АХБ: Монголын эдийн засаг зөвхөн нүүрсний үнэд найдаж болохгүй!
Олон улсын эдийн засгийн хурдацтай өөрчлөлт болон Монгол Улсын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан Азийн хөгжлийн банк /АХБ/ Монгол Улсын эдийн засгийн төлөвийг бууруулжээ. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны есдүгээр сарын тайланд дурдсанаар, Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлт 2025, 2026 онд тус бүр 5.7 хувьтай байх төлөвтэй гэж үзжээ.
Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулсан 6.6 болон 5.9 хувийн таамгаас бага байгаа нь эдийн засгийн орчны шинэчлэгдсэн нөхцөлд нийцүүлсэн бодит тооцоо гэнэ.
Гол шалтгаан нь Монголын эдийн засгийн тулгуур салбар болох уул уурхай, тэр дундаа коксжих нүүрсний экспортын бууралттай холбоотой гэж үзжээ. Тодруулбал, Хятадын зах зээл дэх эрэлт суларч, тээвэр, гаалийн саатал нэмэгдсэн нь экспортын орлогыг хумиж байна. Гэвч Оюу Толгойн олборлолт, гүн уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж буй нь өсөлтийн гол хөшүүрэг хэвээр байна. Энэ төслийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжилбэл 2025 оны эдийн засгийн өсөлтөд тодорхой “амь оруулах” нөлөө үзүүлэх төлөвтэй гэж үзжээ.
Харин уул уурхайн гадна талд байгаа салбаруудын сэргэлт илүү эмзэг хэвээр байна. Тухайлбал, мал аж ахуйн салбар сүүлийн жилүүдэд сэргэлтийн шинжтэй байгаа ч, уур амьсгалын эрсдэл, цаг уурын өөрчлөлт хөдөө аж ахуйд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Тиймээс мал сүргийн нөхөн сэргээлт, өвөлжилтийн нөхцөлд уялдуулсан уур амьсгалд дасан зохицох бодлого зайлшгүй хэрэгтэй болж байна.
Дэд бүтэц, үйлчилгээний салбарууд эдийн засгийн өсөлтөд чухал түлхэц өгөх боломжтой. Ялангуяа тээвэр, логистикийн сүлжээ, хангамжийн хэлхээг сайжруулах нь уул уурхайн үр ашгийг бусад салбарт дамжуулах гарц болно. Хэрвээ төр, хувийн хэвшил хамтран дэд бүтцэд тогтвортой хөрөнгө оруулалт хийж чадвал, үйлдвэрлэл ба экспортын уялдаа гүнзгийрч, эдийн засгийн өсөлт илүү өргөн хүрээнд мэдрэгдэх боломжтой. Гэвч урт хугацаанд тогтвортой өсөлтөд хүрэх зам шулуун биш. Экспортын бүтэц хэт нэг талтай, уул уурхайд хамааралтай байдал эдийн засгийг гадаад савлагаанд эмзэг болгож байна.
Түүнчлэн төсвийн сахилга бат, санхүүгийн тогтвортой байдал, өрийн дарамт зэрэг асуудал бодит сорилт хэвээр. Хэрвээ төсвийн дарамт нэмэгдвэл дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хөрөнгө оруулалт тасалдах эрсдэлтэй.
Дэлхийн эдийн засгийн хэлбэлзэл, металлын үнийн савлагаа, бүс нутгийн геополитик ч Монголын хувьд “гаднын салхи” болж ирж болзошгүй. Түүхий эдийн өндөр үнэ богино хугацаанд ашигтай мэт боловч, түүнд хэт найдсан стратеги урт хугацаанд эрсдэл дагуулдаг нь тодорхой. Иймээс одоо л эдийн засгаа төрөлжүүлэх, технологид суурилсан үйлдвэрлэл, боловсруулалтын салбарыг хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Дэд бүтцийн сүлжээг өргөжүүлж, боловсрол, инноваци, хүний капиталд хөрөнгө оруулах нь Монголын эдийн засгийг илүү тогтвортой, өрсөлдөх чадвартай болгох гарц юм. Азийн хөгжлийн банкны шинэчилсэн тайланд дурдсанчлан Монголын эдийн засагт өсөлтийн боломж байна. Гэвч тэр боломж бодит амжилт болох эсэх нь зөв бодлого, чадварлаг менежмент, тогтвортой орчны уялдаанаас шалтгаална. Өнөөдөр Монголын эдийн засаг зөвхөн “нүүрсний үнэ”-нд бус, тогтвортой төрийн бодлогод түшиглэх цаг ирээд байна.
Эх сурвалж: www.adb.org