хэлж байна. Үүнийг намууд нэн тэргүүнд анхаарах нь зүй юм. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтын ард нэрээ бичүүлэн хаалгаар биш тооноор орж ирэх заль мэх ирээдүйдээ ихээхэн уршигтайг иргэд эхнээс нь сануулж байна гэсэн үг. Эдгээр сануулга, иргэдийн байр суурийг Үндсэн хуулийн араас хэлэлцэх Улс төрийн намын тухай болон сонгуулийн тухай хуулиудад эчнээ тусгах нь нэн чухал биз ээ.

Тогтолцооны тухайд иргэдийн дэмжлэг авах нь тодорхой гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд найман удаа парламентын сонгууль зохион байгуулахдаа нэг удаад нь төслөөр санал болгож буй холимог хэлбэрийг ашигласан удаатай. Анзаарвал бүхэлдээ сонгуулийн болоод улс төрийн оролцоо буурч байгаа энэ үед иргэдийн саналыг аль болох гээгдүүлэхгүйгээр төлөөллийг нь хангаж хамтаараа урагшлах замыг сонгох нь юуны өмнө бүх талуудад ашигтай. Алсдаа бодлогын нам төлөвших, нийгмийн бүлгүүдийн төлөөллөөр дамжуулан цөөнхийн оролцоо хангагдаж, тойрогт хүлэгдсэн бодлогоос ангижирч, улсын нийтлэг ашиг сонирхлыг чухалчлах боломж бүрдэх өндөр ач холбогдолтойг судлаачид онцолж байна.  

Ямартай ч УИХ өөрт оногдсон үүргээ ухамсарлаж, зөв голч шийдвэр гаргаж чадвал зөвхөн тоо, тогтолцооны асуудал шийдэгдээд өнгөрөх төдий бус улс төрийн орчинд хөгжлийн хурдасгуур авчрах “эхлэх” товчийг дарна гэсэн үг. Харин зөв голч шийдвэр гаргахад иргэдийн санаа бодол нэн чухал.  Тэд тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ? 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *