Тэдний хамаарлуудын БЗС-гаас авсан зээлийн мэдээллийг нягтлах боломжгүй байна

0

“Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн хүрээнд 2020-2022 онд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын шилдэг их, дээд сургуульд бакалавар, магистер, доктороор суралцсан иргэдийн мэдээллийг 2023 оны гуравдугаар сард олон нийтэд нээлттэй болгосон.

Харамсалтай нь, Боловсролын зээлийн сангийн “elf.gov.mn” вебсайтад байршуулсан мэдээллүүд нь “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн 34.1.6-д заасан “нээлттэй өгөгдлийг мэдээллийн системд уншигдах хэлбэрээр байршуулж, хүн, хуулийн этгээд ашиглах боломжийг бүрдүүлэх, төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системд холбох” гэх заалтыг хэрэгжүүлээгүй буюу ил тод байдлыг бүрэн хангалгүй өнөөдрийг хүрэв. Өөрөөр хэлбэл, “elf.gov.mn” вебсайтад байршсан нээлттэй өгөгдөл нь компьютер, мэдээллийн системд уншигдахгүй, иргэд ашиглах боломжгүй байгаа нь олон нийт мэдээлэлд хяналт тавих боломжийг хязгаарлаж байна.

Ил тод нэртэй шилэн бус энэхүү байдал нь эргээд аливаа улстөрч, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий иргэдийн зээлийн асуудлыг далдалж байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Тэгвэл Сангийн яамнаас Боловсролын зээлийн сангийн 2016, 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлан, 2019 оны байдлаарх зээлдэгчид болон сургалтын төлбөрийн зээлээс чөлөөлөгдсөн иргэдийн жагсаалтад хэд хэдэн улс төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий хүний зээлийн мэдээлэл бүртгэгдсэн байна.

Ерөнхийлөгчийн төрсөн дүү Ухнаагийн Отгонбаяр Сургалтын төрийн сангийн 32 мянган ам.долларын зээлээ төлсөн үү

Тэдний хамаарлуудын БЗС-гаас авсан зээлийн мэдээллийг нягтлах боломжгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү Ухнаагийн Отгонбаяр 2011 онд Австралийн Чарлас Старт их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр 2 жил суралцахаар Боловсролын зээлийн сан буюу тухайн үеийн Сургалтын төрийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан. Зээлийн нөхцөлд “Суралцагч гэрээгээ зөрчсөн тохиолдолд зээлийг Сургалтын төрийн санд буцааж төлнө” гэж заасан. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар зээлээ эргүүлэн төлөөгүй байжээ.

БШУ-ны сайд танхимын сайд нарынхаа Боловсролын сангийн зээлийг нуусан уу

Тэдний хамаарлуудын БЗС-гаас авсан зээлийн мэдээллийг нягтлах боломжгүй байна

БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү Лувсанцэрэнгийн Ганбаатар 2004 онд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академид удирдлагын менежерийн чиглэлээр 2 жил суралцахаар Боловсролын зээлийн сан буюу тухайн үеийн Сургалтын төрийн сангаас 12 мянган ам.долларын зээл авсан.

Зээлийн нөхцөлд “Гэрээнд заасан байгууллагад 5-иас доошгүй жил ажилласан тохиолдолд чөлөөлөх асуудлыг Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ. Гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд 3 жилийн дотор зээлийг төлж барагдуулна” гэж заасан. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар зээлээ өрийн үлдэгдэлгүй болсон.

Одоогийн Засгийн газарт ажиллаж байгаа зарим сайдын хамаарлууд Боловсролын зээлийн сангаас зээл авсан ч нээлттэй болгосон гэх мэдээллийн ард үлдэж байгаа нь хардлага төрүүлж байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “elf.gov.mn” вебсайтад зориуд ил тод байдлыг хангаагүй мэдээлэл байршуулж, танхимын сайд нарынхаа зээлийг далдалсан уу гэх асуулт урган гарч байна.  

Эрүүл мэндийн сайдын хоёр охин АНУ-д тус бүр 32 мянган ам.доллараар сурсан зээлээ төлсөн үү

Тэдний хамаарлуудын БЗС-гаас авсан зээлийн мэдээллийг нягтлах боломжгүй байна

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн охидууд болох Чинзоригийн Дэлгэрмаа Чинзоригийн Норовдэлгэр нар Боловсролын зээлийн сангаас тус бүр 32 мянган ам.доллар, нийт 64 мянган ам.долларын зээл авсан. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар тус бүр 32 мянган ам.долларын зээлийн өрийн үлдэгдэлтэй байжээ.

Чинзоригийн Дэлгэрмаа 2010 онд АНУ-ын Виржинийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр 1.5 жил суралцахаар Сургалтын төрийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан. Зээлийн нөхцөлд “Суралцагч гэрээгээ зөрчсөн тохиолдолд зээлийг Сургалтын төрийн санд буцааж төлнө” гэж заасан.  2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 32 мянган ам.долларын зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан.

Гэтэл С.Чинзориг сайдын нэг охин нь зээлээ төлөөгүй байхад буюу 2017 онд түүний өөр нэг охин болох Чинзоригийн Норовдэлгэр 2017 онд АНУ-ын “Penn State University”-д 2 жил суралцахаар Боловсролын зээлийн сангаас мөн 32 мянган ам.долларын зээл авсан. Зээлийн нөхцөлд “Төгсөж ирээд дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасан журмын дагуу зээлийг эргэн төлж барагдуулна” гэж заасан. Мөн 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 32 мянган ам.долларын зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан буюу С.Чинзориг сайдын хоёр охин Сургалтын зээлийн сан болон Боловсролын зээлийн сангаас зээлсэн 64 мянган ам.доллараа төлсөн үү гэх асуулт гарч байна.

БОАЖ-ын сайдын төрсөн дүү Бат-Өлзийн Баттогтох 14 мянган ам.долларын зээлээ төлсөн үү

Тэдний хамаарлуудын БЗС-гаас авсан зээлийн мэдээллийг нягтлах боломжгүй байна

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн төрсөн дүү Бат-Өлзийн Баттогтох 2009 онд Өмнөд Солонгосын Сөүлийн үндэсний их сургуульд эдийн засгийн удирдлагын чиглэлээр 2 жил суралцахаар тухайн үеийн Сургалтын төрийн сангаас 14 мянган ам.долларын зээл авсан. Зээлийн нөхцөлд “Суралцагч гэрээгээ зөрчсөн тохиолдолд зээлийг Сургалтын төрийн санд буцааж төлнө” гэж заасан. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 14 мянган ам.долларын зээлийн өрийн үлдэгдэлтэй байжээ.

Олон нийтийн дунд энэ мэтчилэн улстөрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс Боловсролын зээлийн сангаас хэрхэн зээл авсан бэ, шаардлага хангаж байсан уу. Мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан бусдын боломжийг хулгайлсан уу зэрэг олон асуулт бий.

Нөгөө талд, эдгээр хүмүүс өнөөдөр Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлсөн үү. Гэрээний нөхцөлийн дагуу сургалтын төлбөрөө тэглүүлсэн бол шаардлага, журмыг бүрэн хангасан уу гэх асуултад хариулах боломжгүй. Боловсролын зээлийн сангийн “elf.gov.mn” вебсайтад байршуулсан мэдээллээс дээрх улстөрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс зээлээ эргүүлэн төлсөн эсэхийг нягтлах боломжгүй хэвээр байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *