Бизнес регистрийн санд бүртгэлтэй ААН-ийн тоо өмнөх оноос 8.5 хувиар өсжээ

images - 2025-10-17T193349.211

Есдүгээр сарын байдлаар 5000 гаруй төсвийн байгууллага, 600 гаруй ТӨҮГ, ОНӨҮГ байна Монгол Улсад 279.9 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 41.1 хувь буюу 115 мянга нь үйл ажиллагаа явуулж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Эдгээр аж ахуйн нэгжийн 86.7 хувь нь 1-9 ажилтантай, зургаан хувь нь 10-19 ажилтантай, 4.7 хувь нь 20-49 ажилтантай байгаа бол 2.6 хувь нь 50-иас дээш ажилтантай байна. 50-иас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85-аар буурчээ. Бизнес регистрийн сангийн бүртгэлийг бүхэлд нь авч үзэхэд нийт аж ахуйн нэгжийн тоо өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар өссөн байна. Энэ дундаа бүртгүүлсэн боловч үйл ажиллагаа эхлээгүй аж ахуйн нэгжийн тоо 50 гаруй хувиар өсөж, 51.8 мянга хүрсэн бол үйл ажиллагаагаа түр зогсоосон аж ахуйн нэгжийн тоо хоёр хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.  Аж ахуйн нэгжүүдийг хариуцлагын хэлбэрээр харвал 77.5 хувь нь компани, 12.4 хувь нь Төрийн бус байгууллага, 1.8 хувийг төсвийн байгууллага, 0.2 хувийг ТӨҮГ, ОНӨҮГ тус тус эзэлж байна. 2025 онд Төрийн албаны шинэчлэлийг эхлүүлэх томоохон зорилт дэвшүүлж, хэмнэлтийн хуулийн хүрээнд цомхотгол явуулж, орон тоог бууруулахаар УИХ-ын тогтоол батлагдаад байгаа юм.

About Author