“Мэдээллийн технологийн хуулийг боловсронгуй болгож, дагалдах журмуудыг яаралтай батална”

335000-22092025-1758529797-1263960476-P_Munkhbat1

Монгол Улсад анх удаа олон улсын жишгийн дагуу зохион байгуулагдаж буй “Технологийн 7 хоног” буюу TECHWEEK-2025 арга хэмжээ “Digital First” уриа дор есдүгээр сарын 19-26-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Энэхүү долоо хоногийн турш 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотод технологийн салбарын хөгжил, инновац, бодлого, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх 50 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь үндэсний хэмжээний томоохон хөдөлгөөн болж байгаагийн илэрхийлэл юм.

Өөрөөр хэлбэл, ТECHWEEK-2025 харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох ІСТ ЕХРО-2026-г олон улсын хэмжээнд хүргэх урьтал болж байна.

TECHWEEK-2025-с эхэлсэн технологийн комюнитийн идэвхжүүлэлт ирэх онд зохион байгуулагдах ІСТ ЕХРО-2026 хүртэл тасралтгүй үргэлжилж, бүх талын оролцоог нэгтгэн салбарын ирээдүйн хөгжилд чухал түлхэц болох юм.

Энэ талаар “ТЕCHWEEK-2025″ арга хэмжээний зохион байгуулагч, Мэдээллийн технологийн үндэсний паркийн Захирал Ж.Золзаяа хэлэхдээ, Монгол Улсад анх удаа хувийн хэвшил буюу , Стартап Монгол ТББ-ын санаачилгаар “TECHWEEK” олон улсын жишгийг Монголд нэвтрүүлж байна. Одоо төрийн байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд бүгд нэгдэж, богино хугацаанд зохион байгуулалтад орж, хамтран ажиллаж байна.

Энэ долоо хоногийн хугацаанд нийт 52 арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд орон нутагт 21 аймагт зэрэг технологийн хэлэлцүүлэг болно. Орон нутагт 100-150 хүн оролцож, яг ямар технологийн асуудал байна, хүмүүс технологийг ямар нэгэн айдас, эргэлзээгээр хүлээж авдаг эсэхийг ярилцана.

Давуу тал нь улсаас нэг ч төгрөг гарахгүй, тухайн байгууллага өөрийн төсвөө хариуцаж зохион байгуулж буй.

Технологи гэдэг нь бидний өдөр тутмын амьдралын хэв маяг болсон, лайфстайл болсон зүйл. Таны амьдралыг илүү хөнгөн, энгийн болгож өгдөг гэдгийг ойлгуулахыг зорьж байна. Технологи сонирхогч, шохоорхогч, оролддог бүхий л хүмүүс энэ арга хэмжээнд оролцох боломжтой.

Мөн мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын 21 мянган хүнтэйгээ төдийгүй уул уурхай, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх салбарын хувийн хэвшилд технологи салбар дундын гол үүрэгтэй болсон гэдгийг онцолж байна. Тиймээс өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, байгууллагынхаа технологийн чиг хандлага, хиймэл оюун ухаан хэр зэрэг хөгжиж байгаа, өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглах талаар мэдээлэл авах боломжтой.

Энэ арга хэмжээ нь кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, хардвэйр, софтвэйр зэрэг бүхий л чиглэлээр мэдээллийг цогцоор нь авахад зориулагдсан. Төр, ТББ, хувийн компаниуд өөрсдөө санаачилж, төвлөрсөн бус байдлаар зохион байгуулж байгаа нь онцлог юм.

Давуу тал нь улсаас нэг ч төгрөг гарахгүй, тухайн байгууллага өөрийн төсвөө хариуцаж зохион байгуулж байгаа. Ийнхүү олон хүчийг нэгтгэн технологийн арга хэмжээг нэг дээвэр дор цогцоор нь явуулж байна.

Хамгийн чухал нь бид үр дүнтэй шийдэл гаргахыг зорьж буй. Үйл ажиллагаа явуулдаг хүмүүс шүүмжилдэг шиг ерөөсөө “зөвхөн арга хэмжээ зохион байгуулах” бус, яг ямар шийдэл хэрэгтэй, ямар бодлого өөрчлөх шаардлагатай байна вэ гэдэг асуудлыг хэлэлцэнэ.

9 сарын 26-нд Төрийн ордонд “ІСТ FORUM” болж, тэр өдөр бүгд саналуудаа нэгтгэн бодлогын хэлэлцүүлэг хийх юм. 50 гаруй арга хэмжээнээс гарсан санал, шийдлийг нэгтгэж, жил дамжиж төрийн болон хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсэг ажиллана. Ингэж ирэх жилийн “TECHWEEK” арга хэмжээнд хэрэгжүүлсэн ажлын явц, гүйцэтгэлийг танилцуулах болно.

Тиймээс та бүхэн https://tech-week.mn/ сайт руу орж, өдөр тутмын арга хэмжээний мэдээллийг авч, идэвхтэй оролцож болох бөгөөд олон арга хэмжээ нь үнэгүй, нээлттэй” гэв. 

Харин салбарын шинэ бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар ЦХИХХЯ-ны Инновацийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Мөнхбат хэлэхдээ, “Засгийн газрын хүрээнд “Digital First” гэдэг концепцийг баримталж ажиллаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр цахим шилжилтийг илүү оновчтой, хурдтай болгохын тулд Засгийн газар үндсэн зарчмыг танилцуулж байгаа юм. Тэгэхээр энэ зарчмыг аливаа салбарт хэрэгжүүлснээр цахим шилжилт илүү үр дүнтэй, хурдан явагдах боломжтой гэж харж байна.

Хоёрдугаарт, яамнаас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсад анх удаа “виртуал бүс”-ийг байгуулсан. Тек Вик арга хэмжээний хүрээнд 9 дүгээр сарын 17-нд болсон Засгийн газрын хуралдаанаар энэ шийдвэрийг гаргасан. Ингэснээр 2026 оны нэгдүгээрсарын 1-нээс виртуал бүсийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ.

Виртуал бүсээс хувийн хэвшлийн ААН-үүд ямар үр шим хүртэх вэ гэвэл, татварын таатай орчинд үйл ажиллагаа явуулах, дотоод болон гадаадын томоохон компаниудын санхүү, нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг авах боломж нээгдэнэ. Мөн татварын бус бусад дэмжлэгүүд хүртэх боломж ч бий. Яамнаас ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл бэлтгэл ажлыг хангана.

Гуравдугаарт, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нэг чухал ажил бол “Эх өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги” юм. Дэлхий дээр 70-80 орон энэ стратегийг батлан хэрэгжүүлж байгаа. Энэ стратеги яагаад чухал вэ гэвэл, хиймэл оюун хөгжиж байгаа үед нийгэм, эдийн засагт нь бүх нийтээр үр шимийг хүртэх шаардлагатай байдаг.

Монгол Улс энэ чиглэлд нийт дөрвөн зорилго бүхий 66 арга хэмжээнээс бүрдсэн 5 жилийн стратеги төлөвлөгөөг Засгийн газарт өргөн барьсан. Энэ нь 3 дахь удаагийн хурлаар танилцуулагдаж, холбогдох шийдвэр гарна. “TECHWEEK” арга хэмжээний сүүлийн өдөр буюу энэ сарын 26-нд олон нийтэд албан ёсоор танилцуулах юм.

Хувийн компаниуд, технологийн салбарын ААН-үүдийг дэмжих чиглэл, бодлого ямар байх талаар тодорхой болно. Жишээ нь, “Тесо Групп” ХХК нь Зүүн Өмнөд Азийн GRAB хамтран ажиллаж байна. 

Төр, Засгийн газраас одоогоор хийж чадах хамгийн оновчтой, үр дүнтэй арга нь эрх зүйн таатай, ойлгомжтой орчныг бүрдүүлэх явдал юм. Тиймээс яамнаас мэдээллийн технологийн хуулийг илүү боловсронгуй болгох, дагалдах журмуудыг яаралтай батлах ажлуудыг хийнэ. 

Мөн 2012 онд батлагдсан Инновацын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг боловсруулж, УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байна” гэлээ. 

Тус нээлтийн үеэр, “ТЕСО Инвестмент” ХХК Зүүн Өмнөд Азийн GRAB-тай стратегийн түвшний хамтын ажиллагааг тогтоолоо.

Ингэснээр олон улсад батлагдсан газрын зураг боловсруулах инновацыг Монгол Улсад нутагшуулахаар болж буй аж. Өөрөөр хэлбэл, “Тэсо Инвестмэнт”-ийн хөгжүүлж буй ТИНО супер аппликейшн GrabMaps аппликейшны дэд бүтэц болох дэвшилтэт байршил тогтоох системтэй нэгтгэгдэж, газрын зураг дутмаг бүсийн хаягийн бүртгэл, чиглэлийн нарийвчлал, үйлчилгээний хүртээмжийг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад такси, хүргэлтийн үйлчилгээ, аялал жуулчлал болон цахим худалдааны салбарт шинэ боломж нээж, хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг илүү ухаалаг, хялбар болгоход хувь нэмэр оруулах ажээ. 

Эх сурвалж:Gogo.mn

About Author