НИТХ: Төлөөлөгч Б.Эрдэнэсүхтэй холбоотой иргэний гомдол 9-р сард ирсэн

erdensuh-1-580x365

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав гэх эмэгтэй 22 жилийн турш нөхөртөө зодуулж, хүнд гэмтлүүд авсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан боловч хариу өгдөггүй, энэ асуудал шийдэгдэхгүй өнөөг хүрсэн гэж өөрийн амьдрал, нөхрийнхөө хүчирхийлэл, яргаллын талаар хэвлэлд илэн далангүй ярив. Энэ мэдээлэл олныг хирдхийлгэж, НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ.

Иргэн О.Нарангарав энэ асуудлаар хууль хяналтын байгууллагаас гадна НИТХ-д хандсан гэж ярьсан. Энэ талаар НИТХ-аас тодруулахад,

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхтэй холбоотой асуудлаар гэр бүлийн хүн нь 2025 оны 9-р сарын дундуур гомдол гаргасныг НИТХ-ын Ажлын албан хүлээж авсан. Уг гомдлыг судлаад, гомдол гаргагч тал болох нэр дурдагдсан төлөөлөгчийн аль аль талыг хүлээн авч уулзаж, тухайн үед шаардлагатай шийдвэрийг гаргасан. 

Гомдол гаргагч тал хоёр дүүргийн Цагдаагийн байгууллагад хандсан гэж мэдэгдэж байсан. Нэгэнт цагдаагийн байгууллагад хандсан, гомдолд илэрхий гэмт хэргийн шинжтэй үйлдэл дурьдагдсан учир хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн.  

Ёс зүйн зөрчил гаргаж, удаа дараа үйлдсэн бол хуулиар төлөөлөгчийг огцруулах асуудал тавигдана. Гэтэл гомдолд дурьдагдсан үйлдэл нь НИТХ-аас 2017 онд тогтоосон Ёс зүйн дүрэмд хамаарах асуудал биш, илэрхий гэмт хэргийн шинжтэй, хүний эрх, эрх чөлөөнд халдсан асуудал байх тул хууль хяналтын байгууллага шалгаж, гэм буруутай эсэхийг тогтоох нь зүйтэй гэж манай байгууллага шийдвэрлэсэн.

Нийслэлийн прокурорын газраас иргэн О.Нарангаравыг онц хэрцгийгээр зодож, хүчирхийлсэн асуудлаар яллагдагчаар татаж, хяналт тавин ажиллаж байна гэж өнөөдөр мэдэгдсэн.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  41 дүгээр зүйлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох зохицуулалтыг тусгажээ.

41.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:

41.1.1.нас барсан;

41.1.2.хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

41.1.3.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;

41.1.4.тухайн орон нутгаас шилжсэн;

41.1.5.энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон;

41.1.6.энэ хуулийн 40.1-д заасныг зөрчсөн;

41.1.7.Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;

41.1.8.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон.

41.2.Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41.1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

About Author