“Улмаа дахин амилах цагаар” эмгэнэлт жүжгийг монгол төрийн тайзнаа битгий тавиарай, Ж.Оджаргал захирал аа!
Эх сурвалж: ivoice.mn
Монголын улс төр, бизнесийн огтлолцол сүүлийн үед улам тодорч, парламентын бие даасан байдалд халдах оролдлого нийгмийн анхаарлын төвд орчихлоо. Улс төрийн намын дотоод асуудалд MCS-ийн хамаг том эзэн Ж.Оджаргалын нөлөө хүчтэй орж буй нь олон нийтийн шүүмжлэлийн бай болоод байна. Ж.Оджаргал өнгөрсөн олон жилийн турш Монголын томоохон бизнесийн салбаруудыг атгаж, эдийн засгийн эрх мэдлийг төвлөрүүлснээс гадна улс төрийн хүрээнд ч гүн гүнзгий байр сууриа мафийн толгойлогч лугаа тогтоочихсон нэгэн. Үе үеийн УИХ-д өөрийн хүнээ байршуулж, эрх ашигт нь нийцэхгүй Засгийн газруудыг нарийн зохион байгуулалттайгаар унагаж ирсэн нь Монгол төрийн түүхээс тод харагддаг. Яг одоогийн нөхцөлд гэхэд л MCS-ийн босс төр унагах төгс төгөлдөр сценариа тайзнаа тавих гэж байна. Ожа босс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулсан жагсаалынхаа сезон хоёрыг Д.Амарбаясгалан дээр хэрэгжүүлэх нь тодорхой болчихож.
Ж.Оджаргал эхний удаа Монгол Улсын гүйцэтгэх засаглалын эсрэг өөрийн тэжээвэр гишүүд гэгддэг Д.Энхтүвшин, Баян Бажаа Ж.Баярмаа, төрийн хутгуур ховч муужгай Б.Батцэцэг, 55-р тогтоолоор “эзэн”-дээ 200 тэрбумыг олж өгсөн Г.Дамдинням, Огцрох амархан жагсаалын Улмаа нарыг турхирч байв. Гэтэл одоо мань эр эдгээр “тэжээвэр”-үүдээ парламентын засаглалын эсрэг онилж эхэллээ. Ожа боссын тусгайлж бэлдсэн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин яг одоо УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичигт гишүүдийн саналыг авахаар Төрийн ордноор гүйж явна. Парламент бол олигархиудын биш, ард түмний төлөөллийн байгууллага. Ард түмэн “Төрд бидний зовлонг хүргээрэй.Асуудлыг минь шийдэж өгөөрэй” гэж Д.Энхтүвшингүүтнүүдийг сонгож УИХ-д оруулсан. Их хурлын гишүүн гэх алдрыг Энхтүвшингүүтнүүдэд Ожа босс биш жирийн иргэд өгсөн. Харамсалтай нь иргэдээс ийм том виз авсан Д.Энхтүвшин нарын гишүүд төрийн ордонд MCS гэх гурван үсэгт компанийн төлөө л зүтгэж явна. Энэ гурван үсэгт компанийн амиа зогоодог том бизнес нь Ухаа худаг. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн хамгийн том өгөөжийг хөрсөн дороо нуусан, дэлхийн зах зээл дээр үнэ нь цойлдог коксжих нүүрсний асар баян нөөцтэй Ухаа худаг гэх дэлхийд гайхагдсан маш том ордыг “MCS”-ийн охин компани “Энержи ресурс” цор ганцаараа эзэмшдэг юм. Өмнөх Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “MCS”-ийн цор ганцаархнаа эзэмшдэг Ухаа худагийн өгөөжийн тодорхой хувийг ард түмэндээ хүртээнэ гэж мэдэгдсэнээсээ болж, “MCS”-ийн зохион байгуулсан жагсаалаас болж огцорч байв.
Ганц үгээр хэлэхэд “MCS” гэж гурван үсэгтэй компани Монгол төрийн самрах төгс сценарийг аль хэдийнэ бүтээчихэж. Тэд яг энэ сценариараа УИХ-ыг самрахаар улайрч байна. Одоо “MCS”-ийн босс Ж.Оджаргалаас гуйх нэг л хүсэлт байна. Та тэгтлээ улайрч шунаад байгаа Ухаа худгаа авмаар байвал ав. Монгол Улсын Засгийн газрыг мөнгөөр угжиж унагасан хар түүх чинь монгол төрийн түүхэнд үлдэх учраас Ухаа худагийн араас элдэв үг унагамааргүй байна. Танаас ганц л зүйл гуйя. Парламентын засаглалыг минь л бидэнд үлдээчих. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэйгөө үлдсэн байхад бүгдийн учир олдоно. “Улмаа дахин амилах цагаар” эмгэнэлт жүжгийг монгол төрийн тайзнаа л битгий тавиарай.
Эх сурвалж: Өдрийн сонин