“Иргэд УИХ-ын гишүүний тоог нэмэхийг эсэргүүцэж байна”
11:05 2023/05/19
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, ҮХНӨ-ийг танилцуулсан.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хөвсгөл аймгийн иргэдтэйгээ уулзлаа. 76-г нэгээр ч нэмэхийг эсэргүүцэж байна. Үндсэн хууль гэдэг төр иргэний хамтын гэрээ. Би ард түмний төлөөлөл учир ҮХНӨ-ийг хэлэлцэхийг дэмжихгүй байна. Хэрэв өөрчлөх шаардлагатай бол ард нийтийн санал асуулга явуулах ёстой” гэж саналаа хэлэв.
Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Тойргийн иргэд маань 152, 126 гэсэн тоог алийг нь ч дэмжихгүй байна. 76 гишүүнээс болоод өнөөгийн нийгэм, эдийн засаг ийм болоогүй гэдгийг хэлсэн. Ардчилсан Намын зүгээс нийт гишүүний 40 хувийг жагсаалтаар оруулах санал гаргасан. Миний хувьд намын жагсаалтаар орж байгаа хувийг 30-аас хэтрүүлэхгүй байх ёстой гэж харж байна” гэсэн юм.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Иргэдийн зүгээс 108-120 хүртэл гишүүдийн тоог нэмэгдүүлж болно гэх санал гаргасныг онцлох хэрэгтэй. ҮХНӨ-ийн гол агуулга нь 50:50 хувийн зарчим байсан. Гэтэл жагсаалтаар 40 хүртэл хувийг сонгоно гээд өөрчилсөн байна. 50:50 хувийн зарчмыг тусгаснаар тойргийн, мөнгөний нөлөө алга болно” гэж ярилаа.
09:39 2023/05/19
УИХ-ЫН 64 ГИШҮҮН ҮХНӨ-ИЙН ТАЛААР 62,000 ГАРУЙ ИРГЭНД ТАНИЛЦУУЛЖЭЭ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Хоёр дахь хэлэлцүүлгийн үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар явуулах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.
Тэрбээр “Иргэдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар танилцуулах уулзалтын хүрээнд УИХ-ын 64 гишүүн 21 аймаг, 127 сум, есөн дүүрэгт ажиллаж 62,000 гаруй иргэнд мэдээлэл хүргэсэн” гэв.