Б.Баярбаатар гэж намын улаан хамгаалагч!
Б.Баярбаатар гэж улаан суртал ухуулагч гарч ирэв шүү. Камерийн өмнө гарах асар дуртай тэрбээр “Намхан төрсөн нь миний буруу” гэсээр МАН-ын Бага хурлын шийдвэртэй холбоотой мэдээллийг өнөөдөр (2025.09.29) сэтгүүлчдэд өглөө. Төрийн ордонд сэтгүүлчид тойруулаад байнга яриа өгч харагддаг тэрбээр Тусгаар тогтнолын ордонд ухуулагчийнхаа ажлыг хийсэн нь энэ. Мань эр ярьж байна аа. “Бага хурал Улс төрийн намын тухай хууль, МАН-ын дүрмийг зөрчөөгүй. Бага хурлын зарим гишүүнийг өрөөнд цоожилсон нь үнэн. Орхон аймаг, Баянзүрхийн гишүүдийг аваад явчихсан байна лээ. МАН-ын байрны 702 тоотод н.Алтай гээд манай нарийн бичгийн даргын өрөөнд Дархан-Уул аймгийнхныг хорьчихоод гаргахгүй байсан. Б.Жавхлан сайд л гаргахгүй байна лээ. Би харсан” гэж. Сэтгүүлчэд өгсөн ярилцлагынх нь өнгө аясыг харвал, тэрбээр МАН-ын шинэ даргыг сонгосон Бага хурлын шийдвэрийг хамгаалав. “УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөх тухай бичигт 100 гаруй хүн гарын үсэг зурсан гэсэн. Би удахгүй танилцана” гэв. Тусгаар тогтнолын ордноос гараад Б.Баярбаатар Төрийн ордонд дахиад ярилцлага өгөв. Бас л Бага хурлын тухай. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, М.Нарантуяа-Нара нар чатаар хэрэлдсэн тухай ч ярилаа.
Ингэхэд энэ Б.Баярбаатар гэж яг хэн бэ. Намтраас нь харвал, тэрбээр МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар 2020 оноос эхлэн ажиллаж байгаа юм байна. УИХ-ын 2024 оны сонгуульд тус намаас жагсаалтаар парламентын гишүүн болж, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга болсон юм байна. Гавьяа шагнал гэвэл, ганц “Алтангадас” одонтой, гадаад хэлгүй гэж parliament.mn сайт дээр намтар нь байна. Б.Баярбаатар ийнхүү мэдээлэл өгсний дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “АТГ-т гэрчийн мэдүүлэг өгчихөөд ирлээ” гэж Төрийн ордонд ярилцлага өглөө. “Тэр одоо үлгэрийн баатар хэн бэ. МАН-ын Бага хурал нь Улс төрийн намын тухай хууль, намын дүрмийг зөрччихөөд байхад “Улсын Дээд шүүх дээр би батлан даана” гэж ярьдаг тэр хэн бэ” гэж Б.Баярбаатарыг шоолов. Харц, биеийн хэлэмж, ярианы өнгө нь Б.Баярбаатарыг үнэндээ л басаж байна. Аргагүй л дээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр парламентад улиран сонгогдсон. Хуульчийн хувьд, Б.Баярбаатартай харьцуулах аргагүй туршлагатай. Б.Баярбаатар мэтийг байранд нь тавьчих хэмжээний ухаалаг нүүдлийг Б.Энхбаяр өлхөн хийчихнэ.
Гэхдээ түүний бай Б.Баярбаатар биш. Тиймээс “Б.Баярбаатар хэн юм бэ” гэж ихэд дорд үзсэн өнгө аясаар хэллээ. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “УИХ-ын гишүүн давхар алба хашиж болохгүй. Хуулиараа тийм” гэлээ. Энэ үнэн. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг “Гишүүн болчихоод лаив хийлээ” гэж сошиалаар нэг “юм” болоход түүнд сануулах арга хэмжээ авсан хүн нь УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар. Гэтэл Б.Баярбаатар намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болчихоод МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажилласаар байгаа нь хууль зөрчиж буй хэрэг. УИХ улсын төсвийн эхний хэлэлцүүлгийг хийж эхэлсэн энэ үед тэрбээр өөрийг нь жагсаалтаар гишүүн болгосон дарга нартаа өрөө төлж, Төрийн ордонд намын хурал ярьсаар сууна. Яг улаан хамгаалагч шиг!