ХСҮТ их засвараа дуустал Дөрөвдүгээр эмнэлгийг түрээслэнэ
Эх сурвалж:Nnews.mn
Улсдаа ганц Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх зорилгоор хашаанд нь үйл ажиллагаагаа явуулж буй Дөрөвдүгээр эмнэлгийг улсад худалдан авах саналыг анх Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан гаргасан. Гэвч шинэ Засгийн газар байгуулагдан, Эрүүл мэндийн сайдаар Ж.Чинбүрэнг томилсноор энэ санаачлагыг зогсоосон гэдгийг УИХ-ын гишүүн асан М.Билэгт хэлж байгаа юм.
Түүнээс энэ талаар тодруулахад “Хавдар судлалын үндэсний төвийн барилгад 2025 оны зургадугаар сараас эхлэн их засвар хийх хугацаандаа Дөрөвдүгээр эмнэлэгт байрлаж, үнэ төлбөргүй түрээслэх гэрээ байгуулсан. Хавдар судлалын үндэсний төвийн амбулатори, хорт хавдрын хими, туяа, дуран, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд нүүж орсон. Эхнээсээ их засвар нь дууссан тасгууд ХСҮТ рүүгээ буцаад нүүсэн. Одоо үлдсэн тасгууд бүрэн нүүсний дараагаар эмнэлгийн барилгаа засч, хэсэгчлэн худалдан борлуулна” гэв.
Харин эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Дөрөвдүгээр эмнэлгийг хэдийгээр үнэ төлбөргүй түрээсэлж байгаа ч эмнэлэг ашигласны урсгал зардал, үл хөдлөх хөрөнгийн татварыг нь хүртэл төлөх нөхцөлтэй” гэдгийг онцолсон юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан М.Билэгт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би 10-аад жилийн өмнө эх орондоо Японы эрүүл мэндийн салбарын эмнэлгийн стандартыг хангасан эмнэлгийн барилгыг барьж байгуулахаар зорьсон юм. Гэтэл үүнээс болж 10-аад жил бизнесээ гацааж, хүндрэл бэрхшээлийг тууллаа. Би өөрийнхөө хөрөнгөө барилгын ажлаа эхлүүлж, үлдсэн ажлаа явуулахаар Хөгжлийн банкнаас зээл авч барьсан.
Би тухайн үедээ Хөгжлийн банкнаас 36 тэрбум төгрөгийн зээл авч, нийт 73.5 тэрбум төгрөг болгон төлж байгаа. Одоо би үндсэн зээлээ төлөөд, зээлийн хүү, ханшийн алдагдал, нэмэгдэл хүүний зөрүү 40 тэрбум төгрөгийг төлөх юм.
Сайд дарга нар банкнаас зээл авч бүтээн байгуулалт хийхэд тэр санхүүжилтээ бүтэн нугалж төлдөг юм байна гэдгийг мэддэггүй юм. Би үндсэн зээлээ төлчихсөн, одоо 40 тэрбум төгрөгийн үлдэгдлийг төлнө. Манайд Хавдар судлалын үндэсний төв их засвар хийж байх хугацаандаа өнгөрсөн зургадугаар сараас түрээсийн төлбөргүйгээр ашиглаж байгаа. Их засвар нь дууссаны дараа эмнэлгийнхээ барилгыг хэсэгчилж борлуулаад, зөрүү 40 тэрбум төгрөгөө төлнө. Хавдарын эмнэлгийн өргөтгөл болгох хүлээлт байсан ч Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд болонгуутаа Хөгжлийн банкинд “Ачлалт трейд” ХК-ийн эмнэлгийн барилгыг авахгүй гэсэн учраас хурдхан шиг үлдэгдлээ төл гэсэн. Би одоо барилгаа хэсэгчилж борлуулснаар эмнэлгийн зориулалтаар ашиглахаа болино” гэсэн юм.
Харин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Би Хөгжлийн банк руу бичиг явуулсан эсэхийг эрэн сурвалжлаарай. Харин би Хөгжлийн банкны захиралтай уулзахад, үнийн асуудлаар шүүхэд өгсөн гэж хэлсэн. Тийм учраас тендер зарлаад энэ барилга Эрүүл мэндийн яам худалдан авах тендерт оролцох боломжгүй гэдгийг надад хэлсэн. Би бол бодит үнээр худалдаж авья гэж байгаа. Нэг ёсондоо Хөгжлийн банкнаас зээл авч, хүүг нь төлөөд тэр мөнгөөрөө сайхан барилга бариад улсын байгууллагад зарах нь зөв үү. Би бол буруу гэж бодож байна. Эхний удаа 160 тэрбум төгрөг байсан бөгөөд дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй учраас одоо 88 тэрбум төгрөг болсон. Бид хоёр удаа тендер зарлаад хэн ч оролцоогүй” гэдэг хариултыг өгсөн.
Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын зураг төслийг эхний үе шат болох A, C блокийн барилга болон гадна шугам сүлжээний санхүүжилтэд нийт 234.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 40.5 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгасан. Тус эмнэлэг нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянголын аманд байгуулах бөгөөд мэс засал, туяа эмчилгээ, эрчимт эмчилгээ, оношилгоо, нөхөн сэргээх болон амбулаторийн үйлчилгээний хэсгийг байгуулна. Түүнчлэн эмнэлгийн барилга байгууламж баригдах бөгөөд 614 орны хүчин чадал бүхий орчин үеийн өндөр хүчин чадалтай эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулалт хангагдсан 1500 хүртэл эмч, ажилтан, туслах ажилтан ажиллах боломжтой томоохон бүтээн байгуулалт болохоор төлөвлөж буй.
Хавдрын шинэ эмнэлгийн барилга хамгийн багадаа 3-4 жил баригдана гэж тооцоолж буй.
Дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг ШШГЕГ-аас 177 орчим тэрбумаар үнэлж, 50 хувийн үнэлгээний бууралтаар 88.9 тэрбумаар худалдан борлуулахаар зарласан. Худалдан авагч гарч ирээгүй тул Хөгжлийн банк хөрөнгийг царцаах арга хэмжээ аваад байгаа аж. Дөрөвдүгээр эмнэлгийг улсад авах талаар өмнө нь ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүүгээс тодруулахад, “Дөрөвдүгээр эмнэлгийг улсад авч болно. Ингэснээр 100 ор нэмэгдэнэ. Энэ бол хоёр талтай асуудал. Тэглээ гээд одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн барилга стандарт бус хэвээрээ л үлдэнэ. Одоо нийт 229 ортой үүн дээр Дөрөвдүгээр эмнэлгийн 100 ор нэмээд 329 ортой болно. Дөрөвдүгээр эмнэлгийн хувьд хавдрын зориулалттай барьсан ч зай талбай ихтэй, орны тоо цөөн эмнэлэг. Мөн ашиглалтын зардал өндөртэй. Шинээр баригдахаар төлөвлөөд буй Хавдрын шинэ эмнэлэг нь нийт 600 ортой, туяа болон цөмийн оношилгоо эмчилгээ хийх боломжтой болох юм” гэдгийг хэлж байсан юм.
Одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн барилга нь 1981 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан.
Өмнө нь жилд 6500 орчим хорт хавдар оношлогддог байсан бол энэ жил 7200 болж нэмэгдсэн. Удахгүй 8000-д хүрнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс улсдаа ганц хавдрын эмнэлгийн байраа томруулж, эмчилгээндээ орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлмээр байгааг салбарынхан нь учирлаж байгаа юм.