Н.Номтойбаяр: Бүгд хуульч болж өөрсдөдөө тааруулж хууль тайлбарлахаа болимоор байна
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: 2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр миний бие Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхад Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Засгийн газрыг огцруулахгүй гэж санал хураагаад, дэмжиж байсан. Чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй гэдгийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураагдсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг гишүүдийн дийлэнх олонх нь дэмжээгүй учраас манай Засгийн газар огцорч, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдож байсан. Энэ хуулийн зохицуулалт дэг журам яг хэвээрээ байгаа. Ийм л зүйл болж байна. Үүнийг гайхаад Үндсэн хуулийн зөрчил гээд байх шаардлагагүй.
Одоо ийм зүйл ажиглагдаад байна. Төрийн бус байгуулалтын дүрэм ягштал хэрэгжээгүйгээс өнөөдрийн төрийн хямрал болсон. МАН-ын дүрмийн дагуу Бага хурал дээрээ намын даргын өрсөлдөөн болсон. Нэг нь ялж, нөгөө нь ялагдсан. Ялагдсан тал нь мэдээж зөвшөөрөөгүй. Сүүлдээ УИХ-ын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуулийг үл хүндэтгэж, хүлээн зөвшөөрөхгүй байдал үүссэн. Үүний хэлбэржилт нь бүлгийн дарга дээр гарсан. Өөрөөр хэлбэл, МАН УИХ-д 65 суудалтай байхдаа 32, 33 болж хуваагдаж байсан түүх тэр мөрөөрөө давтагдаж байгаа. Гагцхүү ялгаатай нь тухайн үед бүлгийн даргаар Хаянхярваа ажиллаж байсан. Хоёр талаасаа бүгд сууж байгаад саналт хураалт явуулж байсан. Ингээд нэг хүний саналаар Хаянхярваа дарга ялагдаж , бүлгийн даргын албан тушаалаа өгсөн. УИХ-ын дарга шинэ бүлгийн даргыг томилсноор албажиж, ажил үүргээ хийгээд явж байсан. Харин одоогийн асуудал бүр даамжраад Үндсэн хууль руу орж байна. Бүгд хуульч болж өөрсдөдөө тааруулж хууль тайлбарлахаа болимоор байна.