Г.Занданшатарт зулгуйдах О.Цогтгэрэлийн ард АН биш MCS байгаа юм биш үү?!

49a36b79e9ac1c5de3cd86e3bf6cb772

Эх сурвалж: “Өнөөөдөр сонин”

АН-ын дарга О.Цогтгэрэл өчигдөр чуулганы хуралдаан дээр “Манай намын Улстөрийн зөвлөл бидэнд чухал даалгавар өгсөн учраас АН-ын бүлгийн гишүүд намайг дагаад гар. МАН олонх юм чинь та нар өөрсдөө хуралдаа суугаад үлд. Намын дээд байгууллагын шийдвэрээ дагахгүй гэж гүрийх АН-ын гишүүн байвал бас үлдээрэй” гэж зандраад гарч одов. Хар үгээр хэлбэл АН-ын Улстөрийн зөвлөл нь О.Цогтгэрэлд “Д.Амарбаясгаланг намнахад Г.Занданшатар ба түүний нөхдөд аль чадлаараа тусал” гэсэн үүрэг өгчихөж.

УИХ дах АН-ын бүлгийн гишүүд дунд “Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр МАН-ын зодоонд бид ямар хамаа байна аа” гэж мөрөө хавчигсад олон байна. Хууль зүйн сайд О.Алтангэрэл гэхэд л “Улстөрийн зөвлөл АН-ын бүлэг рүү бичиг өгснийг манай намын дарга уншиж харагдана лээ. АН-ын бүлэг энэ дээр ямар ч шийдвэр гаргаагүй. Ер нь өрсөлдөгч намынхаа гаргасан шийдвэр, дотоод асуудалд оролцохгүй байх нь улстөрийн том соёл. Бид оролцох нь зохисгүй” гэсэн бол Ч.Лодойсамбуу гишүүн “АН хөнгөн хуумгай харагдаж байна. Шүүхээр гэм буруу нь нотлогдоогүй л бол хэн ч гэм буруутай биш. Энэ бол ардчиллын суурь зарчим. Хэчнээн намын ялалтад хэрэгтэй байлаа ч суурь зарчмаа эвдчихвэл суусан завь маань эвдэрч, бид хүрэх газраа очиж чадахгүй. Гэм буруутай гэж хэнийг ч гүтгэж болно. Тэр тоолонд нь ажлаа өгөхийг шаардаад байвал төрийн ордонд орж ирэх хүн байгаа юм уу. Бүгд л хардуулж, гүтгүүлдэг” хэмээн зарчим ярив.

Уг нь АН-ын дарга О.Цогтгэрэл болоод даргадаа дарамтлуулж чуулганы хурал хаяж гарсан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг “далдаас тушаал өгдөг” Улстөрийн зөвлөл гээч нь парламентад сонгоогүй. Тэднийг Монгол улсын эгэл жирийн иргэд “Бидний амьдралыг тэнд очоод шийдээд өгөөрэй” гээд УИХ-д сонгосон. Гэтэл О.Цогтгэрэлтэнгүүдэд түмний амьдрал падлий ч алга. Г.Занданшатар ба түүний нөхдийг дэмжиж улстөржих нь л амин чухал асуудал болчихож. Яг үнэндээ хуулийн төслийн хэлэлцүүлэгт суух нь тэдний номер нэгт тавих ажил.

АН-ын дарга О.Цогтгэрэлийн дагаж намираад буй Г.Занданшатарын улстөржилтийг анзаарахад намын дарга болж, чин сэтгэлээсээ намаа өөд нь татъя гэх сэтгэл үнэртэх ч үгүй байгаа. Хатуухан хэлэхэд Ухаа худагийг ард түмэнтэй хувааж биш ганцаараа завших хүсэлтэй MCS гэх компани “Ухаа худагийн тодорхой хувийн өгөөж ард түмэнд очих ёстой” гэж дуугарсан Л.Оюун-Эрдэнийг унагаж Г.Занданшатарыг оронд нь “залсан” юм. УИХ-ын учир мэдэх гишүүд Г.Занданшатарыг MCS-ийн төлөөний хүн гэж харддаг нь оргүй биш болохыг эндээс харчихаж болно.

Тэгвэл О.Цогтгэрэлийн ард хэн байна вэ? “Манай намын улстөрийн зөвлөл тушаасан учраас” гэж ярьнаас нь хариу хайя. АН-ын Улстөрийн зөвлөлд MCS-ийн ашиг сонирхлыг хамгаалагч гэж хардагддаг С.Баярцогт байх жишээний. Ухаа худгийг иргэдтэй хувааж болохгүй, зөвхөн MCS л ашиглах ёстой гэх улстөрийг дэврээдэг, илт дэмждэг хүмүүсийн нэр ч Улстөрийн зөвлөлд цохиж явна. Ингэж хөвөрдөөд бодохоор О.Цогтгэрэлийн ард АН биш гурван үсэгт компани байгаа нь тодорхой болчихлоо. Намынхаа хувь заяагаар дэнчин тавин байж, сонгогчдынхоо урмыг хугалан барин ганц компанийн эрх ашгийн төлөө Г.Занданшатарыг налж улстөржихөөсөө ичмээр байна аа, АН-ын дарга аа.

About Author