“ТОП”-уудыг дэмжих Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “ТОП” амлалт

0

Цар тахлын хүнд цаг үе, хойгуур урдуур хилээ хаалгачихсан амаргүй цаг үед ч Монгол Улсын гол ачааг нуруундаа үүрч, татвараа төлж, ажлын байраа хадгалж, хэцүү хүнд байна гэж гоншигонож, гонгинохгүй ажилласан аж ахуйн нэгжүүдэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлэв.

Хэцүүг сөрж тууштай зүтгэсний төлөө, ажлын байраа хадгалж үлдсэний төлөө, Монгол Улсын эдийн засгийг хүнд хэцүүгээс энэ хүртэл дэмжиж ирснийх нь төлөө тэдэнд шилдгийн цом гардуулж, ТОП-100 аж ахуйн нэгжээр нэрлэн, олны өмнө бахархалтайгаар өргөмжлөв.

Тэд бол Монгол Улсын ДНБ-ий 74 хувийг бүрдүүлэгчид буюу 38.4 их наядыг зах зээлд эргэлдүүлэгсэд. Монгол Улсын татварын 30 хувийг нуруундаа үүрч, төрийн албан хаагч, эмч, цагдаа болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинд 4.3 их наядыг зарцуулаарай хэмээн чин шударгаар татвараа төлөгсөд юм. Хүн амын 6.2 хувийг буюу нийт хүн амын 71.2 мянгыг нь цар тахлын хүнд хэцүү жилүүд хийгээд өнөөдөр ч ажилтай, орлоготой байлгагсад. Товчхондоо, тэд бол ачааны хүндийг үүрэгсэд.

Тиймдээ ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нэн эгзэгтэй цаг үед ачааны хүндийг нуруундаа үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсанд Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн мэхийн ёслов, тэдэнд.

Өнгөрсөн цаг хугацаанд тэдэнд олон ч амаргүй даваа гүвээ, бэрхшээл тулгарсан нь мэдээж. Гадаад харилцаа нь хаагдчихсан, иргэдийнх нь орлого тасалдчихсан үеийг давлаа. Тэр тусмаа хөл хорио удаан хугацаанд үргэлжилснээс үйлчлүүлэгчээ алдах бэрхшээл ч олон байж.

Гэхдээ энэхүү цаг зуурын бэрхшээлээс илүүтэй төрийн дарамт, хүнд суртал, хяналт шалгалт, ажлаа хэвийн явуулахад саад учруулдаг авлигын сүлжээ юу юунаас илүүтэй ажлаа хийх, баялаг бүтээхэд нь саад учруулж, өнгөрсөн 30 жилийн хугацаанд улдан чангаасаар байгааг ажил олгогчид болон бизнес эрхлэгчидтэй хийсэн “Өглөөний уулзалт”-ын үеэр Ерөнхий сайдад тэд бухимдангуй учирлана билээ. Нэг бизнес босгоод овоо хөл дээр нь босгоод ирэхээр төр дарамталдаг, төрийн өмчит компаниуд оролцдог, эсвэл булаачихдаг. Нэг үгээр хэлбэл, хувийн хэвшлээр хийлгэж болох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар зохицуулж болох аж ахуйн ажилд ч төр нь хутгалдаж, ажиллах хүчнийг булааж байгаа нь “ТОП”-уудын толгойн өвчин болоод буйг дуулгав. Тиймээс аж ахуйн ажлаа хувийн хэвшилдээ өгөөд, ажиллах хүчний хомсдолоос гаргахын тулд төрийн албан хаагчдаа цөөлөөд өгөөч хэмээн бизнес эрхлэгчдийг төлөөлөн МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин гуйж байсныг санаж байна.

-АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН АЛГАА ТАШИХ ШАЛТГААНУУД-

Өнөөдөр шилдгийн цомоо гардан зогсож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд гартаа атгасан цомоосоо ч илүүтэй баярлаж, хоёр алгаа хорстол таших шалтаг шалтгааныг Ерөнхий сайдын хэлсэн үг өгчихөв. Ерөнхий сайд хэлэхдээ “үүнээс хойш түүнээс цааш хувийн хэвшилтэйгээ төр өрсөлдөхгүй” гэдэг амлалт өгчихлөө. Төр хувцас үйлдвэрлэж, ресторан байгуулж, тэр байтугай амралтын газар ажиллуулж, машин засахгүй гэв. Ингэснээр төрийн өмчит үйлдвэрийн газрууд, ТӨК-иуд өрсөлдөөнөөс хасагдана гэсэн үг. Мөн өнөө жилийн шилдэг татвар төлөгчдийн жагсаалтыг харвал төрийн өмчит компаниудыг хассан харагдана. Төрөөс санхүүждэг, төсвийн дэмжлэгтэй бизнес хийдэг атлаа хувийн хэвшилтэй өрсөлдөж болохгүй, чин шударга өрсөлдөөнөөс хасагдах ёстой гэдгийг бодитоор энэхүү жагсаалт бэлхнээ харуулж өгөв.

