Хөндөх сэдэв: Томуугийн улмаас жил бүр 50 хүүхэд эндэж байна

3c671368769e9f635bc5dc52e5e9706f

Эх сурвалж:Nnews.mn

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт 2025 оны есдүгээр сарын 12-ны өдрөөс албан ёсоор эхэлжээ. Энэ жил Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний хоёр, B хүрээний хоёр хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж байгаа бөгөөд дархлаажуулалт есдүгээр сарын 15-наас эхлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан хийгдэж байна. Нийт 300 мянган тун вакцин хийхээр төлөвлөсөн дархлаажуулалтын ажлын хүрээнд 2025 оны есдүгээр сарын 30-ны байдлаар нийт төлөвлөгөөний 60 хувь буюу 180 мянган тун вакцин хийгджээ. Дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай 160 мянган хүүхдээс 96 мянга нь буюу мөн 60 хувь нь хамрагдаад байгаа талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлсэн байна.

Томуугийн дэгдэлт жил бүр аравдугаар сараас эхэлж, дараа оны нэгдүгээр болон хоёрдугаар саруудад оргил үедээ хүрдэг бөгөөд энэ хугацаанд дунджаар 630,000-700,000 хүн томуугаар өвчилж, 45,000-47,000 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Сүүлийн гурван жилийн судалгаагаар томуугийн улирал өмнөх жилүүдтэй харьцуулахад хоёр дахин удаан үргэлжилж, өвчлөл хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгаа нь эрүүл мэндийн байгууллагуудад хүндрэл учруулж, эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин нэмэгдэх нөхцөл үүсгэж буйг холбогдох албаныхан анхааруулжээ.

Мөн энэ жилийн томуугийн улиралд, ялангуяа арваннэгдүгээр сараас эхлэн томуу болон Улаанбурхан өвчний хавсарсан дэгдэлт гарч болзошгүй гэх тооцоолол гарсан бөгөөд өвчлөлийн оргил үе 2026 оны нэгдүгээр болон хоёрдугаар саруудад тохиох төлөвтэй байна. Жил бүрийн томуугийн улиралд дунджаар 700 мянга гаруй иргэн томуу болон томуу төст өвчнөөр өвчилдөг бөгөөд харамсалтай нь энэ үеэр 50 орчим хүүхэд нас бардаг гэсэн тоон мэдээлэл байна.

Эрүүл мэндийн салбарын 2024 оны статистик мэдээгээр амьсгалын эрхтний өвчний шалтгаант нас баралт нь 0-1 насны хүүхдийн эндэгдлийн хоёрдугаарт, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувийг эзэлж байгаа нь томуугийн хүндрэл, уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын өвчнүүдийн эрсдэл өндөр байгааг илтгэж байна. Ийнхүү таван хүүхэд тутмын нэг нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр амь насаа алдаж байгааг мэргэжилтнүүд онцлон анхааруулж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа бөгөөд хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс зэрэг эрсдэлт бүлгийнхэн вакцинд хамрагдах нь томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал арга гэдгийг онцолж байна. Мөн амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд гараа тогтмол угаах, амны хаалт зүүх, олон нийтийн газраар хэт бөөгнөрөхөөс зайлсхийх, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид даруй хандах зэрэг энгийн боловч үр дүнтэй алхамыг мөрдөхийг зөвлөж байна.

About Author