МАЛЧИН: “Манай хотонд 2023 онд ургийн гажигтай төл гарсан”
Төрийн ордонд өнөөдөр (2025.09.23) “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол болж байна.
Сонсголд оролцохоор Ховд аймгаас 65 иргэн ирснийг даргалагч мэдээлсэн. Тэд үг хэлж байна.
Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн малчин Ч.Алтангадас “Бид нутагтаа жаран, жарныг дамнан амьдарч ирсэн. Бидний өвөг дээдсийн цагаас ургийн гажигтай мал, хүнд гаж нөлөөтэй зүйлс, байгалийн ган, зуд тохиолдож байгаагүй.
“Халзан бүрэгтэй” ууланд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш дээр дурдсан ургийн гажигт нөлөөтэй, холбоотой зүйлс илэрсэн. Мөн тэр ууланд, нутагт байдаг аргал, янгир, шувууд дайжин алга болсон. Хулгана, зурам, оготно, могой, туулай үгүй болсон.
Ургийн гажигтай төлийг холбогдох байгууллагад нь хүргүүлэн өгсөн. Гэвч уран болон газрын ховор элементийн хор уршгийг нотлох лаборатори Монголд байхгүй гэж Мал эмнэлгийн хэлтсийн дарга нь тайлбарласан.
Тийм учраас “Халзан бүрэгтэй” ууланд олгосон газрын ховор элемент олборлох лицензийг цуцалж өгнө үү. Бид өөрсдийн нутаг усандаа энх, тунх амьдармаар байна” гэв.
Ховд аймгийн мянгад сумын Гахайт багийн иргэн н.Мягмарсүрэн “Манай хотонд 2023 онд ургийн гажигтай төл гарсан. Өмнө нь ийм төл огт гарч байгаагүй. Энэ лицензийг цуцалж өгч ард түмнийг тайван амьдруулаач гэж хэлмээр байна” гэлээ.
https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fgogo.mn%2Fvideos%2F1320749226437753%2F&show_text=false&width=560&t=0
Эх сурвалж: Gogo.mn