Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдад талийгаач Н.Хасбаатарын ар гэрээс өргөдөл, гомдол гаргаагүй
МАН-ын Ц.Чулуунзагдын өмгөөлөгч мэдэгдэл хийлээ! АТГ яагаад гаргаагүй гомдлыг гаргасан болгож, олдоогүй баримтыг олсон мэтээр нийтэд мэдээлэл хийв! Өмгөөлөгчийн мэдэгдлийг бүрэн эхээр нь орууллаа!!
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛД НЯЦААЛТ ӨГӨХ НЬ
Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдад Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбогдуулан цахим орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр их хэмжээний ор үндэслэлгүй, илт худал мэдээллийг тарааж түүний нэр төрийг гутаах, нийгэмд яллах ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна.
Өмгөөлөгчөөр нь ажиллаж эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийн өмнө цагдан хорих үндэслэл болсон холбогдох материалтай бүрэн танилцсаны хувьд дараах илт худал мэдээлэлд үүгээр няцаалт хийж байна.
“Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан БНХАУ-ын иргэн н.Хасбаатарын ар гэрийн гомдлоор хэрэг үүсгэн хойшлуулшгүй арга хэмжээ авч саатуулсан гэх мэдээлэл нь ор үндэслэлгүй худал мэдээлэл бөгөөд тус хэргийн материалд н.Хасбаатарын ар гэрээс ямар нэгэн өргөдөл, гомдол гаргаагүй байна.
Түүнчлэн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд байрлах Ц.Чулуунзагдын ажлын өрөө, гэрт нь хийсэн үзлэг шалгалтаар талийгаач н.Хасбаатартай холбоотой гэх гарын үсгийн дардас олдоогүй бөгөөд хэргийн материалд энэ талаар тэмдэглэл байхгүй.
“БНХАУ-ын иргэн н.Хасбаатарын гарын үсэг бүхий дардас Ц.Чулуунзагдын ажлын байрнаас олдсон ба хуурамчаар баримт, бичиг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэх мэдээлэл нь ор үндэслэлгүй, худал мэдээлэл болно.
Ц.Чулуунгзадын талаар илт худал мэдээллийг, их хэмжээний хөрөнгө, хүч зарцуулан зохион байгуулж байгаа нь улс төрийн зорилготой байж магадгүй гэх хардлага төрүүлж байна. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид Та бүхэн худал мэдээлэлд авталгүй, мэдээллийн эх сурваж, үнэн бодит байдлыг нягтлаж ажиллахыг уриалж байна.
Ц.ЧУЛУУНЗАГДЫН ӨМГӨӨЛӨГЧ
Б.ОЮУНБИЛЭГ.
2025 оны 09 дүгээр сарын 19 өдөр.
