Малын зүй бус хорогдол I-IX сард 198.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 97.6 хувиар буурав
Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 5.6 саяар өсжээ
Улсын хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар том малын зүй бус хорогдол 198.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7.9 саяар буюу 97.6 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл 75.2 мянган толгой ямаа, 73.8 мянган хонь, 25.8 мянган үхэр, 23.3 мянган адуу, 454 толгой тэмээ хорогдсон байна. Нийт хорогдсон малын 37.2 хувийг хонь, 37.9 хувийг ямаа эзэлж
байгаа аж.
Архангай аймагт 29.3 мянган толгой мал хорогдсон нь хамгийн их буюу нийт хорогдсон
малын 14.7 хувийг эзэлж байна. Мөн Ховд аймагт 25.4 мянга, Өвөрхангай 20.5 мянга, Хөвсгөл аймагт 17.5 мянган толгой мал хорогдсон нь хамгийн их хорогдолд тооцогдож байгаа бол Говьсүмбэр, Орхон, Дорноговь аймагт бараг хорогдолгүй байна.
Өмнөх оны эцэст тоологдсон 26.7 сая эх малын 45 мянга гаруй нь оны эхний есөн сард хорогджээ. Булган, Говь-Алтай, Баян- Өлгий, Увс, Төв, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Ховд, Архангай аймагт 2600-6000 толгой хээлтэгч мал хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 78.8 хувийг эзэлж байна. 4.1 мянган толгой мал өвчнөөр хорогдож, өмнөх оны мөн үеэс 4.9 мянган толгойгоор буурчээ. Хорогдсон нийт том малын 12.7 хувь нь чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах,
өлдөх, осгох зэрэг шалтгаанаар хорогдсон бол 85.2 хувь нь аюулт үзэгдлээр, 2.1 хувь нь
өвчнөөр хорогдсоныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Энэ өвөл нийт нутгийн гурван хувь нь зудын нэн өндөр эрсдэлтэй байгаа бол 22 хувьд
их, 21 хувьд дунд зэрэг, 26 хувьд бага, 28 хувьд маш бага хүндрэлтэй байхыг Улсын
онцгой комисс анхааруулж байна. Тухайлбал: Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул
аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим суманд
гантай болон гандуу, бэлчээрийн ургамлын гарц тааруу байсан, өвөлжилт, хаваржилт
хүндрэх эрсдэлтэй байгаа тул өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эртнээс хангах,
нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатайг онцолж байна.
Түүнчлэн 2025-2026 оны өвөл, хавар хүндрэх эрсдэлтэй учраас малчдыг малаа эдийн
засгийн эргэлтэд оруулахыг анхааруулж буй. Урьдчилсан байдлаар 10 сая гаруй тоо
толгой мал зах зээлд борлуулж дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортлох
зохицуулалт хийж байгаа аж. Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 62.4 сая толгой мал
өвөлжинө гэж тооцоолжээ.
Харин оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд төл бойжилт өмнөх оны мөн
үеэс 23.3 хувиар өссөн байна. 2024 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 26.7 сая хээлтэгч малын 21.4 сая буюу 80.1 хувь нь төллөөд байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.Тухайлбал: эм хонины 83.4 хувь буюу 9.9 сая, эм ямааны 80.2 хувь буюу 8.6 сая, ингэний 47.1 хувь буюу 87.6 мянга, 72.1 хувь буюу үнээний 1.5 сая, гүүний 69.7 хувь буюу 1.2 сая нь төллөөд байгаа аж.
2023, 2024 онд буураад байсан төл бойжилт эргэн хоёр жилийн өмнөх үзүүлэлт рүү
дөхөж, 98.4 хувь хүрчээ. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 5.6 саяар буюу 35.9
хувиар саяар өсжээ.