Ардчилсан Үндсэн хуульт засаглалд хараат бус хяналтын байгууллагуудын үүрэг чухал байна

2caeec61c02c4f02b741580e2cd8e90f-153627-1847061846

“Ардчилсан үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх нь: Үндсэн эрхийг хамгаалахад хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 22-23-нд болж байна.

Энэ хурлаар ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх, үндсэн эрхийг хамгаалахад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагууд болон хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Хурлыг нээн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Хууль хяналтын байгууллага ялангуяа шүүх, аудит, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг хараат бус байгууллагууд ардчиллыг хадгалахад чухал ач холбогдолтой.

Эдгээр байгууллагын бие даасан байдлыг хамгаалах нь ардчиллыг хөгжүүлэх, ардчиллын сөрөн тэсвэрлэх чадварыг бэхжүүлж буй явдал юм. Гагцхүү хяналт хэрэгжүүлэхдээ эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх, иргэдийн эрхийг хамгаалахад анхаарах ёстой” хэмээн онцлов.

“Хууль тогтоох ба шүүхийн хяналтын механизм” салбар хэлэлцүүлгийн үеэр Вьетнам улсын судлаач Дат Т. Буи Вьетнамын хууль тогтоох үйл явц дахь Үндсэн хуулийн урьдчилсан хяналтын тухай асуудлыг хөндөв. Тэрбээр илтгэлдээ

  • Хүний эрхийн хязгаарлалтыг зөвхөн парламентын хууль тогтоомжид тулгуурлан хийх нь эрхийн хязгаарлалтаас сэргийлэх ач холбогдолтой,
  • Хязгаарлалт нь үндэсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэнд зэрэг бодит үндэслэлд тулгуурлах ёстой,
  • Хууль тогтоох үйл явцад “ex-ante” буюу урьдчилсан хяналтыг хэрэгжүүлэх нь дараагийн шатны хяналтын тогтолцоог хөгжүүлэхэд чухал алхам болохыг дурдлаа.

Вьетнам улс хууль тогтоох үйл ажиллагаандаа пропорциональ байдлын шинжилгээг өргөнөөр ашиглаж эхэлсэн нь хүний эрхийн хязгаарлалтыг үндэслэлтэй тайлбарлахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Цаашид Үндсэн хуулийн урьдчилсан хяналтыг бэхжүүлэх нь ардчилсан тогтолцооны тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх зам болно гэлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Сургуулийн профессор О.Чулуунцэцэг “Үндсэн хуулийн хүрээнд Төрийн аудитын байгууллагын чиг үүргийг тодорхойлох нь” сэдвээр илтгэл тавьсан.

Төрийн аудит нь төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах ба аудитын үйл ажиллагаанд баримтлах ёс зүй ба хараат бус байдал, мэргэжлийн дүгнэлт, аудитын төлөвлөгөө, тайлан зэрэг үндсэн зарчмуудыг хөндсөн юм. Мөн олон улсын туршлагаас харахад ихэнх улс орон аудит хийхийг чухалчилж байгаа төдийгүй аудитын дүгнэлт, түүнийг хэрэгжүүлэх тал дээр мөн онцгой ач холбогдол өгч буйг хэллээ. 
Салбар хэлэлцүүлгийн үеэр Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангахад олон улсын байгууллагуудын үүргийн талаар мөн дурдсан. Европын улс орнууд шүүхийн бие даасан байдлыг хамгаалах, хангахын тулд олон улсад мөрдөгдөж буй стандартуудыг Үндсэн хуульдаа тусган хэрэгжүүлж байна. 

Түүнчлэн энэ чиглэлд НҮБ, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, олон улсын шүүхийн сүлжээ зэрэг байгууллагууд чухал дэмжлэг үзүүлдэг. Олон улсын байгууллагуудын гол чиг үүрэг нь:

  • Хууль эрх зүйн зөвлөмж, удирдамж боловсруулах,
  • Улс орнуудын сайн туршлагыг түгээх,
  • Шүүхийн хараат бус байдалд хяналт-шинжилгээ хийх,
  • Санхүү, хүний нөөцийн чадавх бэхжүүлэхэд туслахад чиглэж байна.

Энэ нь зөвхөн дотоодын хууль тогтоомж төдийгүй олон улсын хэмжээнд ардчилсан үнэт зүйлийг хамгаалахад чухал алхам болж байгааг хурлын үеэр онцоллоо. 

Тус хуралд Монгол Улсын болон АНУ, Герман, Итали, Энэтхэг, Вьетнам, Серби, Япон, Их Британи, Испани, Нидерланд зэрэг 10 улсын эрдэмтэн, судлаачид оролцож байна.

Энэхүү хурал нь онолын үзэл баримтлал, олон улсын туршлага, шинэ хандлагыг судалж, харьцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ Үндсэн хууль ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмж гаргах ач холбогдолтой юм. 

About Author