Б.Хурц: Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүх зүйл үнэнд гүйцэгдэнэ

Hurts-810x500

Эх сурвалж:Nnews.mn

Төрийн ордонд өнөөдөр /2025.10.02/ “Хүний эрх ба орчин цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Уг асуудлын хүрээнд АН-ын ҮБХ-ны гишүүн, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц байр сууриа илэрхийлэв


Тэрбээр, “миний хувьд Монгол Улсын төлөө зүтгэнэ гээд тангараг өргөсөн. Ингээд хийсэн ажлынхаа төлөө ял авсан. Товчхондоо, хоёр хоригдол хоорондоо зодолдсон хэргийг эрүүдэн шүүсэн хэрэг болгосон. Хар “пи-ар”-ын Засгийн газар унаснаас хойш энэ хэрэг арай намжлаа. Өнгөрсөн долоо, найман жилийн хугацаанд намайг харлуулаагүй, балбаагүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй. Яахав, миний хувьд энэ замыг сонгосон хүн. Гэтэл миний гэр бүл, найз нөхөд эргэн тойрны хүмүүс минь оюун санаагаараа хэлмэгдсэн. Ямар нэг эвлүүлэггүй, Гэрэгэ-15 давхрын бус хэвлэлд би яриа өгнө. МАН олон жил идээ, бээртэй явлаа шүү дээ. Тэгэхээр Ардын намын өнгөрсөн хоногуудад гаргаж буй үйл явдлуудаар энэ идээ бээр нь гарлаа. Ингээд ирэхээр үхэх, сэхэх дээрээ тулна. Энэ идээ бээрийг цэвэрлэх хүн нь Б.Энхбаяр юм уу гэж би хөндлөнгөөс харж байна.

С.Зоригийн агсны хэргийг илрүүлсэн гэх гавьяаг манай хуулийн байгууллагынхан авах ёстой. Б.Хурц нарын есөн хүний шүүх хурлыг ил болгохыг  шаардаж байгаа.

Учир нь бид субъект биш. Гэтэл бидний шүүх хурлыг ямар том сенсац дэгдээж хийсэн билээ. Ингэж бидэнд ял өгсөн шүү дээ. Үнэн нэг байдаг гэж Б.Энхбаяр хэлж байна лээ. Цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл үнэнд гүйцэгдэнэ. С.Зориг агсны хэрэг болон бидний хэргийг нууцын зэрэглэлээс гарга. Өнгөрсөн жилүүдэд энэ сэдвээр МАН ашиг хүртэж ирлээ. Тийм учраас нууцын зэрэглэлээс гаргаж үнэнг тогтоох хэрэгтэй. Төрийн дээр нам, намын дээр хэдэн бүлэг этгээд гарсан байна. Ц.Нямдорж хувийн асуудлаа намын асуудал болгодог. Харин би Ц.Нямдоржийн хонгилоор чирэгдсэн хүн. Үүнээс болж дээр хэлсэн миний эргэн тойрны хүмүүс оюун санаагаараа хэлмэгдсэн ” гэлээ.

About Author