Төрийг түшсэн оёдлын цех, амралт сувиллын газрууд хувьд шилжиж, чөлөөт өрсөлдөөнөөр өрсөлдөхөөр болсон нь олзуурхмаар мэдээ мөн биз. Төр хувьдаа банктай байхгүй хэмээв. Онгоцны нислэг, уул уурхайн олборлолтыг хүртэл төр нь зохицуулдаг буруу хандлагаас ангижрах алхам хийж буй нь шилдгүүдэд барьсан хамгийн том бэлэг болж чадлаа.

Энэ өдөр тэд цомоо дээш нь өргөөд Төрийн ордноос бардам алхаж гарах өөр нэг шалтгаан нь Засгийн газраас өргөн бариад буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл. Энэ хууль батлагдсанаар төрийн албан тушаалтан өөрийн эзэмшлийн компаниар төсвийн тендерт оролцохгүй болох учиртай. Үүн шиг сайн мэдээ гэж хаана байх юм.

Улстөрчид ЖДҮХС-гаас мөнгө хулгайлахгүй болж байна. Алгаа таших шалтгаан мөнөөс мөн. Төрийн бүх санг цөмлөдөг алдаа завхралыг хуулиар засаж байна. Хөгжлийн банкнаас луйварддаг, зам, барилга, уул уурхайн бүх тендерээс улстөрчид савраа татахаас өөр аргагүй болов, энэ хуулиар.

Төрөөс зарласан бүх тендерт баялаг бүтээгчид хийгээд хөл дээрээ өндийсөн, хөлөө олохоор тэмцэж, чармайж буй старт-ап компаниуд оролцож, өрсөлдөөнөөр, өөрийнхөө чадлаар өндийх боломжийг олголоо. Жижиг цонхоор харвал нийтийн албан тушаалтантай зууралдаж, тэднийг “шийтгэж” буй мэт харагдавч цонхоо цэлийтэл нээгээд харвал хувийн хэвшилд боломж олгох, тэднийг бүрэн дүүрэн дэмжих том боломжийг бүрдүүлж өгч буйгаараа давуу талтай. Тиймээс л ордонд цугласан баялаг бүтээгчид Ерөнхий сайдын гардуулсан цомоос илүүтэй индрээс хэлсэн үгэнд нь итгэж, илүү сайхан хууль эрхзүйн орчинд хийж бүтээх боломж бүрдэх нь ээ гэсэн урам зориг аваад гарсан хэрэг билээ. Ашиг сонирхлын хуулиар бүрдүүлж өгөх энэхүү орон зай хувийн хэвшлийнхэнд чөлөөт өрсөлдөөний орон зай болж очих юм. Цаашдаа тэд ажиллахын тулд төрд танилтай байх шаардлагагүй болж байна гэсэн үг. Аль нэг тендерт ялахын тулд улстөрчийн халаасанд мөнгө дүүргэх шаардлагагүй болов. Хэн чадаж буй нь, хэн бүтээж буй нь өрсөлдөөнд ялах боломж бүрдэнэ.

Үүнээс гадна өнөөдрийн шилдэг 100 аж ахуйн нэгжүүдийн нэрсийг уншигч та анхааралтай ажиглаж хараарай. Тэнд үндэсний тэргүүлэгчдээс гадна Монгол Улсын зах зээлд жил гаруйн өмнөхөн нэвтэрсэн, шинэлэг, шилдэг үйлчилгээг нэвтрүүлж буй старт-ап компаниуд ч хүч түрэн орж иржээ. Тухайлбал, CU, GS-25 зэрэг олон улсын стандартыг, сайн соёл, үйлчилгээг нэвтрүүлсэн, залуусыг ажлын байраар хангаж, үйлчилгээний шинэ соёлд сургаж аж ахуйн нэгжүүд ар араасаа орж ирцгээв. Мөн Засгийн газар нь технологийн компаниудаа дэмжиж шилдгээр нэрлэсэн нь залуу үеийнхэнд урам өгсөн, цаашдаа дэлхийн том бизнесүүдийг Монголдоо урьж оруулж ирэх, франчайз бизнесүүд ар араасаа хөгжих том боломж гэж харагдлаа. Монголд бизнес хийх, бизнесээ эхлүүлэх, гарааны “спарт-ап”-ууд хөгжих бүрэн дүүрэн боломж бүрдэж эхэллээ хэмээн итгэж болох амлалтыг Гүйцэтгэх засаглалын тэргүүнээс сонссон нь чухал юм. Төр үүнийгээ тууштай ажил хэрэг болгож, түргэн шуурхай шийдвэрлэх тусмаа л ТОП-уудын эгнээ улам бүр нэмэгдэж, маргааш 200-г ТОП-оор нэрлэх сайн цаг ирэх нь ээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *